Турк улсад саяхан 20 настай оюутан бүсгүй хүчирхийллийн золиос болон амиа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийн үйлдсэн автобусны жолооч залууд аав нь бас өөр нэг хүний хамт туслан бүсгүйн цогцсыг голд хаясан байна. Цагдаагийнхан гэмт хэрэгтэнг хоёр өдрийн дараа баривчилсан бөгөөд хэргийг үйлдсэн автобусны жолооч “Бүсгүй гадаад төрх байдлаараа намайг өдөөн турхирснаас болсон” гэж мэдүүлсэн байна.
Энэ хэргийн талаар хэвлэлүүд мэдээлсний дараа Турк улсад охид эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах аян өрнөж, турк эрчүүд мини юбка өмсөн аянд нэгдэж байна. “Хэрвээ мини юбка буруутай юм бол, бид ч гэсэн мини юбка өмсөж байна” гэсэн уриаг амиа алдсан оюутан Озгеджан Асланы зурагтай хамт барьсан эрчүүд жагсаалд оролцож байна. Түүнчлэн цахим ертөнц, нийгмийн сүлжээгээр эрчүүд мини юбкитэй зургаа тавьж, эмэгтэйчүүдийг хамгаалах тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийлж байна. Энэ нь нийгмийн сүлжээгээр “Озгеджаны төлөө мини юбки өмсөе” гэдэг хөдөлгөөн болтлоо өргөжиж байгааг хэвлэлүүд мэдээлсэн байна.
Турк улсад жилд дунджаар 300 гаруй охид эмэгтэйчүүд эрчүүдийн гарт амиа алддаг байна. Озгеджаны төлөө мини юбки өмсөн охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах аянд оролцогчид хууль, бас төрийн бодлогоо эргэж харахыг төр, засгаасаа шаарджээ.
Н.ЦЭНДСҮРЭН