-Монголчууд сар шинээ хүндэтгэлтэй, ёс төртэй угтлаа. Хаврын эхэн сар гарлаа-
Азийн олон оронд нэгэн зэрэг шахам тэмдэглэдэг нийтлэг баяр бол Цагаан сар. Өвлийг өнтэй давсны баяр, хаврыг угтан золгох баяр гэхчилэн өөр өөр нэрлэдэг ч билгийн тооллын хаврын тэргүүн сарыг найр наадам хийн угтдаг уламжлалт соёл Азийн олон оронд бий. Хятад, Солонгос, Индонез, Филиппин, Малайз, Сингапур, Тайланд зэрэг оронд ч хаврын тэргүүн сарыг баяр наадам хийж угтдаг бөгөөд дэлхийн хүн амын гуравны нэг нь бүх нийтийн амралттай байдаг гэсэн сонирхолтой тоо гарчээ. Хятадад 1.3 тэрбум хүн гурван өдөр, Индонезид 250 сая хүн, Филиппин, Вьетнамд тус бүр 100 сая хүн 1-7 өдөр, Өмнөд Солонгост 50 сая хүн гурван өдөр, Тайваньд 24 сая хүн дөрвөн өдөр бүх нийтээрээ амардаг ажээ. Харин бид дөрвөн өдрийн турш золгоо, шинэлгээгээ хийж, айвуу тайвуу сайхан шинэллээ. Хаврын эхэн сарыг ёс тэртэй угтлаа.
Азийнхан дундаас хаврын тэргүүн сарын баярыг “Цагаан сар” хэмээн билэгдэн нэрлэсэн нь ганц монголчууд байж мэднэ. Найрын ширээгээ хонины ууц, хэвийн боов, бууз банш тэргүүтнээр дүүргэн, бүтэн дүүрэн байхыг билэгдэн баярладаг нь бас л бидний ёс. XVII жарны модон морь жилийн халааг модон хонь жил буухиалан авч, айл хотол, ахан дүүсээрээ уулзан золгож, өвгөд хөгшдийнхөө амар мэндийг тохой өргөн мэндчилж, цагаан сарын баяраа үдлээ, бид.
Морин жилийн өвөл дэндүү гэмээр дулаан, өнтэй өнгөрсөн бол хонин жилийн хаврын сарын тэргүүн сарын эхний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хүйтний эрч эрс чангарлаа. Өглөө, үдшийн цагт хайруу жавар тачигнан, хүмүүс “Өвөл даараагүйгээр даарлаа” хэмээн өгүүлж байсан ч цагаан сарын халуухан уур амьсгалыг цантуулаагүй юм. Хот хөдөөгүй хөл ихтэй тэмдэглэв, Цагаан сараа. Морь, хонь гэдэг бол монголчуудын хамгийн хайртай мал байдаг. Монгол хүнийг хүлэг морьгүйгээр, хот дүүргэсэн хонин сүрэггүйгээр төсөөлөх аргагүй. Чухам тиймээс ч үдэж буй морин жил ч айлчлан ирсэн хонин жил ч монголчууд бидэнд аз хийморь, өглөг буянаа хайрласан, хойшдоо ч ивээлээ хайрлана гэдэгт итгэнэм. Хулжран одож буй хуучин оноо билэг ерөөлөөр үдэж, угтан буй шинэ оноо шижгэр амжилтаар тосон угтдаг тэр л уламжлал энэ онд ч гажаагүй. Харин улам бүр өргөжиж, хотоос хөдөөг зоригсод, хөдөөнөөс хотод ирэгсэд улам бүр олширчээ. Энэ нь цагаан сарын амралт харьцангуй олон хоног үргэлжилсний дээр хот хөдөөг холбосон зам харгуй сайжирсныг илтгэнэ. Удтал хүлээсэн цас, гэнэтийн хүйтрэлт багагүй төвөг урчуулсан ч алсын гийчид түүнээс халширсангүй. Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Булган аймгуудын гол зам цасанд боогдож, хөдөөгийн замд түгжрээ анхны тохиолдол бүртгэгдэв. Гэсэн ч орон нутгийн онцгой байдал, зам ашиглалтын байгууллагынхан тун чиг шуурхай ажиллаж, шинэлээч, золгоочдыг дааруулалгүй зорьсон газарт нь хүргэсэн нь сайшаалтай. Хөдөөгийн замд бүү хэл хотын замынхаа халтиргааг арилгаж дийлэхгүй бөөн асуудал үүсгэдэг байсан нь саяхан. Шинийн хоёрны өдрийн цасан шуурга хотын замын түгжрэлийг хөдөөд хүртэл “халдварлуулсан” ч хүчит техник, мэргэжлийн хүмүүсийн хичээл зүтгэлийн ачаар сар шинийн гийчид тух алдаагүйг олон хүмүүс хэлж байлаа. Зам дагуу шуудай, шуудайгаар давс нөөцөлж тавьсны сацуу замын хажууг засч тэгшлэн нэг эгнээ нэмсэн байв.
