-Хамгийн товчоор тодорхойлвол, Арго, Сарандаваа мэт бол нийгмийн сэтгэлзүйн болоод сэтгэхүйн төвшин ямар хэмжээнд байгааг харуулах индикатор юм–
Цахим орчинд явж буй мөнгөний, эсвэл алтны зурган дээр “лайк” дарж, “шайр” хийж түгээснээрээ, эсвэл саранд түрийвчээ барьж даллаж зогссоноороо, үгүй бол хэн нэгний сэдсэн хишиг даллагын арга хэмжээнд оролцон хөөрцөглөснөөрөө мөнгөтэй болчихдог, санхүүгийн асуудлаа шийдчихнэ гэдэг бол дэндүү гэмээр сайхан мөрөөдөл. Гэвч энэ мөрөөдөлд итгэгчид дэндүү олон болжээ.
Хөлсөө урсгаж, толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөж байж мөнгө төгрөгтэй болдог болохоос гараараа даллаж, мөрөөдөөд баяждаггүй гэдгийг ойлгохгүй байна гэхээр харамсалтай. Ийм гэнэн итгэмтгий тархиа угаалгагчид байгаа цагт тэдэнд зориулж бор шувууны зураг худалдаж, зохиомол зургийг бурхан болгон тахиулж, баяжих энерги өгөгч этгээдүүд олдож л таарна.
“Бөхийн өргөө” дүүрэн хүмүүс цуглан, мөнгө дуудан уухайлж байсан. Тэнд цугласан олон мянган хүн мөнгөжиж баяжсан уу, зохион байгуулж байгаа ганц хүн нь өнгөжиж мөнгөжсөн үү гэдгийг бодох л ёстой. Тэгвэл энэ жил уг арга хэмжээг зохион байгуулагч итгэгчдийн хүрээгээ өргөтгөн, “UB” паласт зохион байгуулахаар болжээ.
Гэвч буруутгаж, муучлах сумыг зохион байгуулагчид руу чиглүүлэх шаардлагагүй. Хэнд ч хүчээр билет худалдахгүй, хэнийг ч хүчээр тэнд оруулж ирэхгүй. Хамгийн гол нь өөрсдийн хүч чадлаар, хөлс хөдөлмөрөөр мөнгө олох аргыг биш уут даллаж, зураг шүтсэнээр мөнгөтэй болно гэж итгэгчдэд, үүнийхээ төлөө мөнгөө төлж буй худалдан авагчдад учир бий. Хамгийн товчоор тодорхойлвол, Арго, Сарандаваа мэт бол нийгмийн сэтгэлзүйн болоод сэтгэхүйн төвшин ямар хэмжээнд байгааг харуулах индикатор юм.
Мартаагүй бол, хоёр жилийн өмнө Оюунгэрэл гэх индикатор яаж ажиллаж, ямар үр дүн үзүүлснийг эргээд бодох л учиртай. Дэлхий сүйрэх юм бол Оюунгэрэлийн номыг худалдан авахын хэрэг юунд байсныг бүү мэд. Ямартаа ч лаа, газны борлуулалт нэмэгдэж, мод түлээ бэлдэн, хөдөө гэрт очсон нь амьд үлдэнэ хэмээсэн улс хаа саагүй гүйлдсэн нь үнэн.
Ийнхүү индикатор иргэдийн тархийг яаж ч угааж болохыг, нийгмийг хаашаа ч хуйлруулж болохыг, бурханыг буг болгож, бугийг бурхан болгож болохыг тэд үзүүлж байна. Болжморын зургийг шүтэж, авдар дээрээ тавиад, ажил нь бүтнэ гэдэгт итгэж байгааг маань харсан улстөрчид бодлого санал болгохыг биш амлалт, тархи угаалтыг л сонгож байна.
Саранд түрийвчээ даллаж, Сарандаваа нартай хамт мөнгөө хурайлж, ажил хийлгүйгээр, интернэтээр алт, мөнгөний зураг түгээж, басхүү ингэхгүй бол хоосорч, үгүйрнэ гээд сууцгааж л бай. Ямар ард түмэн байна яг тийм төртэй байна гэдэг. Тэр үнэн бололтой. Өөрсдийн сонгосон төрийн түшээдийнхээ тэнэг мангарыг дуудан шүүмжлээд л, түрийвчээ даллан амьдрал сайжирна гэж мөрөөдөөд сууцгааж л байна. Ийм хялбархан байхад угаалгүй яах вэ дээ, тархийг чинь.
Б.МАНДАХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин