Хуучирсан мэдээ: 2015.02.27-нд нийтлэгдсэн

Яагаад уучлав?

– Монголын шорон бизнес эрхлэгчдээр ч дүүрч мэдэх нь. Хэрэвзээ тэгвэл хэн татвар төлж, улсын төсвийг хэн бүрдүүлж, тэжээгчээ алдсан төрийг хэн тэжээх вэ? –

Монгол Улсад “х” дансгүй аж ахуйн нэгж олоод ир гэвэл үнэхээр бэрх. Хэрэвзээ ашигтай ажилласан тайлан гаргаж, орлого ашгаа үнэн зөвөөр тайлагнавал тэр нь компанийхаа хойдохыг өөрөө уншсантай адил гаж хууль үйлчилдэг. Өнөөдөр Монголд хэнийг ч ялих, шалихгүй ялаа шиг зөрчлийг нь зааны дайнд аваачаад эзнийг нь хорьж, эзгүйд нь компанийг нь төрийн нэрийн өмнөөс дампууруулан завших “цааз”-ын гэмээр үйлдэл газар авсан. Бүтээгчдээ гадна, дотных гэлтгүй хардаж, юу ч хийхгүй хэрнээ зам дээр нь хөндөлсөн завсар зайгүй балбадгаас хөрөнгө оруулагчид манайхаас дайжсан. Одоо хэр нь тэднийг буцааж авчирах гээд гоё, сайхан үгээр даллаад даллаад нэмэр алга.

Хамгийн сүүлд л гэхэд  “Саусгоби сэндс” ХХК-ийн захирал АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарыг татварын хэргээр барьж хорьсон. Хачирхалтай нь, Жастин Каплагийн хэргийг шүүх хурлын эхний өдөр улсын яллагч нь торгох саналтай орчихоод маргааш нь хорих санал болгочихсон. Ийм хууль үйлчилдэг. Татвар төлөөгүй, татвар төлөхөөс оргон зайлсан нөхдүүдийг төлүүлэх бус барьж хорих, яллах бодлого өнөөгийн манай хуулийн амин сүнс нь.

Энэ нь гадныхныг “Монголчууд хөрөнгө оруулалт хийсэн хүнийг хорьдог” гэх муухай тодотголоор биднийг харахад хүргэсэн нь үнэн. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг байж дээрх хүмүүст уучлал үзүүллээ. Тэрээр энэ талаарх байр сууриа илэрхийлэн “УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай” хэмээн жиргэсэн байлаа.

Улсынхаа нэр нүүрийг бодвол үүнээс өөр зам байсангүй. Гэхдээ “уучлал” гэдэг бол өршөөл биш. Цагаатгал бүр ч биш. Уучлал гэдэг нь гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсон, өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрч уучлахыг хүссэн өргөдлөө гаргасан хүнд үйлчилдэг Ерөнхийлөгчийн шийдвэр. Харин өршөөл бол уучлалаас ялгаатай нь УИХ-аас хууль батлан хэрэгжүүлдэг шийдвэр. Харин цагаатгал бол гэм буруугүй нь нотлогдсон иргэнд үзүүлдэг шийдвэр.

Тиймээс хорих ялаас нь чөлөөлж байгаа болохоос татварын хохирлыг нь хүчингүй болгочихоогүй. Мэдээж улсад учруулсан хохирлыг нь барагдуулах нь зайлшгүй. Харин үүнийг тэрбумаар тоологдох татварын мөнгийг нь авалгүйгээр суллачихлаа гэж ташаарах нь их аж.

Тэгвэл гадны хөрөнгө оруулагчдаас гадна 780 орчим компанийг татвараас зайлсхийсэн нэрийдлээр хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна. Магадгүй өнөөдрийн мөрдөж буй хуулиараа бол тэдгээрээс цөөнгүй нь хорих ял авахыг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл улс зайлсхийлгүүлсэн татварын мөнгөө олж авч чадахгүй. Тиймээс л юу юуны духанд хүрэлгүй барьж хориод байхаас илүүтэй хохирлыг барагдуулах хуулийн зохицуулалтыг яаралтай хийх нь хамгаас чухал. Яах вэ, энэ удаад Ерөнхийлөгч гадаадад унасан нэр хүндээ шавартай хутгалдчихаас нь өмнө ийнхүү өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэлээ. Харин дараа дараагийн удаад яах вэ?

Ерөнхийлөгч жилд ойролцоогоор 15-20 хүнд уучлал үзүүлдэг гэж  Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлж байна.

Ц.Нямдоржийн үед баталсан хохирлыг барагдуулах бус яллах бодлоготой Эрүүгийн хуулиас хохирлыг барагдуулж, яллахаас татгалзах чиглэл рүү хууль эрх зүйгээ чиглүүлэхгүй бол тун удахгүй Монголын шорон бизнес эрхлэгчдээр ч дүүрч мэдэх нь. Хэрэвзээ тэгвэл хэн татвар төлж, улсын төсвийг хэн бүрдүүлж, тэжээгчээ алдсан төрийг хэн тэжээх вэ? Бодох л хэрэгтэй.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн шийдвэр нүдээ оносон ч үүнээс сургамж авч, гадны хөрөнгө оруулалтыг татъя л гэвэл хууль эрх зүйн орчноо сайжруулах л хэрэгтэй болов уу?

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж