УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эдийн засгийн хямралыг даван туулах тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдаад удаагүй байна. Энэ төслийн ач холбогдол үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас гарахын тулд макро төвшинд юу хийх ёстой вэ гэдгийг тогтоолд илүү тусгаж өгсөн. Ач холбогдол өндөр гэж харж байгаа. УИХ-ын тогтоолыг Засгийн газар өнөөдрийн /өчигдөр/ хуралдаанаар хэлэлцэж нарийвчилсан төлөвлөгөө гаргана. Засгийн газрын төвшинд хэрэгжүүлэх хугацааг баталж өгнө. Төсвийн тогтвортой байдлыг илүү тусгаж өгсөн. Өнгөрсөн 20 жилд Монгол Улсын төсвийн бодлого мөчлөг дагасан шинж чанартай байсан.
Сайн үед нь хаялга их байдаг, төсөв муу байхаар иргэд нь хохирч байдаг төсвийн бодлого 20 жил явлаа. Одоо мөчлөгийг сөрсөн бодлого явуулах ёстой. Хөгжиж байгаа орнууд ийм бодлогоор явж байна. Монгол Улс орж чадахгүй яваад байна. Тийм учраас эдийн засгийн хүнд нөхцөлд хариуцлагатай байх, төсвийн алдагдлаа таван хувиас хэтрүүлэхгүй байх, зарлага санхүүжилтэй тодорхой болгох, валютын ханшийн өсөлтийг өдөөхгүй байх нь чухал юм.
Орлогын суурь эх үүсвэрийг бий болгох ёстой. Олон улсын жишгийн дагуу татварын рефор хиймээр байгаа юм. Эдийн засаг хүндрэлтэй үед татварын реформ яригддаг. Төр ба татвар төлөгчийн хооронд хэт их хүнд суртал бий болгох заалтуудыг байхгүй болгомоор байна. Зөвхөн Татварын Ерөнхий хууль биш шүүх, цагдаа гээд бүх шатны хуулийг эргэж харах ёстой. Эдийн засгийн асуудлыг эрүүгийн болгочихдог гажиг тогтолцооноос болж маш олон хүний эрх зөрчигдөж байна.
-Тухайлбал?
-Саяхан ял сонссон Жастин Капла нарын хэрэг үүний тод жишээ. 780 гаруй хүн татварын асуудлаас болж эрүүгийн хэрэгтэн болчихсон асуудлыг гишүүд хөндөж байгаа. Тэр утгаараа сая батлагдсан тогтоолын төсөлд хөрөнгө оруулагчдын итгэлийг яаж сэргээх вэ гэдэг заалтыг оруулж өглөө. Энд тэнд очиж хурал хийнэ гэсэн заалт байна лээ. Хамгийн гол нь энэ улсад хуулийн засаглал, хүний эрхийг дээдлэх хүндэлдэг, эрх чөлөөг дээдэлдэг, зорчин явах эрхийг нь хангах талаар ажиллах ёстой юм.
Энэ нь Засгийн газраас гаргасан төлөвлөгөөнд нарийвчлан тусгагдах болов уу. Би олон удаа хэлж байгаа. Монгол Улс “Hotel Mongolia” гэдэг нэр авчихаад байна. “Hotel California” гэдэг дууны ёгт ёж утга энд яваад байгаа юм. Алдартай буудалд хүмүүс олноор буудаг ч тэндээсээ хэзээ ч гарч чаддаггүй гэдэг утгаар л Монголд очсон бол эргэж гарч чадахгүй гэх сурталчилгаа маш эрчтэй тарж байна. Муухай нэрнээсээ салах цаг нь болж. Эдийн засгийн эрх чөлөөг эргэж харах цаг нь болсон.
Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгүй орон гэсэн судалгаа гарчихсан. Тиймээс энэ бүхнийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг УИХ-аас баталсан тогтоолын төсөлд тусгаж өглөө. Уул уурхайн хөрөнгө оруулалт татах, татварын реформ хийхээр боллоо. Эдийн засгийн өршөөлийг ч мөн хослуулж байж үр дүн гарна.
-УИХ хууль хэрэгжүүлэх талд ямар хяналт тавьж байна. Тухайлбал, Эдийн засгийн энэ тогтоолын хэрэгжилтэд ямар байдлаар хяналт тавих вэ?
-Ярих ёстой асуудлын нэг л дээ. УИХ өөрөө хяналт тавих эрхийг эдэлдэг. Гэхдээ хэрэгжүүлж чаддаг уу гэдэг нь ярих асуудал. Би бол дунд зэрэг хэрэгжүүлж байна гэж харж байгаа. УИХ-ын хяналт тавьдаг механизмыг боловсронгуй болгох ёстой. Хуулийг зөрчиж байгаа талаар уншаад, сонсоод байгаа мөртлөө түүнийг арилгах талаар шуурхай ажиллах зүйл учир дутагдалтай байдаг.
-УИХ-ын гишүүд Хөгжлийн банкинд шалгалт хийсэн. Энэ талаар мэдээлэл нарийвчилсан мэдээлэл авсан уу?
-Хөгжлийн банкны асуудал нууцлаад байхаар зүйл биш. Намайг орох уу гэж асуусан би ороогүй. Найман гишүүн шалгалт хийсэн юм билээ. Тэртэй тэргүй шилэн дансны хуулиар бүх мэдээлэл нь вэб сайтад тавигдчихдаг учраас нууц ил гэж яриад байх шаардлага байхгүй. Миний бодлоор Хөгжлийн банкыг шалгах гэхээс илүү дампууруулахгүй байхад анхаарах ёстой. Хөгжлийн банк нэг яамнаас хэт хараат болсон байна. Уг нь бол бусад улс орнуудад Хөгжлийн банк зөв хөгжсөн шалтгаан нь төрөөс хараат бус байдлаар шийдвэр гаргадаг явдал. Тийм учраас Хөгжлийн банкны удирдах зөвлөлийг өөрчлөх, хараат байдлыг хангах талаар ажиллах ёстой юм.
Банк учраас ашигтай ажиллах ёстой. Түүнчлэн, хяналтын тогтолцоог боловсронгуй болгомоор байна. Хөгжлийн банк арилжааны банкуудын хяналтаас гадуур явдаг. Тэгсэн атлаа банк гэж явдаг. Тиймээс төв банк хянадаг, төв банкны гаргасан шийдвэр, үйл ажиллагаа тэнд хэрэгждэг байхаар хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Засгийн газрын юу хий гэснийг хийдэг дуулгавартай хүүхэд шиг явж болохгүй.
-Хөгжлийн банкны шалгалтын дүн хэзээ гарах вэ. Ажлын хэсгийн дүгнэлт хоёрдугаар сард багтаад гарах ёстой биз дээ?
-Мэдэхгүй. Юу гэж хэлэх юм бэ. Мэдэхгүй л юм чинь. Ажлын хэсгийг ахалсан гишүүд наад асуултад чинь хариулт өгөх байх. Ер нь хууль их уддаг шалтгаан заримдаа ажлын хэсэгт байдаг. Ажлын хэсэг байгуулчихаар нөгөө хууль тэнд очоод гацчихдаг. Ажлын хэсэг шуурхай үр дүнтэй ажиллах чадвал хурдан гардаг. Энэ мэт шалтгаан олон байна. Ажлын хэсэг дээр бүтэн жил болсон хуулиуд одоо ч олон байгаа.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд ойрын хугацаанд ямар ажил хийх вэ?
-Энэ талаар маргааш /өнөөдөр/ мэдээллийн хэрэгслүүдээр гарна. “Өдрийн сонин” зэрэг мэдээллийн сайтуудаар би нийтлэл гаргасан байгаа. Тэндээс уншчих болов уу.
-Гацууртын ордыг цөөхөн хэдхэн сая төгрөгийн төлөө ухах шаардлага байна уу. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ганцхан Гацууртын орд биш. Уул уурхайтай холбоотой гаргасан эдийн засгийн тогтоолын үзэл санаанд олон асуудлыг тусгаж өгсөн. Олон хувилбар, сонголт өгсөн учраас Засгийн газар хамгийн ашигтайг нь сонгох ёстой. Гацууртын ордод ч энэ хамаарна. 200 сая гэж яриагүй. Роялти болон бусад хөшүүргээр Монголын ард түмэнд хамгийн ашигтай, өгөөжөө өгөх хувилбарыг сонгох хэрэгтэй. Уул уурхайн яам энэ талаар мэдээлэл өгөхгүй байна. Тийм учраас буруу яриад байгаа хэсэг бүлгийн мэдээлэл илүү давамгай нийгэмд тараад байгаа юм. Худлаа ярьж болохгүй л дээ. Бүрэн мэдээллийг яамдууд өгмөөр байна даа. Хэвлэлийн бага хурал хийгээд мэдээлэл гарахгүй. Иргэдийн ой тоонд ортол асуудлыг тайлбарлаж чадахаар сэтгүүлчдийн тархинд мэдээллээ зөвөөр суулгахад л анхаарах хэрэгтэй байна.
-Таны хувьд Гацууртын ордыг ашиглах нь зөв гэж үзэж байна уу?
-Зөв.
-Эдийн засагт ямар үр өгөөж өгөх бол?
-Мөнгө өгнө. Банкинд валютын нөөц нэмэгдүүлнэ. ТЭЗҮ-г сайн мэдэхгүй учраас нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Ямартай ч Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй байгаа валютын нөөцийг нэмэгдүүлэхэд энэ орд том хувь нэмэр оруулна. Мөнгө хэрэгтэй байна. Бондын зах зээл хүндрэлтэй байхад ордуудаа зөв ашиглаж, хяналттай ашиглаж дотоод нөөц бололцоогоо дайчлан хямралаас гарах хэрэгтэй л дээ. Эдийн засгийн шийдвэр гаргахад сонголт байх ёстой. Тэр утгаараа уул уурхай дээр ч сонголт байх ёстой. Өрийн таацыг 58.36 хувь болгочихоод түүн дээрээ өөрсдөө хальтираад л явж байна шүү дээ. Ямар ч үед сонголт байх ёстой л доо.
-Өрийн удирдлагын тухай хууль батлагдсан ач холбогдлыг та хэрхэн харж байна?
-Яах вэ, Монгол Улсын өр удирдлагагүй явж байсныг шийдэж чадлаа. Өөрөөр хэлбэл, зөв цагт зөв газраас зөв нөхцөлтэйгээр зээл авах, өрөө удирдах боломж бүрдлээ. Өрийн хэмжээ, ДНБ гэдгээр бүх хүн, бүх гишүүн сайд ярихгүй. Ярих хүрээ нь өргөжлөө. Өрийн удирдлага тогтвортой байна уу гэдгээр стратеги боловсруулаад гурван жил болгон Засгийн газар, УИХ-д мэдээлдэг, хагас жил болгон энэ талын мэдээллийг УИХ хэлэлцэнэ. Өрийн дарамт байна уу гэдгээр Сангийн яам хэлэлцэж, УИХ-ын байнгын хороод хэлэлцэх боломж бүрдэж байна.
Б.ӨНӨРТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn