Энэ өдрүүдэд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт БНХАУ-д хэлэлцээ хийж яваа бол дэд сайд хойд хөршийнхөнтэй байнга холбоотой байж, дизель түлш нааш ачуулахаар ярилцаж байгаа аж. Үүний үр дүнд өнөө өглөөний байдлаар ОХУ-аас гурван вагон дизель түлш ирсэн байна. Энэ нь 180 тонн түлш бөгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн гурван өдрийн хэрэглээний түлш юм байна. Мөн сүүлийн хоёр өдөр тус бүр гурван вагон түлш ирсэн тухай албаныхан ярилаа.
Түүнчлэн БНХАУ-аас их хэмжээний дизель түлш орж ирэх болсон тухай мэдээлэл манай уншигчдаас ирсэн юм. Энэ талаар Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай холбогдож тодруулахад, “Нефть бүтээгдэхүүний эх үүсвэрээ олшруулахаар хэлэлцээ хийж байна. Түрүүчээсээ ОХУ-ын нийлүүлэгчдээс тодорхой хэмжээгээр дизель түлш орж ирсэн. Хятадаас мөн дизель түлш авах болсон байгаа” гэх товч хариулт өгөв. БНХАУ-аас ирэх дизель болон “Роснефть”-иэс бусад ОХУ-ын компаниудын нийлүүлэгчдийн үнэ өндөр байх талаар нэлээд яригдсан билээ. Тэгвэл Засгийн газраас татварын зохицуулалт хийж 1440 төгрөг гэсэн ерөнхий ханш тогтоосон тухай дээрх албаны хүн хэлж байлаа.
Нэмж дуулгахад, сайд Д.Зоригт БНХАУ дахь айлчлалаасаа ирээд ирэх сарын 2-нд ОХУ-ыг зорино. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын үеэр нефть бүтээгдэхүүний асуудлыг ярих учраас салбарын сайд Орос руу нисэхээр тов тогтоосон байна.