Украины талууд солилцоо хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.02.22-нд нийтлэгдсэн

Украины талууд солилцоо хийжээ

 

Украины Засгийн газар, зүүн хязгаарын босогчидтой тохиролцож шоронгийн хоригдол болон барьцааны хүмүүсээ солилцжээ. Үүний үр дүнд Украины армийн 140 цэрэг, 52 босогч суллагдсан байна. Солилцоо Луганск мужийн Желобок хотноо явагдсан аж.

 

Түүнчлэн Украины сөргөлдөгч талууд энэ хоёрдугаар сарын 12-нд байгуулсан “Минск 2” гэрээнд зааснаар хүнд зэвсэг, техникээ эргүүлэн татахаар тохиролцжээ. Украины Засгийн газрын арми болон босогчид тулааны бүсээс хүнд зэвсэг техникээ ирэх мягмар гаригаас /II.24/ гуравдугаар сарын 3-ны хооронд татаж дуусгахаар тохиролцсон аж.  Энэ нь “Минск 2” гэрээ амжилттай хэрэгжиж эхлэх найдлага төрүүлж байна. Өмнөхөн нь АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаар зэхэж буйг төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Лондон хотноо болсон уулзалтан дээр мэдэгдсэн аж.

 

Украины зүүн хязгаарт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зөрчил мөргөлдөөн эхэлсэнээ хойш 5700 гаруй хүн амь үрэгдэж, 1.5 сая орчим хүн орон гэрээ орхин дайжжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж