Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалаа. Энэ ангийн хувьд өнгөрсөн оны төгсгөлд түүхт 90 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлсний дараа жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар хот, хүрээний эмх замбараагүй байдлыг цэгцлэх, үймээн самууныг зохицуулах зорилгоор Ардын журамт цэргийн түр комендант гэгчийг байгуулж, улмаар 1924 онд Нийслэл хүрээний цэргийн комендант байгуулагдсан нь өнөөгийн Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн суурь байжээ. Түүнчлэн 1955 онд энэхүү ангид Хүндэт харуулын тусгай ротыг байгуулж, анхны захирагчаар нь хошууч Ж.Ёндонг томилж байж. Монгол Улсын төрийн болон цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцох, хэв журам сахиулах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Энэ ангийн гол онцлог нь монгол цэргийн сор жавхаа, хийморь цог нь болох төдийгүй бүс нутаг, тив дэлхийн зочид төлөөлөгчдөд эх орны минь нүүр царай болдог билээ. Ц.Цолмон сайдыг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нарын албаныхан ажилласан юм. Ангийн захирагч, хурандаа Л.Батболд 90 жилийн дайчин замналтай ангийнхаа үүх түүхийг товчхон дурдаад, өнөөдөр “Төрийн торгон цэргүүд” маань хэрхэн цэргийн эрдэмд боловсорч, төрийн ёслолд суралцан, төлөвшиж байгаа талаар танилцуулсан. Ангийн захирагчийн хувиас торгон цэргийн хувцасыг өөрчлөх шаардлага тулгарсан байгааг дуулгасан. Мөн торгон цэргүүдийг тээвэрлэх 30 хүний суудалтай автобус хэрэгтэй байгаа, жагсаалын талбайг шинэчилж тохижуулахад туслахыг хүссэн юм.