Насанд хүрэгчдэд “Чөлөөт хос”-ыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

Насанд хүрэгчдэд “Чөлөөт хос”-ыг санал болгов

…Антония бүсгүй нөхрийнхөө янаг амрагийн явдлаас залхан, амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад, эцэстээ “Чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүсчээ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ мэдэхгүй, хий шаналан, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлэх болов. Ингээд тэр урьдын уйлж унжин, нөхрөө гуйж, салахаараа айлгадаг байсан эмэгтэй болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдрэн, эцэстээ хайсан эр хүнээ ч олжээ. Харин энэ бүхнийг харсан нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ улам мэдрэн, эхнэрийн зүрх сэтгэлийг эргүүлэх гэж хичээнэ…

Ийм нэгэн хосын түүхийг өгүүлэх "Чөлөөт хос" насанд хүрэгчдэд зориулсан хайрын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах гэж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан эл жүжгийн нээлт гуравдугаар сарын 1-нд буюу ирэх ням гарт болж, үдэш бүр 21.00 цагаас Драмын театрын тайзнаа тоглох аж. Жүжгийн дүрүүдэд Э.Тодгэрэл, Ц.Баясгалан СТА, Г.Дөлгөөн-Аюуш нар тогложээ. Жүжгийг зохиолыг Ж.Энхбаяр бичиж, зураачаар Б.Мягмарсүрэн ажилласан байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж