Кино урлагийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Холливудын Долби театрт боллоо. Бүтэн жилийн турш яригдаж, хүлээгдэж байдаг энэхүү наадамд энэ жил “Хүн шувуу”, “Гранд будапешт зочид буудал”, “Мэргэн бууч”, “Селма”, “Хуурмаг тоглоом”, “Хүүхэд нас” зэрэг өөр өөрийн өвөрмөц агууламж бүхий гайхалтай кинонууд болон уран бүтээлчид өрсөлдөж, шилдгүүд “Алтан хүн”-ээ гардлаа.
Энэ жил од нь гийсэн уран бүтээлчид бол “Хүн шувуу” киноны багийнхан байлаа. Тэд энэ үдэш хамгийн нэр хүндтэй, гол номинациуд болох “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино зохиол”, “Шилдэг зураг авалт” гэсэн дөрвөн төрөлд ялсан юм. Харин “Гранд будапешт зочид буудал” кино мөн адил дөрвөн төрөлд Оскар хүртсэн ч “Шилдэг тайз засал”, “Шилдэг нүүр хувиргалт”, “Шилдэг хувцас загвар”, “Шилдэг киноны хөгжим” гэсэн туслах чиглэлийн номинациуд байлаа.
“Хүн шувуу”-г амилуулсан Алехандро Жи Иньярриту нь өдгөө 51 настай, 1995 оноос хойш уран бүтээлээ тууштай хийж эхэлсэн Мексик найруулагч юм. Тэрээр хамгийн анх 2001 онд “Хайрын зовлон” нэртэй киногоороо Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид нэр дэвшиж байсан бол 2007 онд “Хоосон мөрөөдөл” киногоороо “Шилдэг найруулагч”, “Шилдэг кино” төрлүүдэд, 2011 онд “Гоо үзэсгэлэн” киногоороо мөн “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшиж байжээ.
Харин энэ жил тэрээр тэтгэвэртээ гарч, үзэгч олонд мартагдсан ч залуугийнхаа хүн шувуун дүрээс салж чадахгүй сэтгэл дотроо үргэлж түүнтэйгээ ярьж, зөрчилдөж байдаг нэгэн жүжигчин эрийн амьдралаар дамжуулан өнөөгийн нийгмийн сэтгэхүйг хариулсан “Хүн шувуу” киногоороо Оскарыг эзэгнэж, хамгийн топ дөрвөн төрөлд яллаа.
Уг киноны гол дүрийг олон кинонд тоглож байсан ч төдийлэн алдар нэрд гарч чадалгүй нас хэвийсэн жүжигчин Майкл Китон бүтээж, “Шарталт” киноны бүтэлгүй эрийн дүрээр үзэгчдийн танил болсон Зак Галифианакис болон Эдвард Нортон нар туслах дүрд тогложээ.
Хүртсэн Оскарынхаа тоогоор зуузай холбосон “Гранд будапешт зочид буудал” кино алдарт найруулагч Вес Андерсоны шилдэг бүтээлүүдийн нэг болсон хэмээн мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Уг киноны гол дүрд “Шиндлэрийн бүртгэл”-ийн герман офицер, “Улаан луу”, “Уншигч” зэрэг кинонуудын гол дүрийг бүтээж байсан авьяаслаг жүжигчин Ральф Файнс тоглож, “Төгөлдөр хуурч”-ийн Адриан Броуди, Жуд Лоу, Эдвард Нортон зэрэг олон гайхалтай жүжигчид туслах дүр бүтээсэн юм. Өвөрмөц шийдэлтэй, хурдан өрнөсөн сонирхолтой үйл явдалтай уг кино олон улсын томоохон кино наадмуудад энэ жил амжилттай оролцож, олон төрлөөр нэр дэвшсэн юм.
Жил бүрийн Оскараас үзэгчдийн хамгийн их хүлээдэг номинаци бол шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин номинациуд. Энэ жил онолын физикч Стивен Хокингийн дүрийг “Бүхний онол” кинонд бүтээсэн “битүү морь” гэж хэлж болох Английн залуу жүжигчин Эдди Редмэйн “Шилдэг эрэгтэй жүжигчин” болсон бол таван удаа Оскарт нэр дэвшин алтан хүнээс атгаад алдаж байсан жүжигчин Жулиан Мур “Алис хэвээрээ” киноны дүрээрээ “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн боллоо.
Энэ жилийн улаан хивсний ёслолд Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Бред Питт, Анжелина Жоли нар болон Оскараас гар хоосон буцсаар байгаад зүрх нь шархалсан Леонарда Ди Каприо нар ирсэнгүй нь олон фэнүүдийнх сэтгэлийг нь гонсойлгов.
Н.ЦЭНДСҮРЭН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин