ЮНЕСКО-гийн батламж гардуулах ёслол болно

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-гийн батламж гардуулах ёслол болно

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжийг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газарт гардуулах ажээ. Эл ёслол хоёрдугаар сарын 27-нд 11.40 цагаас Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох юм байна. Уг ёслолын үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах ба “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлж сонирхуулах ажээ.

Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс Монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28 ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ.

Уг конвенцид дэлхийн 150 орон нэгдэн орсон ба нийт 314 өв Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд одоогоор бүртгэгдээд байгаа юм. Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5, Дэлхийн дурсамж хөтөлбөрт 3, Дэлхийн соёлын өвд 2, Дэлхийн байгалийн өвд 1 өвийг тус тус бүртгээд байгаа юм.


ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД БАГТСАН ӨВ

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад:

  • Монгол Үндэстний баяр–Наадам, 2010 онд
  • Монгол Үндэстний хөөмэйн урлаг, 2010 онд
  • Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
  • Монгол Ардын уртын дуу, 2009 онд
  • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008онд
  • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл 2013 онд
  • Монгол шагайн харваа, 2014

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад:

  • Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
  • Монгол Тууль, 2009 онд
  • Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ, 2009 онд
  • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд
  • Монгол уран бичлэг 2013

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж