Их аварга Асашёорюүгийн хадам ээж, хатагтай С.Эрдэнэчимэгийг танихгүй хүн ховор. Аль зах зээлийн нийгмийн эхэн үед ганзагын наймаа хийхээс авахуулаад амьдралаа хөл дээр нь босгосон энэ хатагтай цэцэг цэврүү шиг хоёр охиноо хэнээс ч дутахгүй боловсрол, мэдлэгтэй өсгөсөн нь хороололдоо гайхагдсан хөөрхөн охид байсан гэдэг. Тэрсхэн хоёр охиноосоо ялгарахгүй шахам толиотой, овор багатай С.Эрдэнэчимэг хатагтайн гоо сайхны нууцыг нь асууж чих тавих бүсгүйчүүд олон байдаг. Охидынхоо ааваас өрх тусгаарлаж дуучин Гантулгатай амьдрах болсон нь олон хүний сонирхож, сонжих харцыг энэ хатагтай дээр авчирдаг нь нууц биш. Охидынхоо ааваас өрх тусгаарлахдаа гэрээсээ сэтэрхий тэвнэ ч авч гараагүй гэдэг тэрбээр хоёр дахь амьдралаа төвхнүүлэх гэж дуучин залуутай хамтран эрвийх, дэрвийхээрээ зүтгэж явна. Таван жилийн өмнө Японы дээдсийн хэрэглэдэг “Pola” фирмийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн нь овоо ашгаа өгч манай дээдсийн хатагтай нар гэр бүлээрээ шахуу ордны ардах эдний салоноос салахаа байсан. С.Эрдэнэчимэг хатагтай ч гоо сайхны нууцаа “Pola”-г тогтмол хэрэглэснийх хэмээн тайлбарладаг юм билээ. Чамгүй үнэтэй, эрхэм дээдсийн зэрэг зиндааг илтгэх “Pola”-гийн бүтээгдэхүүнийг үзэсгэлэнт охид нь ч үнэнчээр хэрэглэдэг бөгөөд бизнесмэн хатагтай энэ удаад Америкийн эрүүлжүүлэх өндөр чанарын бүтээгдэхүүн оруулж ирэхээр судалж байгаа гэнэ. Дуучин Гантулгын тухайд ч ойрын үед уран бүтээлээсээ хөндийрсөн нь шоу бизнес болоод шинэ тутам эхлүүлсэн барилгын бизнестээ санаа тавиад тун ч завгүй яваа аж. Солонгосын бизнесмэнүүдтэй хамтран барилгын салбарт хүч үзэж буй дуучин угийн чамбай, бизнес сэтгэлгээтэй С.Эрдэнэчимэг хатагтайтай амьдраад өнгө зүс нэмж, амьдрал ахуй нь өөдөлж дэвжиж байгаа хэмээн ойр дотныхон нь ам сайтай байдаг юм билээ. Шоу бизнестээ сүрхий гаршаад буй дуучин эр жил бүр арванхоёрдугаар сарын сүүлээр шинэ жилийн цэнгүүн зохион байгуулдаг бөгөөд 70, 80-аад оны дуунуудыг амьдаар дуулдаг эл шоунд их аваргын хадам ээжийн хүрээнийхэн ч олноор очиж шинэ жилээ нижгэр угтдаг уламжлалтай юм байна.
Эх сурвалж: “Гранд” сэтгүүл