Аюулгүй байдал хангасан ажилтныг урамшуулна

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Аюулгүй байдал хангасан ажилтныг урамшуулна

Уул уурхайн яам, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогчдын төлөөлөл хамтран өнөөдөр хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн гол агуулга нь геологи, уул уурхайн салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалахад чиглэж байгаа юм. Энэ талаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгээс тодрууллаа. 

-Гурван талт хэлэлцээрт тусгасан асуудлыг тодруулахгүй юу?

-Энэхүү хамтын хэлэлцээрт геологи, уул уурхайн салбарын ажилчдын цалин хөлс, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлууд зэрэг салбарын ажиллагсдын өмнө тулгамдсан олон асуудлыг тусгалаа. Хамгийн чухал нь, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарна. Тухайлбал, энэ хэлэлцээрт туссан нэг асуудал нь үйдвэрлэлийн осол гаргаагүй аж ахуйн нэгж, байгууллага эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг үлгэр жишээ зохион байгуулсан ажилтныг урамшуулах журмыг гаргаж ажиллана. 

Мөн манай яам болон салбар агентлагын бүтцэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тоо бий болгож байна. Осол гэмтлийг мэдээлэх, учир шалтгааныг нь олж тогтоох, мэргэжлийн сургалтанд хамруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох тогтолцоо, нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой болж байгаа юм. 

-Салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, цалин хөлсний талаар ямар тодорхой асуудлууд тусгагдсан бэ?
 

-Хэлэлцээрт салбарын ажиллагсдын цалин хөлсийг инфляцийн түвшин, хэрэглээний үнэ, тарифын өсөлт зэргийг харгалзан үндсэн цалинг нэмэгдүүлж байх асуудлыг аж ахуйн нэгж байгууллагууд хамтын гэрээгээр зохицуулахаар тохирсон.  Мөн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж уул уурхайн салбарын  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 384,000 төгрөгөөр тогтоохоор өмнөх хэлэлцээрээр тохирсоныг үргэлжлүүлэн мөрдөх юм.

Нөгөө талаас энэ хэлэлцээрийн заалтуудыг биелүүлэх эдийн засгийн үндэс нь шууд утгаараа ажил олгогчдын санхүүгийн чадавхи байдаг. Иймээс салбарын аж ахуйн нэгжүүд орлого, ашгаа нэмэгдүүлэх, тэр хэрээрээ ажилчдын нийгмийн хангамжийг дээшлүүлэхэд манай яам болон манай салбарын ҮЭ-ийн холбоо, мэргэжлийн холбоод хамтран ажиллана.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж