Монголын уламжлалт цагаан сарын баяр, оюутан, сурагчдын амралт дуусаж байгаатай холбогдуулан хот хооронд, орон нутаг, хотын дотор нийтийн тээврийн хэрэгсэл, суудлын автомашинаар зорчих урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх осол, зөрчлөөс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор тээврийн байгууллага, тээвэрчид, зорчигчид, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байгууллага, албан тушаалтнуудад дараахь асуудлуудыг анхааралдаа авч сэрэмжлэн ажиллахыг зөвлөж байна.
1.Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгуудын тээвэр авто замын газар, автотээврийн үндэсний төв, түүний орон нутгийн салбаруудад ажиллаж байгаа автотээврийн хяналтын улсын байцаагч нар улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн нөхцөлд тавих хяналтыг чангатгаж, эрчимжүүлэх;
2.Зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагууд тээврийн хэрэгслийн жолоочийг үйлчилгээнд гаргахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн байдалд болон жолоочийн жолоодох чадварт үзлэг /цусны даралт, согтуу болон мансуурсан эсэх/ хийж, зохих шаардлага хангагдсан тээврийн хэрэгсэл, жолоочийг тээвэрлэлтэнд ажиллуулах;
3.Улс, хот хооронд, орон нутгийн ачаа, зорчигч тээврийн хэрэгслийн жолооч эмийн сантай явах;
4.Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн хэрэгсэлд тээврийн хэрэгслийн суудлын тооноос илүү хүн суулгахгүй байхын зэрэгцээ тээврийн хэрэгслийн бүхээгт ачаа, тээш байруулахыг хориглох. Тээшийг тээврийн хэрэгслийн ачааны хонгил болон ачааны автомашинаар тээвэрлэх;
5.Зорчигчид, тээврийн тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус, тээвэрлэлтийн эрх авч гэрээ хийгээгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс татгалзаж зорчин явахгүй байх;
6.Нийтийн тээврээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;
7.Улс, хот хооронд, орон нутагт зорчихдоо иргэний паспорт, холбогдох бусад баримт бичиг, зорчих тасалбарыг биедээ авч явах, тэдгээрийг жолооч, кондуктор болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлж байх.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР