
16 настай нэгэн хүү гольфчдод зориулан, тэдний ажлыг хөнгөвчлөх нэгэн сонирхолтой төхөөрөмж зохион бүтээжээ. “Shadow Caddy” нэртэй гольфын хэрэгсэл зөөх уг жижиг тэрэг бүрэн автомат, эзнийхээ чанх араас автоматаар дагаж явах гэнэ. Энэхүү тэрэг нь гурван дугуйтай бөгөөд дамжуулагчаас өгөх дохионы тусламжтайгаар хэрэгслийг зөөж буй ажилтны араас алдалгүй дагах юм байна. Тэрэгнийхээ тохируулгыг тааруулснаар хойноос дагах уу эсвэл зогсох уу гэдгийг хэрэглэгч өөрөө зохицуулах аж. “Shadow Caddy” нь цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай бөгөөд хүний алхааны хурдаар явах гэнэ. Одоогийн байдлаар уг тэрэг туршилтын шатанд байгаа хэдий ч тун удахгүй хэрэглэгчдийн гар дээр очих аж. Одоогоор Австралийн Мелбурн хотын дөрвөн гольфын талбайд туршилт хийгдэж байгаа юм.
С.Цэлмэг