Айл бүрийн гадаа автомашин сойлттой байхын дээр 18 нас хүрсэн хүн болгон жолооны курст сууж байгаагаас хөдөөгийн замд туршлагагүй жолооч нар олноороо зорчих болжээ. Замын хажуу руу зогсох гэж байгаад хунгарт шигдсэн, халтиргаанаас бултах гэхдээ хажуу машинаа мөргөж, шүргэсэн шинэхэн жолооч нар олон байлаа. Буугаад туслах гэхээр өөрийн гэсэн багаж хэрэгсэлгүй, машинаа татах олс дээс, холбож асаах холбогч ч байхгүй, бүүр машиныхаа хаанаас нь татдагийг мэдэхгүй жолооч нар хээрийн замд тараа таниулсан нь цөөнгүй. Энэ жилийн хувьд автозамын осол аваар жилийн өмнөхөөс буураагүй ч ослын улмаас эндэгсдийн тоо 10 дахин буурчээ. Ноднин жилийн цагаан сараар 20 хүн ослын улмаас өөд болсон бол энэ жил хоёр хүн энджээ. Харин хөдөө орон нутагт 14 хүн архины хордлого болон осгож нас барсан гэсэн мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна. Жилээс жилд архины хэрэглээ буурч байгаань гийчдэд зориулсан сархадаас андашгүй. Бууз, банш ч өмнөх оныхоос илүү ихээр үлдэж хоцорсныг айлын эзэгтэй нар ам уралдан өгүүлж байна.
Шинийн 1. Хийморийн овоо.
Айлчлан золгож буй хүүхэд, залуус өдөр өдрөөр өсөн торниж буй бол хөгшид буурлууд маань жилээс жилд жижгэрсээр, цөөрсөөр байдаг нь хатуу боловч тойрч үл болох хорвоогийн жам. Монгол Улсад өдгөө /энэ оны эхний байдлаар/ 100 ба түүнээс дээш настай 120 ахмад буурай энх тунх амьдарч байна гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Нийслэл хотод 50, Баян-Өлгий аймагт 11, Өвөрхангай аймагт найм, Хөвсгөл, Баянхонгор аймаг тус бүр долоо, Архангай аймагт зургаа, Хэнтий, Төв, Дундговь аймаг тус бүр тав, Өмнөговь, Завхан, Дархан-Уул, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймагт 1-3 зуугаас дээш настан аж төрж байна. 100 болон 101 настай 57, 102 настай 18, 103 настай 18, 104 настай 13, 105 настай гурав, 106 настай дөрөв, 107 настай хоёр, 108 настай дөрөв, 109 настай нэг хүн байгаа аж. Зуугаас дээш настнуудын 102 нь буюу 85 хувь нь эмээ нар ажээ. Хамгийн ахмад нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн, 109 настай Лувсан овогтой Данзан юм байна.
Хонин жилийн цагаан сараар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар 82-97 насны есөн ахмад буурайг ахмад настнуудын төлөөлөл болгож, хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлсэн юм. Тэдний дотор элчин сайд, дипломатч, эрдэмтэн, анхны эмэгтэй цагдаа, ахмад дайчин, малчин, тогооч, сувилагч, зураач гэхчлэн төрөл бүрийн мэргэжилтэй, улсдаа хийсэн бүтээлсэн үйл арвинтай ахмадууд байсан юм. Манай улсын хувьд хүн амын дундаж наслалт 67-68 болсон бөгөөд 2000 онд энэ үзүүлэлт 64 байжээ. Харин 2050 он гэхэд монгол хүний дундаж нас 76 болох төдийгүй хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь жилээс жилд өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа гэсэн статистик гарчээ. Дээхэн үед бол “Зуу насалж, зургаадай таяг тулаарай” гэсэн ерөөл билэгдэл мэт санагддаг байсан бол өдгөө биеллээ олж, 100 болон түүнээс дээш настны тоо 120-д хүрчээ.
Шинийн 2. Дархан, Эрдэнэтийн зам
Энэ жилийн цагаан сараар буузаа хөлдөөх гэж хөглөсөн тухай яриа айл болгонд шахам өрнөж байлаа. Нийтийн орон сууцныхан буузаа дутуу хөлдөөснөөс буузнууд нь багшралдан наалдаж, хярамцаг болсон тухай мэдээлэл нийтийн сүлжээнд олонтаа нийтлэгджээ. Эндээс харахнаа бууз баншны бизнес эрхлэгчид чамгүй орлоготой байсан бололтой. National Life компаниас гаргасан судалгаагаар нэг айл цагаан сарын баяраар дунджаар 800 бууз хийдэг гэсэн тооцоо гаргаж түүнийгээ нарийвчлан тооцжээ. Улсын хэмжээгээр нийтдээ 185,709,600 ширхэг бууз, банш чимхдэг ажээ. 800 ширхэг буузанд 15 кг мах орно гэж үзвэл 3,482,055 кг махыг зөвхөн буузанд зориулдаг байх нь. Нэг хониноос ойролцоогоор 17 кг мах гарна гэжтоовол нийтдээ 204 826 толгой хоньтой дүйх хэмжээний буузыг та бид зооглосон болж таарлаа. Цагаан сар тэмдэглэх боломжтой нийт айл өрхүүдийн гуравны хоёр нь ууц тавьдаг гэж үзвэл 154 758 хонь цагаан сарын найрын ширээнд “залардаг” гэсэн сонирхолтой тоог ч National Life-ийнхан дурджээ. Нэг хонийг 150,000 төгрөгөөр дундажлан үнэлвээс 54 тэрбум төгрөгийг цагаан сарын баяраар маханд зарцуулдаг дүн гарч байна. Хонин жилд хонины махны хэрэглээ буурах нь юү л бол. Гэхдээ сонирхолтой статистик болохоор хальт дурдлаа. Мэдээж, сар шинийн идээ будаа, хэвийн боовны тоо гээд тоочоод байвал дуусашгүй тул цэглэе.
“Дээл бүсэн гоёлоороо дэлхийг чимсэн Монгол” гэдэг сайхан үг бий. Сүүлийн жилүүдэд үндэсний баяр ёслолоор дээлээ өмсөж гоёгсод олширсон. Гэр бүлээрээ өнгө зүс, хэлбэр хийцээрээ ижилсэн гоёсон байхын дээр хаан, хатад мэт сүрлэг гоёл ч бий болжээ. Модон морин жилийг үдэж, хонин жил угтах ёслолд оролцсон төрийн өндөр дээд албан тушаалтнууд болоод эгэл иргэдийн гоёл чимэг ерөнхийдөө энгийн даруу болж, магнаг торгоос илүүтэй цул өнгийн даавуу, ноолуур, илгэн дээлээр гоёсон байсан юм. Толгойноосоо хэд дахин өндөр малгай өмсөж түүртэхээсээ илүү бүрх малгай тавьж, үнэт металл бүхий бүснээс илүүтэй дурдан бүсээр гоёсон хүмүүс олон байлаа.
Жил жилд тэмдэглэдэг ч тэмдэглэх тоолон шинэ содон, сонихон байдаг сэтгэлд ойрхон баяр цагаан сар өндөрлөлөө. Ирэх жилийн цагаан сар болтол ч хол байна даа, хол байна.
Д.ЦЭЭПИЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин