Зургаан тэрбум гаруй тонн коксжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, стратегийн хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээрийг цагаан сараас өмнө дуусгана гэдгээ ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан нэгэнтээ хэлж байв. Тэрбээр, УИХ-ын чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцүүлэх шаардлагагүй гэдгээ ил тод илэрхийлсэн юм.
Сар шинийн өмнөхөн Тавантолгойн хэлэлцээний үр дүнгийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцсэн бөгөөд Засгийн газарт цаашдаа хөрөнгө оруулалтын гэрээг яралтай батлах, төслийг саадгүй явуулах үүрэг өгсөн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар шинийн өмнөхөн телевизэд өгсөн ярилцлагадаа Тавантолгойг урагшуулахыг дэмжиж, цагийн юмыг цагт нь явуулахгүй саад хийснээс болоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл их байгааг хэлсэн билээ.
Тавантолгой бол дэлхийд дээгүүрт жагсдаг том ордог. Стратегийн ач холбогдол, эдийн засагт үзүүлэх үр ашиг, дэлхийн зах зээл дэх нөлөөллийг нь тооцвол Монголын өрсөлдөгчдийн хувьд Тавантолгойг аль болохоор гацаах сонирхол багагүй байгаа. Ойрын хугацаанд гурван тэрбумын хөрөнгө оруулалт яригдаж, гучин жилийнх нь үр ашгийн нөлөөлөл нь 94 тэрбумаар тооцогдож байгаа нөхцөлд Тавантолгойгоос хүлээх хүлээлт монголчуудад их бий. Гэвч,Тавантолгойн асуудал хөндөгдөх бүрд гадаад, дотоодынхны оролцоотой саад бэрхшээл гарсаар ирсэн, гарсаар ч байна. Тавантолгойн бол чанарын хувьд дэлхийд нэгдүгээрт ордог. Боловсруулаагүй түүхий нүүрснийх нь чанар Австралийн боловсруулсан нүүрсний чанараас илүү гэдгийг манай нүүрсний мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс ч дэлхийн эрчим хүчний мангас болсон, нүүрстэй орон болгоны хувьд гол зах зээл нь болоод байгаа Хятад улсаас хэдхэн километрын наана байрлах энэхүү том орд эдийн засгийн эргэлтэд орох нь Монголын өрсөлдөгчдийн хувьд тун таагүй мэдээ. Тэр тусмаа өрнөөс илүү дорныг чиглэсэн стратегийн бодлого хэрэгжүүлж байгаа хойд хөршийн хувьд Монголын Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байх нь ашигтай. Тийм ч учраас олон жилийн турш “цариг” гэдэг үгээр монголчуудыг айлгаж ирсэн төлөвлөгөө энэ удаад дахин төмөр замтай холбоотойгоор хөндөгдөж байгааг оросуудын бодлого гэж харах хүн байна. Гэхдээ ямар ч байсан их мөнгөний сураг дагуулж байгаа Тавантолгой төслийг саадгүй явуулахыг ҮАБЗ ч дэмжиж байна.
Энэхүү бэрхшээлийг хамтдын хүчээр давж байж л Монгол Улс хямралаас гарч чадна. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчид буюу Монголын “Энержи ресурс”, Японы “Сумитомо”, Хятадын “ Шэнхуа” гэх гурвалсан хослолтой хийж буй хэлэлцээ амжтлттай явагдаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд талууд 26 удаа уулзалт хийж, 350 орчим асуудлыг хөндөж ярилцсан байна. Гэхдээ ойрын хугацаанд хөрөнгө оруулагчид болон "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Монголын Төмөр Зам" ТӨХК компаниудын хооронд хэд хэдэн гэрээ хийх шаардлагатай байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан онцолж буй юм. Хэлэлцээ эхлэх үед Тавантолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлаас тусламж хүсэх болно гэдгээ тэрбээр сануулж байсан. Мөн хэн нэгэн сүрхий эрх чулуу шидэх төдийг энэхүү мега төсөл нуран унана гэдгийг анхааруулж байсан юм.
Хэлэлцээ дэд уулзалтын төвшинд явагдаж байгааг, дэд ажлыг хэсгийн ахлагчаар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар ажиллаж байгаа юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газарт УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, хэлэлцээний явц үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулж байхыг үүрэг болгосон байна.
Ямар ч байсан Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээ тун амжилттай яваа бөгөөд хэрэв энэ төсөл урагшаа явчихвал Монголын хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлнө гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Энэ том мега төслийг дагаад мянган жижиг хөрөнгө оруулалт орж ирдгийг, хэрэв дэлхийн хэмжээний том төсөл бүтэлгүйтвэл түүнийг дагаад мөнгө нүүр буруулдагийг Оюутолгойгоор жишээлж болно.
Оюутолгойн гацаа тайлагдаагүйгээр барахгүй, тунд төвөгтэй байдал үүсээд байгаа өнөөдрийн хувьд Монгол “бухын доодохыг харж турж үхэх”-гүйн тулд Тавантолгойгоо урагш нь хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Тавантолгойн хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газар доорх шаардлагыг тавьсан. Энэ бол хатуу шаардлага гэдгийг дотоодын төдийгүй гадаадын шинжээчид ч хэлж байгаа юм.
Тухайлбал,
• Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх,
• Нүүрсний орд газарт нэмэлт хайгуулал хийх, нөөцийг нэмэгдүүлэх,
• Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах,
• Төмөр замыг барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх. 30 жилийн дараа суурь бүтцийг 51 хувийг төрийн өмчит үнэ төлбөргүй шижүүлэх,
• 2,5 жилд Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих,
• “Чалко”-гийн өрийг шийдвэрлэх гэсэн Засгийн газрын шаардлагыг хангасан нь дээрх гурван хослол. Хэрэв тэдэнтэй хийх хэлэлцээ бүтэлгүйтвэл ийм өндөр шаардлагатай Тавантолгойг авах хөрөнгө оруулагч дахин олдох нь юу л бол.
Монголын парламент, улстөрчид нь Тавантолгойгоо улстөржүүлж байж “Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ” гэгч болох вий.
Ж.НЯМСҮРЭН