Л.Банзрагч: “Бид гурав салсан”

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Л.Банзрагч: “Бид гурав салсан”

СТА дуучин Л.Банзрагч Сар шинийн өмнөхөн Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Түүнтэй хэдхэн хором ярилцлаа.

-Юуны өмнө төрийн дээд шагналаар шагнагдсанд баяр хүргэе. Морь жил од хийморьтой байлаа?

-Баярлалаа. Сайхан жил улиран одлоо гэж их билэгшээж байгаа. Манай гэр бүл морин жилд охинтой болсон. Хүүгээ дүүтэй болсонд, хүсэн хүлээсэн охиноо  тэвэрсэндээ манай гэр бүл хязгааргүй их баяртай байгаа. Хүнд хүнээс илүү дээдийн зүйл байхгүй шүү дээ. Морин жилийн сүүлээр төрийн дээд одонгоор энгэрээ мялаалаа. Булган сүүлтэй байгаасай гэж хүсэж байгаа.

Би 1996 онд Увс аймгийн театрт уран бүтээлч болж байснаас хойш 19 жил болж явна. Энэ хоолой хэд хүртэл дуул гэхнүү, тэр болтол уран бүтээлээ туурвиад явах санаатай.

-Морин жилд аялан тоглолт хийсэн үү?

-Дуучин Д.Бурмаа, А.Мөнхбат бид гурав “Миний ардын сэтгэл цагаан” тоглолтоо толилуулсан. Америкт ажиллаж амьдардаг монголчууддаа бас сонирхуулсан. Би сая цагаан сарын өмнө Архангай аймгийн бүх сумаар аялан тоглолт хийгээд ирсэн. Одоо 3 сарын 8-ны VIP тоглолтондоо бэлтгэж байна.

-Та гурав дахин хамтрахгүй гэсэн, үнэн үү?

-Ирээдүйд хамтарсан уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй. Эр хүний замын хүзүү урт гэдэг шиг. Харин одоогоор бол тус тусдаа уран бүтээлээ хийгээд явья гээд салцгаасан. Бид 2012 оноос хойш хамтарсан уран бүтээл хийлээ. Бараг бүх аймгаар аялан тоглосон байх. “Алтан үеийн аялгуу үргэлжилсээр”, “Үргэлжлэл…”, “Миний ардын сэтгэл цагаан” зэрэг тоглолтуудыг тавьсан.

-3 сарын 8-нд хаана VIP тоглолтоо хийх гэж байгаа вэ?

-Мартын-8-ны тохиолдуулан “Чингис” зочид буудалд VIP тоглолт хийх гэж байна. Зохиолын дууны нэгэн хэвшмэл, нэг нь дуулдаг, нөгөө нь сууж сонсдог байдлыг эвдэхийг хүссэн   юм. Идээ, ундаантай, дуу хууртай, бүжиг танцтай сайхан үдэш болно. Хайртай ээж, хайрт ханиа, хайртай бүсгүйгээ баярлуулаарай гэж хэлэх байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж