Ирэх сарын эхний арван өдөр технологийн салбарт тун ч онцлох өдрүүд болох нь. Samsung компани энэ ням гаригт “Unpacked 2015”-аа зохион байгуулах бол Барселон хотноо ирэх даваа гаригаас эхлэн гурван өдөр “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” болно.
Тэгвэл Apple компани ч гуравдугаар сарын 9-ний өдөр Сан Франциско хотноо шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар зэхэж байна. Компанийн өнгөрсөн оны ашиг орлогын тухай мэдээлэл гарах үеэр Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк дөрөвдүгээр сараас Apple Watch-ыг худалдаанд гаргана гэсэн билээ.
Тэгэхээр гуравдугаар сарын 9-ний өдөр “Apple Watch”-ын том арга хэмжээ болж болно. Түүнчлэн өөр хэд хэдэн зүйлсийг танилцуулах байх. Жишээ нь энэ сарын эхээр “Macbook Air”-ын жижиг загвар тун удахгүй худалдаанд гарч магадгүй гэж Appleinsider мэдээлж байв.
Үүнээс гадна 12 инчийн Ретина дэлгэцтэй Macbook Air-ийн шинэ загвар ч мөн яригдаж байгаа. Эсвэл бүр 12,9 инчийн “iPad Pro”-г ч компани танилцуулж магадгүй. Удаан хугацааны турш яригдсан том хэмжээтэй iPad-ыг энэ зун гэхэд худалдаанд гарна гэж таамаглаж байгаа.