Ратко Младичийг барьжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Ратко Младичийг барьжээ

Түүнийг Гаагын олон ул­сын шүүхэд шилжүүлэх ажиллагаа эхлээд байна. “Аюулгүй байдлын болон тагнуулын агентлаг, цэргийн гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх албаны хамтарсан ажиллагааны явцад Ратко Младич өглөө эрт баригдлаа гэдгийг Серби улсын нэрийн өмнөөс зарлаж байна. Энэ баривчлагаар Серби өөрийн томоохон толбыг арчлаа” хэмээн Сербийн ерөнхийлөгч Борис Тадич өнгөрөгч пүрэв гаригт мэдэгдсэн байна. Белград энэ баривчлагаар 10 сая евро хэмнэв. Түүний биеийн байдал нь тааруу байгаа нь Гаагын шүүхэд шилжүүлэх үйл ажиллагааг удаашруулж буй ажээ. Түүнийг баривчилсан өдөр нь шүүхэд байцаалт авч эхэлсэн байна. Мусульмануудыг хоморголон устгасан хэрэгт буруутгагдаж байгаа Боснийн сербүүдийн цэргийн командлагч Младичийг Нидерланд дахь Гаагын олон улсын шүүхэд шилжүүлэх  бөгөөд түүнийг хуучин Югославын талаарх олон улсын шүүх яллах юм. Бараг ярьж, хөдөлж чадахгүй байгаа 69 настай генералын биеийн байдлаас болон байцаалтыг түр хойшлуулаад байгаа гэнэ.

Босни ба Герцеговинийн 1992–1995 оны дайны дараа “Боснийн махчин” нэртэй болсон экс генералыг Белградын шүүхэд хүргэсэн ч экс генералын бие тааруу байгаа учраас байцаалтыг таслахаас өөр аргагүй болжээ.

“Хөгширсөн” Младич

“The Guardian” бичсэнээр, Младичийг пүрэв гаригийн орой шүүхэд авчрахад тэрээр арайхийн хөдөлж байв. Бейсболын малгайтай түүнийг Сербийн телевичээр харуулахад тэрээр үзэгчдэд хандан мэндэлж байв.

Младичийн өмгөөлөгч Милош Салжич (Miloš Šaljić) яриагаар болж буй хэрэг явдлыг тэрээр сайн ойлгож байгаа бөгөөд Гаагын олон улсын шүүхийг зөвшөөрөхгүй гэж хэлж байсан гэнэ. Сербийн «Политика» сонин түүний зургийг хэвлэсэн байна. Сахал хуузгүй тэрээр “ихээхэн хөгширсөн” байна гэж сонин бичжээ. Мөн зүрхнийи шигдээсийн улмаас гарын хөдөлгөөн нь хязгаарлагдмал болжээ. Баасан гаригт түүнийг гэр бүлийнхэн нь эргэн ирсэн байна.

Шилжүүлэх ажиллагаа

Ойрын үед “боснийн махчин”-д Сербийн шүүх олон улсын шүүхийн тулгасан ялыг сонсгоно. Экс генералд давж заалдах эрх олгох бөгөөд энэ бүх үйл ажиллагаа нэг долоо хоног орчим үргэлжлэх бололтой.

Одоо олон улсын шүүхээр мөрдөгдөж байгаа 2008 онд баривчлагдсан Боснийн сербийн улс төрийн лидер Радован Караджич генералыг баривчлагдсныг сонсоод “эрх чөлөөгөө алдсанд нь” харамсч буйгаа илэрхийлжээ. Албан бус мэдээгээр тэдний хэргийг нэгтгэн тасалж магадгүй байна.

“Бидний хувьд тэр армийн баатар”

Төрийн тэргүүн генералыг Сербийн нутагт баривчилсан гэж зарлахдаа тусгай ажиллагааны талаар тодорхой хэлээгүй. “Вечерње новости” сонинд өгүүлснээр Боснийн сербийн цэргийн лидерийг Зренянин сууринаас холгүй газар Лазарус тосгонд өглөөний таван цагт  баривчилжээ. Тэрээр хамаатныхаа байранд ганцаараа амьдарч байжээ. Баривчлах үеэр нь хөрш нь ирж түүнийг хувцаслахад тусалсан байна. Баривчлах үеэр тэрээр буутай байсан ч эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Баригдахдаа “Би Радко Младич байна” гэж хэлжээ.

Европт хамгийн өргөн далайцтай эрэл хайгуул хийж байсан цэргийн гэмт хэрэгтний тухай мэдээлэлд Сербийн эрх баригчид 10 сая еврогийн шагнал амлаж байсан юм. Энэхүү 10 сая евро улсынхаа сан хөмрөгт үлдэх бололтой. Генералыг аюулгүй байдлын албаныхан мөрдөн илрүүлсэн бөгөөд эрэл зарлагдснаас хойш эрх баригчид ганц ч матаас-мэдээлэл олж авч чадаагүй юм.

Түүнийг баривчилсны дараа тосгоны хүмүүс гудамжинд гаран үндсэрхэг дуу дуулж байсан гэнэ. Сербийн хотуудад орой нь үндсэрхэг үзэлтнүүд уг баривчилгааг эсэргүүцэн жагссан байна. Цагдаагийнхан жагсаалыг хөөн тараав. “Тэр бол цэргийн баатар” гэж нэг жагсагч ярьж байлаа.

Младичийг баривчилсан тухай пүрэв гаригт Хорватын “Jutarnji List” сонин хамгийн түрүүнд мэдээлсэн байна. Уг сониныг цэргийн гэмт хэргийн прокурор Владимир Вукчевичийн  утсыг байнга сонсч байсан хэрэгт мөрдөж эхэлжээ.

Европын холбоо баяр хүргэв

Младичийг баривчилсан нь “Сер­бийг Европын холбоонд орох замд байсан асар том саадыг  зайлууллаа” гэж Европын холбоог өргөтгөх асуудал хариуцсан комиссар Ште­фан Фюле мэдэгдсэнийг “France 24” суваг дамжуулжээ.

Хуучин Югославын талаарх олон улсын шүүхийн ерөнхий прокурор Серж Браммерц Серби олон улсын шүүхтэй олигтой хамтран ажиллахгүй байна гэсэн ээлжит шүүмжлэлээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гаргасны дараахан энэ баривчлагаа боллоо. Пүрэв гаригт Браммерц Сербийн талд Младичийг барьсанд нь баяр хүргэжээ. 

“Боснийн махчин”-г барихаас долоо хоногийн өмнө Еврокомиссийн тэргүүн Хосе Мануэль Баррозу Белград хотноо очихдоо цэргийн гэмт хэрэгтнүүдийг барих хүчин чармайлт гаргаж ажиллахгүй байна гэж эрх баригчдыг нь шүүмжилж байсан юм.

Ш.МЯГМАР


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж