Модон хонин босгон дээр олон жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж “Улсын сайн малчин” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Дорнод аймгийн малчдад салбарын сайд Р.Бурмаа шагналыг нь гардуулж өглөө.
Дорнод аймаг 2014 оны эцэст 120.8 мянган адуу, 65.4 мянган үхэр, 34.8 мянган тэмээ, 690.7 мян хонь, 775.0 мян ямаа бүгд 1.7 сая мал тоолуулж урьд оныхоос 11.2 хувиар өсгөсөн амжилттай бөгөөд энэ жил тус аймгаас “Улсын сайн малчин” цолоор Баян-Уул сумын малчин Б.Батболд, Сэргэлэн сумын малчин Ч.Гаалиа, Чойбалсан сумын малчин Б.Алтангэрэл, Булган сумын малчин Г.Оюунсүрэн нарын дөрвөн малчин мөн “Алтан тугал”-ын эзнээр Баян-Уул сумын малчин Б.Мөнхжаргал нар тодорсон юм.
Салбарын сайд малчдын ахуй амьдралтай танилцаж, санаа бодлыг нь сонсон сүү, цагаан идээгээгээ чанарын өндөр түвшинд боловсруулан борлуулж, жижиг дунд үйлдвэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаад нь талархаад салбарын яамны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Мөн энэ үеэр сайд Р.Бурмаа Монгол улсын гурван сая дахь иргэний чацуутан Баян-Уул сумын багийн иргэн С.Тэмүгэд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг гардуулж өглөө.
Эх сурвалж:www.mofa.gov.mn