УИХ намрын чуулганаа сар шинийн битүүний өдөр буюу энэ сарын 18-нд өндөрлүүлэв. Хуулиараа намрын чуулганыг хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн яаралтай горимоор шийдэх ёстой хуулийн төслүүдийг батлахын тулд УИХ-ын дарга захирамж гаргаснаар намрын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгасан юм. Ингэснээр хэд, хэдэн чухал хуулийн төслүүдийг УИХ битүүний өдөр амжиж баталсныг тоймлоё.
Том төслүүдээ хөдөлгөх даалгаврыг Засгийн газар авав
УИХ-аар энэ өдөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. Уг хөтөлбөрт Тавантолгой, Оюутолгой төслийг эрчимжүүлэх даалгавар багтаж байна. Нөгөөтэйгүүр, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм.
“Урт” нэрт хуулийн журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа
УИХ-аар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.
Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд эсэргүүцэж, нухацтай судлах шаардлага байна гэж үзэн, завсарлага авч байсан ч эцсийн мөчид УИХ шийдвэрээ гаргалаа. Энэ хуулийн хүрээнд гол мөрөн, ой, усны эхтэй холбоотойгоор 300 гаруй газар уул уурхайн олборлолт сэргэх боломжтой болно гэж үзэж буй. Ингэхдээ олборлолтыг хийхдээ тогтоосон хязгаарлалтын бүсээс 200 метрээс дотогш нэвтрэхийг хуулиар хориглоод байна.
Өрийн удирдлагын хуультай болов
УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр улсын өр ДНБ-ий 58.3 хувиас хэтэрч болохгүй гэж хязгаар тавьсан юм. Гэвч өрийн асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болсон тул Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байсныг УИХ энэ өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хууль батлагдсанаар өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн арга хэмжээг боловсруулах, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжих, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрийн зохистой төвшинг хадгалах боломж бүрдэж байгаа аж.
Ашигт малтмалын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлав
УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 93 хувийн саналаар хэлэлцэн баталжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр нь хуулийн төслийг батлах санал гаргасан нь УИХ-ын төвшинд мөн дэмжлэг хүлээж батлагдсан байна.
Дээрх хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн хувь эзэмшлийг өөртөө авъя гэж үзвэл рояльтын татвар дээр нэмж тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласаны татвар төлж байх сонголт хийх боломжийг олгожээ. Ингэхдээ тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээг дээд тал нь 5 хувь хүртэл гэж тусгаад байна.
СЕХ-ны даргыг улираав
Намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө УИХ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томиллоо. УИХ-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ч.Содномцэрэнг улираан томилуулах, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Ц.Болдсайханыг томилуулах санал гаргасныг УИХ дэмжин, батлав.
ЗГХЭГ-ын даргыг хэвээр үлдээв
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг бие даагч гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар гаргасан байсныг УИХ хүлээж авсангүй. Ингэснээр сайд С.Баярцогт албандаа үлдлээ.
Огцруулах үндэслэлээ тэд “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулж, 455 сая төгрөгийг шилжүүлсэн” гэж гаргасан байсан юм.
Дээрх асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэснээр намрын чуулганаа өндрлүүлсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболдын тодотгосноор УИХ намрын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдааныг 48 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 170 удаа хуралджээ. Мөн энэ хугацаанд 165 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталснаас бие даасан хууль 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 124, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай тухай хууль 11-ийг баталсан байна.
Г.ДАРЬ