Ардчилсан Ливид Каддафи хэрэггүй, тэрээр зайлах ёстой гэсэн “Их найм”-ын түншүүдтэйгээ Орос нэгдлээ. Москва Ливийн сөргөлдөөнийг зохицуулах болон Каддафийг зайлахыг ятгахад нь зууч болох саналаас татгалзсангүй. Энэ бол хүндхэн ажил. Ливийн босогчид Каддафийг огцортол нь яриа хэлцэлд орохоос татгалзаж байгаа билээ.
Моуммар Каддафийг засгийн эрхээс татгалзах ёстой гэсэн “Их найм”-ын лидерүүдийн хамтарсан мэдэгдэлд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев нэгдсэн байна. Францын Довиль хотноо өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн “Их наймын” дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн яриа хэлцлийн дагуу уг хамтарсан мэдэгдлийг гаргажээ. “Каддафи болон Ливийн Засгийн газар иргэдээ хамгаалах үүргээ умартсан учраас тэд хууль бус болсон. Чөлөөт ардчилсан Ливид Каддафи байх шаардлагагүй учраас тэрээр зайлах ёстой” гэж G8 мэдэгдэв.
Дэлхийн тэргүүлэх орнууд ардчилсан засаглалыг ливичууд өөрсдийн хүчээр босгож ирнэ, ард түмнийхээ эсрэг Каддафийн дэглэмийн үйлдсэн гэмт хэрэг “шийтгэлгүйгээр өнгөрөх ёсгүй” гэдгийг уг мэдэгдэлд онцолсон байна. Мөн “Иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгааг нэн даруй зогсоохыг бид шаардаж байна” хэмээн лидерүүд мэдэгджээ.
Энэ хатуу мэдэгдлийг өмнө нь боловсруулсан, Оросыг зууч болгох гэсэн “Их найм”-ын байр суурийг ОХУ-ын тэргүүн баталгаажууллаа. Ливийн сөргөлдөөнд зуучлахыг Дмитрий Медведевт санал болгосон бөгөөд лидерүүд түүнтэй хоёр талын уулзалт хийхдээ Оросын энэ сөргөлдөөнд барьж байгаа эерэг үүргийг онцлон талархсан байна.
Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр Обама Медведевт хандан Триполитай холбоотой байхыг гуйсан гэнэ. Америкийн ерөнхийлөгч Ливийн хэрэг явдлыг зохицуулахад Оросын идэвхийг дэмжсэн санаачлагчдын нэг. Хэрэв Орос НҮБ-ын тогтоолын эсрэг санал өгсөн бол Ливийн агаарын орон зайд нислэггүй бүс байгуулж чадахгүй байсан гэж Николя Саркози хэлээд түүнд талархал илэрхийлэв.
Оросын зуучлал нь Каддафийг засгийн эрхээс зайлуулах ажиллагааг боломжийн хэрээр бэлтгэн зохион байгуулахад орших гэнэ. “Каддафид өөрт нь засгийн эрхээс зайлах эр зориг байгаа амьдрах газраа сонгох жишээ дорнын улс төрд бий” гэж Оросын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябов Довиль хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. Оросын эрх баригчид Каддафитай биш түүнд үнэнч байгаа хүчинтэй л тохиролцохыг оролдох хэрэгтэй гэж үзэж байна.
Дэлхийн лидерүүд Ливийн талаар ярилцаж байх хооронд тэнд иргэний дайн үргэлжилж, барууны орнууд цэргийн хүчинг сөргөлдөөний бүсэд илгээж байна.
Зоиогчийн эрх:
"Ардын эрх" сонин