Брэнсон Lloyds банкны 600 салбарыг авна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Брэнсон Lloyds банкны 600 салбарыг авна

Британийн тэрбумтан бөгөөд Virgin корпорацийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон Их Британийн зургаа дахь том банк байгуулна. Үүнийхээ төлөө тэрээр Lloyds банкны  600 салбарыг худалдан авахад бэлэн байна гэж The Financial Times бичсэн байна. Арилжаагаа санхүүжүүлэхийн тулд тэрээр гурван тэрбум фунт буюу 4,9 тэрбум ам.долларыг цуглуулахаар амласан байна.

Тавдугаар сарын 24-нд тэрээр худалдан авах гэж байгаа банкныхаа шинэ гүйцэтгэх захирал  Антонио Орта-Осориотай (Antonio Horta-Osorio) уулзав. Уулзалтынхаа дараа тэрээр Британийн сонинд уг арилжааг “амархан хийж магадгүй” гэж хэлжээ. 

Lloyds банкны салбарыг Банкны бие даасан комиссийн (Independent Commission on Banking) шийдвэрээр худалдаж байгаа. Банкны захирал Жон Викерс (John Vickers) хэлснээр Европын холбооны монополийн эсрэг хуулийг зөрчихгүйн тулд  банк нь зах зээл дэх өөрийн хувийг 4,6 хувиар бууруулах ёстой болжээ. Санхүүгийн хямралаар банкуудыг аврах улсын хөтөлбөрийн дагуу Lloyds нэмэлт хөрөнгөтэй болоод байсан юм.

Брэнсон Их Британид банктай болох сонирхлоо өмнө нь ч илэрхийлж байсан юм. Их Британийн эрх баригчид  шинэ банк байгуулах асуудалд нааштай хандаж байна. “Улс оронд дөрөв, таван банк биш хэдэн арван банк байх ёстой” гэж Британийн парламентын гишүүн Андреа Лидсом (Andrea Leadsom) хэлж байв. Lloyds нь Британийн томоохон банк бөгөөд 2010 онд 24 тэрбум фунтын орлоготой, цэвэр ашиг нь  2,2 тэрбум хүрсэн байлаа.

Сэр Ричард Брэнсоны корпораци нь төмөр зам болон агаарын тээвэр, мөн хөгжмийн цомог, хэвлэлийн ажиллагаа зэрэг бизнестэй байсан юм.
 

 Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж