Монголын толгой баячуудын нэгд зүй ёсоор тооцогддог “Гацуурт”-ын Л.Чинбат хэмээх эрхмийг таньж, мэдэхгүй хүн ховор. Одоогоос хэдэн жилийн өмнө “Алтан сарнай” наадмын шилдэг эдийн засагчаар тодорч тэрбээр анхлан олны хараанд өртөж байв. Дараахан нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хийсэн Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно” кинонд 800 сая төгрөг өгсөн нь энэ эрхмийн зөв бодол, нүнжиг юуг илтгэдэг гэж болно. Бизнесийнхээ хажуугаар ноён Л.Чинбат Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж эл спортыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж хөрөнгө мөнгө харамгүй зардаг. Ер нь түүнийг таньж мэдэх хүмүүс нь спортод элэгтэй, эх оронч үзэлтэй, өгвөл өгсөн шиг өгчихдөг эр хэмээн ам сайтай байдаг юм билээ. Тэрбээр Дархан аварга Х.Баянмөнхтэй ойр шадар байдаг бөгөөд А.Сүхбат аваргатай бизнесийн сайн түншүүд юм. Харин саяхнаас батлагдсан голын урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулиас болж Л.Чинбат ноёнтон сонин хэвлэлд том том ярилцлага өгч амьдралаас хол тасархай хууль гаргасныг төр засгийнханд хаяглаж мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалж жинхэнэ ил гарч ирлээ. Ажлын шаардлагаар л ингэж олны өмнө ил гарч байгаа болохоос үнэндээ түүнийг нууцлаг байх дуртай эрхэм гэдэг. Түүний гэргийг гэхэд л урьд өмнө нь олны өмнө гарч байсангүй. Бид харин анх удаа танд тэрхүү нууцлаг эзэгтэй танилцуулж байна. Хүүхдүүдээ амьдралын ухаантай, даруу төлөв өсгөж хүмүүжүүлсэн энэ хатагтай эр нөхрийнхөө найдвартай ар тал, амжилтынх нь тал хувийг нуруун дээрээ үүрч явдаг чамбай бүсгүй.
Эх сурвалж: “Гранд” сэтгүүл