Г.Оюунгэрэлийн сонголт

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Г.Оюунгэрэлийн сонголт

Цуутай моделиудын нэг Г.Оюунгэрэл нэгэн үе Монголын дээдсийн таалдаг бүсгүй хэмээх гуншин зүүх болсон нь “Эко”-гийн С.Нямдаваагаас салж, экс ерөнхий сайд С.Баяртай нэр холбогдсоноос үүдсэн хэрэг байв. Цагтаа Азийн хатан хааны титмийг зүүчихээд эх орондоо ирэхдээ ноён С.Нямдаваагаас час улаан өнгийн “Инфинити” гардаж байсан энэ залуу авхай дээрх дуулианыг батлах мэт “Монросцветмэт”-ээр овоглодог эрхэм гишүүн Б.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай гал халуун хайрын түүхийг тив дамнан хэлхсэн шиг өнгөрүүлж байна. Англид суралцаж буй Б.Бадрах, Сөүлд загвар өмсөхийн зэрэгцээ мөн л эрдэм номд шамдаж буй Г.Оюунгэрэл хоёр өнгөрсөн шинэ жилээр эх орондоо болзоо тогтоож, хамтдаа баяраа тэмдэглэж байлаа. Насаар сүйт залуугаасаа эгчмэд боловч залуу ноён Б.Бадрах Азийн хатан хаанд ёстой хошуу дэвсэж, жентельмэн загнадаг нь алхам тутмаас нь мэдрэгдэх юм билээ. Хэвлэлүүд элдэв бусаар хэлэх тусам тэргүүн дээгүүр харц шидлэн алхдаг Азийн хатан хаан юм үзэж нүд тайлсан, ном уншиж тархи задарсан болохоо хаа ч харуулж чаддаг часхийсэн бүсгүй. Хэлж ярихаа хүртэл хэнээр ч заалгахгүй, хэр баргийн юманд барьц алдахгүй тэрбээр энэ удаад эцсийн сонголтоо хийсэн бололтой. Нэгэнтээ ирээдүйн нөхөртөө тавих шаардлагаа уртаас урт жагсаалт гаргаад биччихсэн байгаа хэмээж байсан Г.Оюунгэрэлийн хатуу шалгуур, өндөр босгыг Б.Бадамсүрэн гишүүний хүү хангасан бололтой. Нэгэн цагт хар тамхины хэрэгт холбогдож эцгийнхээ нэр, нүүрийг барж явсан ах Б.Бүрэнжаргалаасаа тэс өөр ааш араншинтай, боловсон, чамбай залуу гэдгийг Б.Бадрахын найз нөхөд, ойр дотныхон нь нотолцгоодог. Хосууд тун удахгүй хөлгүй хуримын зар дуулгана хэмээн дээдсийн хүрээнийхэн жиг жуг хийж байна. Нэгэнтээ Монголын тод өв залгамжлагчдын нэгээр тодорч байсан Г.Оюунгэрэлийн ээж Чимэдцэрэн хэмээх жаатай эмэгтэй бий. Социализмын үеийн оёдлын томоохон үйлдвэрийн нэг “Тахь Ко”-г хэсэг бизнесмэнүүдтэй хамтран хувьчилж авсан нь багагүй хэл таталж байсан түүхтэй. Гэвч ялалт Чимэдцэрэн хатагтайн талд шийдэгдэж өдгөө тус обьектод “Тэди” төв үйл ажиллагаагаа явуулж буй. Бизнес сэтгэлгээ өндөртэй шаггүй сүйхээтэй тэрбээр ганц охиндоо “Тахь Ко” компаниа өв залгамжлуулж, дээрх дуулиан дэгдэж байсан билээ. Тиймдээ ч Азийн хатан хаан толгой дээгүүр эрхэмсэг алхдаг нь аргагүй. Харин загвар өмсөгчийн хувьд топын хэмжээнд аль хэдийнэ хүрсэн Г.Оюунгэрэл жилий жилд тэр өргөмжлөлийг хүртэж чаддаггүй нь Дизайнеруудын холбоог удирддаг ноёдод тал засдаггүй, шулуун шударга зантай нь холбоотой гэдэг нь үнэнд хамгийн ойр дүгнэлт биз. Хэзээнээс эр чадлаараа бус элдэв арга сүвэгчилж эм хүйстнийхээ давуу талаар түрий барьсан нь Топ модель хэмээх инээдтэй ч гэмээр үнэ цэнээ алдсан өргөмжлөлийг авдаг болоод удаж буй. Монголын загварын тайз Г.Оюунгэрэлд зөвхөн өөрийгөө байгаа гэж мэдрүүлэх төдий хэрэгсэл болдог ч байж мэдэх юм. Уг нь тэр Монгол байтугай Азийн дэвжээнд хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгч.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж