“Мираи” буюу “Ирээдүй” гэдэг үг орсон гурван байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

“Мираи” буюу “Ирээдүй” гэдэг үг орсон гурван байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.26/ Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагууд бараалхав.

Монгол, Япон Улсуудын хооронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй долоон нийгэмлэг /бүлэг, хороо/-ийн удирдлага УИХ-ын дарга З.Энхболдыг Япон Улсад албан ёсны айлчлал хийх хугацаандаа найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж буйд талархаж буйгаа илэрхийлэв.

Уулзалтад Япон, Монголын найрамдлын үйл ажиллагаа явуулдаг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон, Монголын нийгэмлэг, Япон, Монголын эмэгтэйчүүдийн соёлын харилцааны "Солонго" нийгэмлэг, Япон, Монголын эдийн засгийн хороодын удирдлагууд хүрэлцэн ирсэн болохыг УИХ-ын даргад танилцуулав.

УИХ-ын дарга З.Энхболд Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудад хандан "Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирлага Та бүхэнтэй уулзаж буйдаа баяртай байна. Өнөөдөр би айлчлалынхаа хүрээнд гурван “Мираи” буюу “Ирээдүй” гэдэг үг орсон байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Гурван байгууллага гурвуулаа “Мираи” буюу “Ирээдүй” гэдэг үг орсон байна гэж төлөвлөөгүй ч ингэж таарсан байна. Эхнийх нь “Мираи” со.,Ltd хүлэмжийн аж ахуй, хоёр дахь нь “Мираи” устөрөгчийн машин, гурав дахь нь “Мираикан” буюу “Шинжлэх ухааны ирээдүй”-н ордон байлаа гэсэн юм. Түүнчлэн тэрээр "Та бүхэн хоёр орны  харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлдэг. Найрамдлын нийгэмлэгүүдийн хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Монгол, Японы харилцаа өргөжин бэхжиж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмын дагуу хөгжиж байгаад баяртай байна" гэдгийг онцлов.

Мөн Монгол Улс Япон Улстай соёл, боловсрол, иргэд хоорондын харилцааг улам гүнгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэйг УИХ-ын дарга тэмдэглээд инженер, техникийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж дэмжлэг авч ажиллах сонирхолтой байна. Манай улсын хувьд Япон Улсад 1000 инженер техникийн ажилтан сургахаар болсон. Манай улсад инженер мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй байгаа төдийгүй Улаанбаатар хотноо байдаг МСҮТ-ийг төгссөн оюутнуудын 80 хувь нь ажлын байраар хангагдаж байгаа тухай дуулгалаа.  

Саяхан хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хувийн хэвшлийн харилцааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж,  улмаар хүн солилцоо, соёл боловсролын харилцааг урагшлуулахад чухал түлхэц болно гэдгийг онцлоод найрамдлын нийгэмлэгүүдийн гишүүдтэй Монголд уулзахын ерөөл дэвшүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж