Шүүхийг ингэж өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

Шүүхийг ингэж өөрчлөх үү?

Хаврын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлын нэг нь “Шүүхийн шинэчлэлээ буцаах уу, эсвэл өөрөөр авч үлдэх үү” гэдэг асудал байх нь гарцаагүй.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно…” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, "ЗӨРЧСӨН" гэсэн дүгнэлт гаргаж, долдугаар сарын 1-нээс өмнө эхлэн Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтууд хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэрэвзээ үүнээс урьтаж Үндсэн хуульд нийцүүлэн Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол шүүхийн шинэчлэлийн дагуу байгуулагдсан шүүхүүд шүүн таслах эрх зүйн чадамжгүй болж, Монгол Улс шүүх байгууллагагүй болно гэсэн үг.

Энэхүү шийдвэрийн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “News agency”-т өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлэхдээ, “Би бол хэрэгжүүлэх хугацаагаа хойш нь тавьж өгөөч ээ, 2021 оны долдугаар сарын 1-нээс эхэлье гэвэл яасан юм бэ гэж бодож байгаа. Одоогийн тогтолцоогоор нь явуулаад үзье. Одоо буцаах гэхээр газар бүрт шүүх байгуулна гэвэл дахиад 100-гаад шүүгч томилно. Дахиад л цалин мөнгө, дахиад л ажлын байр. Баахан зардал байгаа. Эцсийн шийдвэр гарсан, хэрэгжүүлэх хугацаагаа дахиад жаахан хойш нь татчих. Дараагийн Ерөнхийлөгч гараад, 2021 оноос, ардын хувьсгалын 100 жилийн ойгоос хэрэгжүүлж болно” гэдгээр илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, энэ хэвээр нь үлдээж туршаад, алдаатай байвал засаад, оноо байвал сайжруулаад явъя гэсэн саналыг гаргаж байна. Түүнээс уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлав гэгчээр яаран эргэх нь оновчгүй" хэмээжээ.

Нэгэнтээ Цэц шийдвэрээ гаргачихсан. Тиймээс шүүхийн бүтцийг эргүүлэн өөрчлөх нь зайлшгүй. Харин яаж… Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханыхаар бол дараах дөрвөн хувилбар байж болох нь.

Эхнийх нь, шүүхийн бүтцийг сэргээж, аймаг, нийслэлийн шүүхийг байгуулах. Ингэвэл шинэчлэл рүү бус хуучин тогтолцоо руугаа хойш алхана. Хэрэв энэ хувилбарыг сонговол, дөнгөж хэргийн төрлөөр дагнан мэргэшиж буй шүүгчид буцаад эрүү, иргэн, захиргааны хэргээ бүгдийг нь шийддэг болж, ур чадварын хувьд дэвших бус ухарна. Үүнтэй ч Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа санал нэг байна. Тэрээр “Дагнасан шүүх заавал байх ёстой. Даганаж хэрэг шийдэхэд маш сайн мэргэшдэг. Мэргэшсэнээр алдаа бага гаргадаг. Хууль хэрэглээний асуудлаар их зүйл суралцдаг, нарийсдаг юм байна. Бид нар өмнө нь эрүү, иргэний хэргийг аль алийг нь шийддэг, жигтэйхэн универсаль гэж өөрсдийгөө боддог байсан. Худлаа юм байна. Тиймээс дагнасан шүүхийн тогтолцоог өөрчилж болохгүй” гэж эхний хувилбарыг үгүйсгэв.

Анхан шатны шүүх бүх хэргийг шийдвэрлэх нь хэргийн үнэн зөв шийдвэрлэлтэнд нөлөөлж байгааг Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван “Сум дундын анхан шатны шүүх дээр нэг шүүгч эрүү, иргэн, захиргааны зөрчил гээд бүх төрлийн хэргийг шийдэж байна. Гэтэл хяналтын шатны шүүх рүү хэрэг шилжихээр тэнд мэргэшсэн буюу дагнасан шүүгч тогтоолыг нь хянадаг. Тиймээс сум дундын анхан шатны шүүхийг ч гэсэн дагнасан хэлбэр рүү шилжүүлэх, мэргэшсэн шүүх болгох тал дээр анхаарч арга хэмжээ авахыг хүсч байна” гэдгээр тайлбарлав. Үүнийг батлан Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл “Дагнасан, мэргэшсэн шүүх гэдэг бол үнэхээр өөр байдаг юм байна. Сум дундын анхан шатны шүүгч нараа мэргэшүүлэхгүй бол тэд нар үнэхээр л савчаад байна. Эрүү, иргэн, цагдан хорих, захиргааны зөрчил гээд бүхий л хэргийг шийдээд болохгүй байгаа юм болов уу гэж бодоод байна” гэдгийг хэллээ. Дагнасан шүүх байгуулснаар “Иргэний хэрэг дээр нарийсч, дагнаж ажиллахад маш их үр дүн гарсан. Нэг иргэний хэрэг шийдлээ гэхэд нөгөө эрүүгийн хэргийн хугацаа яана гэхгүйгээр толгой нэг зүгт ажиллах боломж олгож байсан” гэдгийг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Долгормаа хэлсэн бөгөөд “Дагнасан шүүх байгуулсан тогтолцоогоо илүү боловсронгуй болгох тал дээр л анхаарах хэрэгтэй”-г ч санууллаа.

Дараагийн хувилбар нь дагнасан шүүхийн тогтолцоог хадгалж, нийслэл, дүүргийн шүүхийг шинээр байгуулах. Энэ хувилбарыг сонговол шинээр 24 шүүх байгуулж, түүнд ажиллах 94 шүүгчийн орон тоо нэмэгдэнэ. Мэдээж шинэ шүүх байгуулахад гарах зардлаас гадна 94 шүүгчийг цалинжуулахад сард 300 орчим сая төгрөг жилд гурван тэрбум төгрөг зарцуулах хэрэгтэй болно. Эдийн засгийн энэ хүндрэлтэй үед зардал ихтэй хэцүүхэн хувилбар болохоор үүнийг сонговол хаа хаанаа ашиггүй. Гэхдээ Сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхөө энэ хувилбарыг дэмжин “Одоогоор манай шүүх гэхэд 6 шүүгчийн орон тоотой байгаа. Сум дундын шүүхийн орон тоог нэмээд 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй болгох, хоёр танхимаар мэргэшүүлээд явах юм бол шүүхийн шийдвэр хэвээр батлагдах магадлал өндөр болно. Одоогийн байдлаар давж заалдах шатны шүүх дагнаж ажиллаж байгаагийн үр нөлөө асар их байгаа. Тийм учраас сум дундын шүүхүүд орон нутагтаа дагнаад, давж заалдах шатны шүүх нь бас дагнаад явбал зөв байх гэсэн саналтай байна” гэлээ.

Дагнасан шүүх байгуулах шаардлагын талаар “Сум дундын шүүхүүдэд даганаж ажиллах шаардлага бол зайлшгүй байна… Хэдийгээр эрүүгийн хэрэг бага гардаг ч гэсэн сүүлийн үед гарч байгаа хэргүүд ээдрээ төвөгтэй болж байгаа учраас дагнаад ажиллах, иргэний хэргийн маргаанууд ч ээдрээ төвөгтэй маш олон төрлийн маргаан гардаг болсон. Хууль эрх зүйн мэдлэг бол дагнаж ажиллаж байж л сайжирна. Давахын шүүхийг даганаж байгуулсан нь өнөөгийн шүүхийн шинэтгэлд оруулж байгаа их том хувь нэмэр болсон” гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Гурав дахь хувилбар бол, одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх. Энэ хувилбарыг шүүгч нарын зүгээс цөөнгүй нь дэмжиж байгаа бололтой. Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа “Үндсэн хуульд нийцсэн нэрийг нь өгье. Бид нүүдэллэж ажиллая. Тухайн аймагт нь очиж хэргийг шийдье гэсэн саналтай байна. Ингэсэн тохиолдолд иргэдийг чирэгдүүлэхгүй” гэсэн бол Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Долгормаа “Хамгийн оновчтой хувилбар нь одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх нь зөв” гэснийг Сум дундын 11 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг ч дэмжиж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Долгормаа ч “Хамгийн оновчтой хувилбар нь одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх нь зөв гэж үзэж байна” гэж үзэж байна.

Дөрөв дэх хувилбар гэвэл одоо байгаа бүтэц, нэрийг хэвээр үлдээж, аймаг, дүүрэгт салбар байгуулах. Ингэснээр шүүхийн салбар гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно гэдгийг хуульч нар анхааруулж байгаа юм. Энэ хувилбарыг эсэргүүцэх хүн олон байснаас дэмжих хүн олдсонгүй.

Энэ бүх хувилбаруудаас зардал, чирэгдэл багатайн дээр цаашид шинэчлэлээ үргэлжлүүлж болохуйц хувилбар бол гурав дахь хувилбар буюу одоо байгаа бүтцийг хэвээр үлдээж, шүүхийн нэрийг өөрчлөх гэж шүүгч нар үзэж байна.  

Нэгэнтээ дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэгддэг Цэцийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гээд гарчихсан болохоор Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа бодит байдал дээр ажиллаж, алдаа, оноог нь мэдэрч буй шүүгчдийн саналыг авч, дээрх хувилбаруудаас хамгийн оновчтойг нь сонгож, долоо хэмжиж нэг огтлохгүй бол дахиад л Цэц дээр унах нигууртай.

Шударга шүүхтэй байхын төлөө шүүхийн шинэчлэлийг хийе гэвэл ухрах бус урагшлах нь л чухал.

Л.НАРАНТӨГС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж