–ОУХМ Т.Энхжаргал Азийн АШТ-ээс гурван жил дараалан медаль хүртлээ–
Дугуйн залуучуудын 22, насанд хүрэгчдийн 35 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-17-нд Тайландын Нахонратчасима хотод болжээ.
Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, ОУХМ Т.Даваатогтох, С.Сүхбаатар нарын удирдлагад есөн тамирчин оролцлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн элит ангилалын цуваа гараатай 32.7 км-ын зайд ОУХМ Т.Энхжаргал 47.37.65 минутын амжилтаар хүрэл медаль хүртжээ. Энэ зайд БНСУ-ын Ан На Рум, Японы Маюүко Хагивара нар алт, мөнгөн медаль авсан байна.
Ийнхүү Т.Энхжаргал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртэж байна. Тэрээр 2013 онд Энэтхэгт болсон Азийн АШТ-ээс цуваа гараатай 28 км-ын зайд алтан медаль хүртэж, манай түүхэн дэх дугуйн тивийн анхны аваргын алтан медалийг авч байсан юм. Харин 2014, 2015 онуудад дараалан хүрэл медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн “Хүч” спорт хорооны тамирчин Э.Алтан-Очир ОУХМ цолны болзол хангажээ. Мөн өсвөр үеийнхний бөөн гарааны ангилалд Сүхбаатар аймгийн тамирчин Тэгшбаяр 10, Төгөлдөрбаян 14 байрт орсон бол цуваа гараатай уралдаанд Төгөлдөрбаян VI байр эзэлсэн байна.
Ч.БОЛОР