Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн гурван чиглэлийн хүрээнд хэрэгждэг байна.
Тус хөтөлбөрийн I үе шат 2012 оны аравдугаар сараас 2014 оны долдугаар сар хүртэл амжилттай хэрэгжжээ. Энэ үед хөтөлбөрийг хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яам хэрэгжүүлсэн бол II үе шатыг Аж үйлдвэрийн яам гардаж хэрэгжүүлэх юм.
Гарын үсэг зурах ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, GIZ хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Ульрике Эбелинг, тус хөтөлбөрийн захирал ДР.Штефан Ханселманн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
ЭТИС хөтөлбөр нь Монгол Улсын уул уурхайд түшиглэсэн үндэсний их бүтээн байгуулалтыг дэмжин ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход оршино. Тус хөтөлбөр нь өнгөрсөн 2011-2014 онд ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Мэркэлийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж. Мөн эдийн засгийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, Япон улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулах багийг чадавхижуулах, төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хийхэд хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Монгол Улсын төмөрлөгийн салбарын судалгаа хийхэд чиглэж үйл ажиллагаа явуулж иржээ.
МонголУлс болон ХБНГУ-ын Засгийн газар энэхүү хөтөлбөрийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцон 2014 оны есдүгээр сарын 5-нд гарын үсэг зуран баталгаажуулсан юм. Аж үйлдвэрийн яам нь ЭТИС хөтөлбөрийг хамгийн үр өгөөжтэй хэрэгжүүлж болох яам бөгөөд олон сэдэв, чиглэлээр хамтарч болох саналаа мөн хүргүүлсэн байна.
Г.НАРАН