Москвагийн “Их дуулга” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Москвагийн “Их дуулга” өндөрлөлөө

ОХУ-ын нийслэл Москва хотноо IJF-ийн “Их дуулга” ангилалд багтах чансаа өндөртэй олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт хөнгөн жингийн барилдаан болж, Монголын тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин шагналт тавдугаар байрт шалгарсан бол тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр харамсалтай нь шагналын тавцанд гарч чадсангүй.

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр эрэгтэйчүүдийн 81, 90, -100 болон +100 кг, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жинд аваргууд тодорсон. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Г.Түвшинжаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар зодоглов.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Г.Түвшинжаргал Туркменистаны бөх Мулкаман Нурклычевийг вазари үнэлгээгээр, Украйны Артем Васыленког юүко үнэлгээгээр ялсан ч удаахь барилдаандаа 2010 оны дэлхийн аварга, БНСУ-ын бөх Ким Жэ-Бумд цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. 90 кг-д барилдсан Э.Энхбат эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Австрийн бөх Макс Ширноферт цэвэр ялагдсан бол -100 кг-ын жинд Б.Тэмүүлэн эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Японы Кайхан Такагиг ялсан ч гуравдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын Зафар Махмадовт цэвэр ялагдаж, тэмцээнийг орхисон байна. Харин +100 кг-ын жинд Б.Сугаржаргал эхний барилдаандаа Германы Андреас Тоелцерт цэвэр ялагджээ.

Эмэгтэйчүүдийн хувьд 70 кг-д Ц.Наранжаргал эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Харука Тачимотод цэвэр ялагдсан бол -78 кг-ын жинд П.Лхамдэгд БНХАУ-ын тамирчин Жан Мейлинг юүкогоор ялсан боловч дараагийн барилдаандаа Голландын Маринде Веркеркт мөн юүко үнэлгээгээр ялагдсанаар Москвагийн татамиг орхисон байна.

Ийнхүү өнгөрөгч амралтын өдрүүдэд хойд хөршийн нийслэл Москва хотноо болсон “Их дуулга”-ын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа алт, 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Төмөрхүлэг хүрэл медаль тус тус хүртэж, эрэгтэйчүүдийн 66 кг-д Х.Цагаанбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт тавдугаар байрт шалгарснаар Монголын тамирчид багийн амжилтаар тавдугаарт бичигдлээ.
Жилд дөрвөн удаа болдог “Их дуулга”-ын дараагийн цуврал зургадугаар сарын 18, 19-нд Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж