АНУ-ын Ерөнхийлөгч Обама Польшид хийж байгаа айлчлалаа ХХ зууны дайнд үрэгдсэн польшуудын дурсгалыг хүндэтгэн Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэв. Дараа нь Америкийн ерөнхийлөгч Варшавын геттод гарсан 1944 оны бослогын баатрууд болон польш еврей нарыг мөрдөн мөшгиж байсанд зориулсан боржин хөшөөнд цэцэг өргөлөө. АНУ-ын ерөнхийлөгч Төв Европын саммитад оролцохоор ирсэн 18 орны ерөнхийлөгчдөд зориулан ажил хэрэгч маягийн оройн зоог барилаа. Оройн зоог дээр Обама “Зүүн болон Төв Европын орнуудын эдийн засгийн хөгжил ба иргэний эрх чөлөөний цэцэглэлт нь АНУ-ын лидерүүдийг урамшуулж байна” гэлээ. Уг оройн зоогт Косовогийн төлөөлөгч оролцож байгаа учраас Серб, Румын зоогт оролцсонгүй. Оройн зоог дээр Косовогоос гадна Албани, Австри, Босни-Герцеговина, Болгар, Хорват, Чех, Эстони, Итали, Латви, Литва, Македони, Молдав, Черногори, Словак, Словени, Украин мэдээж Польшийн ерөнхийлөгч нар ирсэн байна.
Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовский өнгөрөгч бямба гаригт Обамаг албан ёсоор хүлээн авч уулзав. Лидерүүд эдийн засгийн хамтын ажиллагаа тухайлбал, Польшийн эх газрын үргэлжлэл болох далайн ёроолын байгалийн хийг ашиглах талаар ярилцсан байна. Мөн Польшид Ф-16 гэх америкийн сөнөөгч онгоцнуудыг байрлуулах талаар ярилцжээ. Тэд Афганистаны талаар ч саналаа солилцсон байна.
Арабын хувьсгалыг тэд Ойрхи Дорнод, Хойд Африкийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг 20 жилийн өмнөх Зүүн Европын хөдөлгөөнтэй харьцуулан үнэлэв. Обама бусад олон чухал асуудлаар Польшийн ерөнхий сайд Дональд Тусктай уулзан ярилцсан байна.
Польшийн ерөнхийлөгч асан “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний лидер Лех Валенсатай бямба гаригт уулзах Обамагийн саналыг тохиромжгүй гэсэн шалтгаанаар зөвшөөрөөгүй байна. Обама буцахын өмнө ерөнхийлөгч Лех Качиньский болон онгоцны ослоор амиа алдсан 95 хүний дурсгалд зориулан цэцэг өргөжээ.
Ш.МЯГМАР