Ардчилсан хүчний холбооны дэргэд “Монголоо шинэчлэе” клуб байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Монголоо шинэчлэе” клубын тэргүүнээр энэхүү клубыг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг сонгогдлоо. Тус клуб нь бүтээлч монгол хүнийг дэмжиж, монголын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, чинээлэг ардчилсан нийгмийг бий болгох зорилготой юм байна. Тус арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ардчилсан хүчний холбооны гишүүд дэмжигчид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бүтээлч монгол хүнээ дэмжье”, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Консерватив үзлийн тухай”, “Монголоо шинэчлэе” клубын гишүүн Н.Энхбаяр “Судалгааны арга зүй, зохион байгуулалт” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Бүтээлч монгол хүнээ дэмжье” илтгэлдээ “Монгол Улсын хөгжлийн бодлогын хэрэгжих хугацаа улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн хугацаатай тэнцүү, эсхүл ихэнх тохиолдолд тухайн Засгийн газрын насжилтын хугацаагаар хэмжигдэж ирсэн. Сүүлийн 25 жилд нэг засгийн газрын дундаж насжилт ердөө 2 жил байсан байна. Урт хугацааны хөгжлийн бодлогогүй, бодлого нь 2 жилийн дотор савлан өөчлөгдөж ирсэн нь тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд хөгжлийн дунд хугацааны бодлогыг 5 жилээр, урт хугацааны бодлогыг 10-аас доошгүй жилээр төлөвлөж, богино, дунд хугацаанд улс төрийн зорилгоор огцом өөрчлөхгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид цаашид иргэн бүрийн, өрх бүрийн, аж ахуйн нэгж бүрийн хөдөлмөрийн бүтээмж буюу баялаг бүтээх үйл ажиллагаа Монгол Улсын хөгжлийн түлхүүр гэдэгт эргэлзэхгүй урагшлах хэрэгтэй юм. Иймд төр засаг ч иргэд ч Баялаг бүтээгчдээ, тухайлбал "Бүтээлч Монгол Хүнээ Дэмжье" гэж уриалах байна. Бүтээлч Монгол иргэд харилцан бие биенээ дэмжсэнээр л дундаж орлоготой иргэд нь цонхилсон чинээлэг ардчилсан нийгмийг цогцлоох болно” гэсэн юм.
Г.НАРАН