БРИКС-ийн банк шинэ дүрмээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.02.25-нд нийтлэгдсэн

БРИКС-ийн банк шинэ дүрмээр тоглоно

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ

-Хөгжлийн шинэ банкны дүрмийг харахад үнэхээр “шинэ” гэж хэлж болохоор заалтуудтай. Банкны дүрмийн олонх заалт нь аль ч улсын хууль дүрмэнд захирагдахааргүй гэж хэлж болно-

БРИКС-ийн орнууд гэсэн нэр томъёо сонсогдоод хэдэн жил болж байна. БРИКС гэдэг нь Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсуудын англи нэрнийх нь эхний үсгүүд юм. Анх Өмнөд Африкийг оролцуулалгүй БРИК (BRIC)-ийн орнууд гэгдэж байгаад 2011 онд Өмнөд Африк энэ бүлэглэлд нэгдэн орсноор БРИКС гэсэн нэр томъёо бий болсон. БРИКС гэсэн нэр сонсголонтойгоос гадна англи хэлний bricks буюу тоосго гэсэн үгний орчуулгатай дүйдэг. Тоосго өрж байшин босгодгийн адилаар бүлгийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт аажимдаа дэлхийн эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэсэн өөдрөг агуулгатай.

БРИКС-ийн орнууд нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засагтай өрсөлдөх өндөр амбицтай байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагчдын төсөөлж байгаагаар 2050 он гэхэд БРИКС-ийн орнуудын эдийн засаг Их наймын эдийн засгийн хэмжээтэй дүйцэж очно гэсэн зорилттой. БРИКС байгуулагдах болсон нь цэвэр эдийн засгийн шалтгаантай гэж тайлбарладаг ч зарим ажиглагч энэ байгууллагыг эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн клуб гэж үздэг. БРИКС-ийн гишүүн орнуудын геополитикийн амбиц жилээс жилд өсч байгаа нь ийм тайлбар хийхэд хүргэсэн байх талтай.

БРИКС-ийн орнуудын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаагаас гадна энэ бүлгийн орнууд бүгд газар нутгийн хувьд дэлхийд томд орох улсууд. Гишүүн улс бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Бразил гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж байгаа бол ОХУ ашигт малтмалын арвин нөөцтэй. Энэтхэгийн хувьд хямд ажиллах хүчний асар их нөөцтэй бол Хятад дэлхийн тэргүүлэх эдийн засаг болоод удаж байна. Өмнөд Африк мөн байгалийн баялаг ихтэй. БРИКС-ийн орнуудад дэлхийн хүн амын бараг тал хувь (43 хувь) амьдарч байгаа нь хямд ажиллах хүчний их нөөцтэй гэсэн үг. Чухам хүчин зүйлд тулгуурлан эдийн засгаа богино хугацаанд өсгөх чадвартай гэж тооцож буй. Эдийн засаг нь өсч байгаа улсууд улс төрийн тавцанд хүчирхэг байж, дэлхийд нөлөөлөх боломжийг олж авдаг нь нууц биш учраас БРИКС-ийг ойрын арав, хорин жилд дэлхийд тэргүүлэгч тоглогч болон гарч ирнэ гэж үздэг.

Өнгөрсөн 2014 оны БРИКС-ийн орнуудын тэргүүн нарын VI дахь уулзалт Бразилд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шувтрангуут болсон бөгөөд энэ үеэр БРИКС-ийн орнуудын банкийг байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан билээ. ОХУ-ын Төрийн Дум БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банкны хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт баталсан байна.

Хөгжлийн шинэ банк гэсэн албан ёсны нэртэйгээр үйл ажиллагаа явуулах энэ банк нь БРИКС-ийн орнуудын дэд бүтэц, хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой. “Хөгжлийн шинэ банк гэсэн нэр томъёог зүгээр ч нэг өгөөгүй. Өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэргээс ялгаатай үйл ажиллагаа явуулах учраас шинэ гэж тодотгож байгаа юм” хэмээн ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак хэвлэлд ярьжээ. Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг нь банкны санхүүгийн чадавхийг бий болгохдоо гишүүн улс бүрийн эдийн засгийн чадамжиндаа тохируулдаг бол БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк нь оролцоог тэгш байлгах юм. Гишүүн таван орон 20, 20 хувиар банкны үндсэн хөрөнгийг бий болгох учиртай. Ингэхдээ гишүүн орнууд өөрсдийн гаргах 20 хувийг нэг жилд биш тодорхой хугацааны туршид аажмаар нэмэгдүүлэх юм. Тухайлбал, ОХУ гэхэд долоон жилийн турш хоёр тэрбум ам.долларыг оруулна. Ингэхдээ эхний жилд 150 сая ам.доллар гаргах бөгөөд энэ тоо аажмаар 350 сая болтлоо нэмэгдэх юм.

Хөгжлийн шинэ банкны дүрмийг харахад үнэхээр “шинэ” гэж хэлж болохоор заалтуудтай. Банкны дүрмийн олонх заалт нь аль ч улсын хууль дүрмэнд захирагдахааргүй гэж хэлж болно. Тухайлбал, банкны өмч, актив, орлого, гүйлгээ зэрэгт ямар ч татвар ногдохгүй, мөн гаалийн татварт хамрагдахгүй. Түүнчлэн банкны өмч, архив нь ямар нэг нэгжлэг, улсын орлого болгох, хөрөнгө хураах үйлдлээс ангид байх халдашгүй эрхтэй байхаар заасан. Мөн банкны удирдлага, албан тушаалтан, ажилтнуудад хууль хяналтын байгууллагын аливаа мөрдлөг болон иммиграцийн аливаа хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн банкны ерөнхийлөгч, түүний орлогчид, гүйцэтгэх албан тушаалтнууд авч байгаа цалин, шагнал урамшууллаасаа ямарваа нэг татвар төлөхгүй.

Хөгжлийн шинэ банкны захиргаа Хятадын Шанхай хотод байрлана. Банкны салбарыг ОХУ-ын Алс Дорнодын хязгаарт байгуулах тохироотой. Банкны удирдах дээд байгууллага нь Удирдлагын зөвлөл байна. Банкны ерөнхийлөгч, түүнийг орлогчдыг БРИКС-ийн гишүүн орнуудын харилцан зөвшилцөж томилно. Хөгжлийн шинэ банкны анхны ерөнхийлөгчөөр Энэтхэг улсын төлөөлөгч, харин Удирдах зөвлөлийг ОХУ-ын төлөөлөгч ажиллахаар өнгөрсөн жид Риод тохирсон. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Удирдах зөвлөлийг удирдана.

БРИКС-ийн тэргүүн нарын ээлжит уулзалт ирэх долдугаар сарын эхээр ОХУ-ын Башкирийн нийслэл Уфа хотноо болох товтой. Энэ үеэр банкны Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Хөгжлийн шинэ банкны анхны санхүүжилтийг энэ ондоо багтаан хийхээр гишүүн орнууд тохиролцсон. “Эхний төслийг эх орондоо хэрэгжүүлэх нь бидний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Гэхдээ гишүүн таван оронд нэгэн зэрэг эхлэх төсөл байвал бэлгэ дэмбэрэлтэй гэж бид бодож байгаа. Эхний төсөл заавал том байх албагүй. Гэхдээ эхний төсөл худалдааны биш хөгжлийн төсөл байх болно. Харин цаашаа хэрхэн хөгжих нь гишүүн улс орнуудын удирдлага, бизнесийн орчноос ихээхэн хамаарна” хэмээн ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак ярьжээ.

БРИКС-ийн орнуудад дэлхийн хүн амын тал хувь амьдарч байгааг дээр өгүүлсэн. Энэ таван орны газар нутаг нийлээд дэлхийн хуурай газрын 26 хувийг эзэлж байна. Дэлхийн үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 14,6 хувийг энэ таван орон үйлдвэрлэж байна. Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад нийлээд дэлхийн нийт улаан буудайны 40 хувь буюу жилдээ 260 сая тонн, гахайн махны 50 хувь буюу жилдээ 50 сая тонн, тахиан махны 30 хувь буюу 30 сая жилдээ тонн, үхрийн махны 30 хувь буюу жилдээ 20 сая тонныг үйлдвэрлэж байна. Мөн БРИКС-ийн орнуудад дэлхийн нийт газар тариалангийн 32 хувь ногдож байгаа юм.

Ийнхүү өнгөрсөн жил тохирсон БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк үйл ажиллагаагаа эхлэх цаг ойртсоор. БРИКС-ийн банк байгуулах мэдээг дэлхийн улс орнууд янз янзаар хүлээж авсан. Юун түрүүн энэ банк ажиллаж эхэлснээр ам.долларын дэлхийн ноёрхлыг ганхуулна гэж үзэж байна. Хөгжлийн шинэ банк нь дэлхийн II дайнаас хойш өнөөг хүртэл дэлхийн санхүүгийн гол институт болж байсан Олон улсын валютын сан /ОУВС/ болон Дэлхийн банкны гол өрсөлдөгч байх болно гэж таамаглаж байна. Сүүлийн арваад жил эдийн засаг эрчимтэй өсч байгаа орнууд, тэр дундаа БРИКС-ийн гишүүн орнуудын зүгээс ОУВС-г шинэчлэх шаардлагатай гэж мэдэгдэж ирсэн. Гэсэн ч АНУ-ын зүгээс ОУВС-г өөрчлөн шинэчлэх аливаа шаардлага, зүтгэлд хориг тавьсаар ирсэн нь БРИКС-ийн банк байгуулах шийдвэрийг түргэтгэсэн гэж хэлж болно.

Нөгөө талаас БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хөгжил харилцан адилгүй байгаа нь энэ институтийн цаашдын хөгжлийг бүдэгрүүлэх магадлалтай гэж хэлэх хүн ч бас байна. Гишүүн таван орноос Хятад яах аргагүй эдийн засаг, санхүүгийн гигант болчихоод байгаа. Бусад нь хөгжиж байгаа гэдэг ангилалд байгаа ч тухайн улс орны хөгжил, улс төрийн замнал, нөөц боломж харилцан адилгүй. Сүүлд нэгдсэн Өмнө Африкийг гишүүн орнууд дотроо хамгийн буурай хөгжилтэй гэж хэлж болох ч Африк тив рүү нэвтрэх чухал түшиц газар учраас БРИКС-д багтах нь ач холбогдолтой. Хамгийн гол нь эдгээр таван орон нийтлэг эрх ашиг гэдэг нэг хэлээр ярьж чадах эсэхэд эргэлзэж байгаа хүн олон. Германы Кил хот дахь Дэлхийн эдийн засгийн институтын профессор Рольф Лангхаммер БРИКС-ийн орнуудыг түншүүд гэхээсээ илүүтэй түүхий эдийн төлөө, газар нутгийн хамрах нөлөөний төлөө өрсөлдөгчид хэмээн дүгнэсэн байна. “Хятадын эдийн засгийн хэтэрхий хүчин чадал нь энэ бүлэг доторх тэнцвэрийг алдагдуулах магадлалтай. Бүүр айлгаж ч магадгүй” гэсэн бол зөвлөх үйлчилгээний “Shifting Wealt” компанийн шинжээч Хельмут Райзен БРИКС-ийн орнууд дотор хүн амын нэлээд хэсэг нь ядуу амьдарсаар байгааг сануулсан. Өөр өөрсдийн өвөрмөц онцлог, саад бэрхшээлээ даван туулж, нэгдэж чадвал дэлхийн ирээдүйн хөгжлийн цөм болох магадлал өндөр гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй байна

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж