Алтан-Хөхий уулын хишиг барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Алтан-Хөхий уулын хишиг барилдаан болов

Ховд аймгийн Үндэсний бөхийн холбооноос санаачлан харьяа сумдын ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран Алтанхөхий, Цамбагарав, Жаргалант, Сутай хайрхан, домогт Байтаг богд уулын хишиг барилдаануудыг зохион байгуулахаар төлөвлөн явуулдаг. Уг төлөвөлөгөөний дагуу хоёрдугаар сарын 24-нд Ховд аймгийн Биеийн тамир спортын ордонд Алтан-Хөхий уулын хишиг барилдааныг Мянгад сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн спорт хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү барилдаанд улсын харцага Г.Алтангэрэл,  аймгийн арслан Б.Батмөнх нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас Мянгад сумын харьяат бөхчүүд түрүү булаалдаж их шөвөгт шалгарснаас Аймгийн арслан Нямпүрэвийн Батсайхан түрүүлж, улсын харцага Ганбатын Алтангэрэл үзүүрлэж, аймгийн заан Д.Уламбаяр, Чандмань сумын уугуул, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нар шөвгөрлөө.

Барилдаан эхлэхийн өмнө Мянгад сумын  уугуул иргэдийн сар шинийн золголт өргөн дэлгэр болов. Мөн Мянгад сумын удирдлагууд, нутгийн зөвлөлөөс тус сумдаас төрөн гарсан улс, аймаг, сумын цолтой ахмад бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулсан юм.

Энэхүү барилдааныг Аймгийн Үндэсний бөхийн холбооны жаяг дэгийн баг болох Хүндэт гарын даа Б.Шоовдой, Ахлах гарын даа Б.Сандагсүрэн, н.Мягмарцог, гарын даа С.Загдсүрэн, Бөхийн тайлбарлагчаар Г.Пүрэвганди, хөлийн цэцээр Аймгийн Арслан Б.Батмөнх, засуулаар цолчин засуул Н.Ихбаяр, Лхагвасүрэн, засуул Н.Сүхбаатар, Батжаргал нар ажиллаж амжилттай зохион байгууллаа.

Энэ барилдааны бас нэгэн өвөрмөц арга хэмжээ бол хурдан удмын дааганы супер шагналтай азтай үзэгч шалгаруулах сугалааны тохирол байсан юм. Нийт 33 азтанг тодруулсан бөгөөд Мянгад сумын бизнесмен хүмүүс тус тусын бэлгээ азтануудад гардуулан өгсөн. Супер шагнал болох эр хонины азтанаар Ховд сумын харьяат, сумын начин н.Алыплам, Мянгад сумын уугуул бизнесмен н.Уранчимэг нар, Хурдан удмын дааганы азтанаар Дөргөн сумын уугуул, 12 жилийн сургуулийн сурагч Бат-Очир нар шалгарлаа.

С.Загдсүрэн

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж