Трактор онхолдож, хүний амь эрсэдлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Трактор онхолдож, хүний амь эрсэдлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын автобусны нэгдүгээр буудлын ойролцоо трактор жалга руу онхолдсоны улмаас хүний амь эрсэджээ. Осол  өнөө өглөөний 05.00 цагийн орчимд гарсан байна. Ослын улмаас нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ. Ослын дуудлагаар  НОБГ-ын Шуурхай бүлгийн аврагчид ажилласан байна. 

Тракторт сууж явсан 59 настай эрэгтэй нуруундаа хүнд бэртэл авсан бол 35 настай эрэгтэй тракторт даруулж, нас баржээ. Аврагчид гэмтэл авсан эрэгтэйг Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгч, 35 настай эрэгтэйн цогцсыг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Техникийн холбогдолтой ослын дуудлага ирж байгаатай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж, мэргэжлийн ажилтантай гэрээ байгуулж ажиллуулах, гэрээгээр болон түр ажиллуулж байгаа боловсон хүчиндээ техник хэрэгсэлтэй зөв харьцах,  заавар зөвлөмж тогтмол өгч, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас аж ахуйн нэгж байгууллагууд болон иргэдэд  анхааруулж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж