
Уг нь тэрбээр Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга. Ногоон намын нэр Улс төрийн намуудын жагсаалтаас гарч болзошгүй нөхцөл байдал үүссэнээр хийх ажилгүй болсондоо энд тэндэхийн жагсаал цуглаанд нэмэр хачир болж явна гэх хүн ч цөөнгүй. Харин Улсын дээд шүүхээс Иргэний зориг-Ногоон намыг бүртгэхгүй гэснээр түүнд намынхаа ажлыг хийх бололцоо олдсон билээ. Энэ шийдвэрт нь талархаж байгаагаа илэрхийлж тэрбээр Ногоон намын онц их хурал зарлахаа мэдэгдсэн юм. Гэтэл сурсан зангаа тавихгүй өчигдөр дахиад л жагсаалын урд чимэг болж яваа харагдах юм. Намынхаа онц их хурлыг хийхээр зар тараасан энэ үед бэлтгэл ажлаас эхлээд хийх зүйл их баймаар л юм. Гэвч мань хүн хувийн нэр хүндээ илүүд үзсэн бололтой. Бум бужигнаж, түм түжигнэсэн газар хаана таарна тэнд байхаар шийдсэн дэг ээ. Шинэ жил болохоор л гацуурынхаа тоглоомыг хайдаг шиг жагсаал болохоор л түүнийг хайдаг болчих вий дээ.
