Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг сэргээхээр шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.23-нд нийтлэгдсэн

Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг сэргээхээр шүүхэд ханджээ

Хөвсгөл аймгийн  Бүрэнхааны  фосфоритын ордод олгогдсон лицензийг дөрвөн жилийн өмнө шүүхээр эцэслэн шийдвэрлэж цуцалсан. Тухайн үед Монгол Улсын дээд шүүхээс  “Хүний эрх хөгжилт төв”-ийн хэрэгжүүлж байгаа нийтийн эрх ашгийн стратегийн өмгөөллийн хүрээнд 2010 оноос эхэлсэн Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод хууль бусаар олгосон найман тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах хэрэг гурван жил орчим үргэлжилснийг 2013 оны зургадугаар сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийн  хуралдаанаар найман тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан ажээ. Гэтэл  “Талст-Маргад” компани БОНХАЖЯ-тай  хамтран хууль бус баримт үйлдэж шүүхэд нөлөөлж лицензийг  дахин сэргээлгэхээр анхан шатны шүүхэд хандсан байна. Энэ тухай МБОИЗ-ийн тэргүүлэгчид энэ сарын 15 -нд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл  эцэслэн шийдэгдсэн хэрэгт төрийн байгууллагынхан хариуцагчаар оролцож өөрсдөө хамгаалахаар ажиллаж байгаа нь байгаль орчны эсрэг ажиллаж байгаагийн тод жишээ гэж тэд үзэж байна. Хэрэв фосфортын ордын лицензийг дахин сэргээвэл уух усгүй, малын бэлчээрийг нь эвдэж сүйтгэсэн, Хөвсгөл далай цаазын тавцанд  очно гэдгийг  тэд сануулж байна.

Иргэний хөдөлгөөнийхөн үүний эсрэг дахин тэмцэх болно гэсэн. “Талст-Маргад” компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын мэдлийнх билээ. Бүрэнхааны фосфоритын орд нөөцөөрөө Монгол Улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Дэлхийд нийт 155 тэрбум тонн фосфоритын нөөц байдгийн 4-5 хувь нь манайд оршдог байна. Монгол орон дотроо Хөвсгөлийн болон Завханы фосфоритын ай сав гэж бий. 1974-1988 онд  улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулаар Хөвсгөлийн фосфоритын ай сав газруудад 20 орчим орд нээж, 1.6 тэрбум тоннын нөөц илрүүлсэн нь нөөцийн хэмжээгээр Төв Азид томд тооцогддог байна. Хөвсгөл далайн ойролцоо орших Бүрэнхааны фосфоритын ордын хайгуулыг хийж, ашиглалтад бэлтгэж байх үед “Далай ээж цаазын тавцанд” хөдөлгөөн өрнөж, үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй.

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж