Оюутолгойн гацаа, Монголоос өгч байгаа мессеж зэргээс шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт оргил үетэйгээ буюу 2011 онтой харьцуулахад зургаа дахин буурчээ. Энэ уналтад манай эх орончид, популистуудын оруулсан хувь нэмэр их. Гэхдээ тэр талаар дурдаад ч нэмэргүй. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэсэн үг бий.
Эрдэс баялгийн экспорт дээр эдийн засаг нь “амьдардаг” манай улсын хувьд дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт тун чухал. Өнгөрсөн 2014 онд манай орны экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, алт нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан нь хямралын гадаад шалтгаан болов. Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа зэсийн үнэ дэлхийн зах зээлд зогстолгүй уруудаж буйч нэг сайн мэдээ 2015 он гарсаар алтны үнэ эрчим өссөн явдал. Гэхдээ энэ өсөлт түр зуурын үзэгдэл гэдгийг гадаадын шинжээчид тоймложээ.
Алтны үнэ буурах уу?
Энэ асуултад эдийн засагчид магадгүй гэсэн тайлбар хийж байна. Шар алтны үнэд сөргөөр нөлөөлөх хэд хэдэн шалтгаан байгаагийн нэг нь Хятадын эдийн засгийн саармагжилт
Тус улсын эдийн засгийн өсөлт саармагжиж байгаа нь дэлхийн зах зээлдэх алтны үнэд сөргөөр нөлөөлнө хэмээн “Goldman Sachs” үзсэнийг Блүүмбэрг дамжуулжээ. Өнгөрсөн жилийн сүүлээр алтны үнэ 2.4 хувиар өссөн байна. Гэвч энэ өсөлт удаан үргэжлэхгүй бөгөөд өнгөрсөн арванхоёрдугаар сард унци нь 1202.29 доллар болсон алтны үнэ энэ оны хоёрдугаар улирлын үед 1050 хүрч буурах болов уу гэсэн таамаглал байна. Гэхдээ аливаа улсын мөнгөн тэмдэгтийн ар дахь баталгаа болж байдаг утгаараа алтны үнэ уналаа гэхэд зэсийнх шиг өндөр бууралт үзүүлэхгүй гэдгийг гадны хэвлэлүүд онцолжээ.
Өнгөрсөн онд Монголбанк 13 тонн алт төвлөрүүлсэн нь рояльти татварыг нь 2,5 хувь болгосны үр дүн. Өмнөх 13 онд ердөө зургаа тоон хүрэхгүй алт Монголбанкинд тушаагдаж байсан юм. Харин энэ онд урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар зогсинго байдалтай байсан 200 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сэргэж, энэ хэрээр алт тушаалт нэмэгднэ гэсэн хүлээлт байна. Хэрэв алт тушаалт нэмэгдвэл монгол төгрөгийн ханшийн уналтад эерэгээр нөлөөлөх юм.
Зэсийн үнэ 2016 оноос сэргэнэ
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн гол дөрвөн бүтээгдэхүүний экспорт ашигт малтмалын экспортын 86 хувийг эзэлж байна. Үүний 44 хувийг зэсийн экспорт эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг бүрдүүлдэг гол нэрийг бүтээгдэхүүний хувьд дэлхийн зах зээлд зэсийн ханш ямар байхаас манай улсын орлого ч хамаардаг. Өнгөрсөн оноос эхлэн үргэжилсэн уналжт үзүүлж, Лондонгийн металлын бирж дээр жилийнхээ доод түвшинд хүртлээ доошилсон зэсийн үнэ хоёрдугаар сарын 25-ны байдлаар нэг тонн нь 5710 доллар байв.
Монголын экспортын ганц том зах зээл, зэсийн гол худалдан авагч Хятадын үйлдвэрлэлийн салбар хумигдаж, үүнээс болоод зэсийн ханш сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшиндээ хүртэл буугаад байна. Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 40 хувь нь Хятадад ногддог юм.
Тус улсын үйлдвэрлэлийн салбарын индекс сүүлийн гурван сар дараалан буурч 50.1 нэгжид хүрсэн талаар АМГ-ын ажилтан Д.Есөнтөмөр дэлхийн зах зээл дэх эрдэс баялгийн үнэ ханшийн талаарх судалгаандаа дурджээ. Зэсийн ханш энэ онд өсөх найдлага тун бага, дэлхийн зах зээлд хойтонгоос эхлээд өсөх болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Гэхдээ нэг таатай мэдээ нь Далд уурхайн санхүүжилтын асуудлаас болоод монголчуудтай хэл амаа ололцохгүй байгаа “Оюутолгой”-гоос Японы гурав дахь зэс үйлдвэрлэгч “Мицубиши” групп бүтээгдэхүүн нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар ажиллаж буйг “Блүүмбэрг”-ээр дамжуулан тус компанийн ерөнхий менежер нь мэдээлжээ. Тус компани жилдээ нэг сая орчим тонн баяжмал импортлодог бөгөөд 70 хувийг нь Өмнөд Африкаас авдаг гэнэ.
Оюутолгой компанийн хувьд 2013 оны долдугаар сараас зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн юм. Тус компани хонь жилийн босгон дээр нэг сая тонн баяжмалаа экспортолсон амжилтаа компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй онцолсон юм. Японы “Мицубиши” группын хувьд зэсийн нийлүүлэгчийнхээ тоог нэмэх, үүний тулд Оюутолгойтой гэрээлснээр тус үйлдвэрийн агууламж өндөртэй баяжмалыг ОХУ-ын Владивосток боомтод хүргэн, дараа нь далайгаар Японруу тээвэрлэхээр төлөвлөсөн бололтой. Монголоос зэс худалдаж авахад 30 хоног зарцуулдаг бол Өмнөд Африкаас зэс импортлоход 340 хоног, тиймээс тээвэрлэлт болон зардал, мөнгө хугацааны хувьд ч манай улсаас зэс худалдаж авах нь япончуудад ашигтай байх юм.
Монголын нүүрс 35-40 ам.долларын үнэтэй
Хоёр жилийн өмнө эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн гол шалтгаан бол нүүрсний экспорт. Жилдээ 21 сая тонн нүүрс экспортолж, төсвийн орлогын 40 хувийг энэ ашигт малтмал бүрдүүлж байсан бол өнөөдөр нүүрсний уурхайнуудын ихэнх нь тэг зогсолт хийжээ. Дэлхийн зах зээлийн үнэ гэхээсээ Монгол Улс нүүрсээ жишиг үнээр борлуулдаг. Нэг тонн нүүрсээ 35-40 доллараар үнэлж байгаа ч, одоогоор маш бага хэмжээний нүүрс л экспортод гарч байгаа юм байна.
Цаашдаа Монголын нүүрсний өрсөлдөх чадвар сайжрах эсэх нь Тавантолгойн төслөөс шалтгаалж байгаа юм. Хэрэв энэ төсөл урагшилбал, нүүрсний салбар өөдөлж магадгүй гэх хүлээлт их. Эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээлд сэргэж чадвал эдийн засгийн хямрал илааширах нэг гадаад шалтгаан нь болох юм.
Ж.ЭРХЭС