“Их найм” нь “сэргэлтийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрсдлийг бууруулан удаан хугацааны, тэнцвэртэй өсөлтийг барих зорилгоор төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор авч байгаа арга хэмээнд түлхүү анхаарлаа хандуулж байх болно гэсэн саммитийн хамтарсан мэдэгдлээс Reuters иш татсан байна.
G8-ын лидерүүд дэлхийн эдийн засаг тогтворжиж байгаа гэж үзээд “даяарчлалын сэргэлт хүчээ авч хангалттай болж байна” гэжээ. Гэхдээ “их найм” эрсдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Тэдний нэг нь өрийн хямрал нэмэгдэж буй асуудал юм. Уулзалтад оролцогсод үүнтэй цөхрөшгүйгээр тэмцэнэ гэдгээ хэллээ. “Зарим орнуудад тулгараад байгаа уг хямралыг дарахын тулд Европ өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг явуулж байгаа. Үүнийгээ ч тууштай үргэлжлүүлэн ажиллаж байна. Төсвийг чанд барихыг бүтцийн өөрчлөлтийн хийж, өсөлт гаргахыг тууштай эрмэлзэж байна” хэмээн саммит дээр мэдэгдэв. “Ажлын байр бий болгох болон эдийн засгийн өсөлтийг төсвийн асуудалтай уялдуулсан дунд хугацааны тодорхой бөгөөд баталгаатай хөтөлбөрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлнэ” гэж АНУ амлаж байна. “Улс орныхоо санхүүгийн амьдрах чадварын асуудлыг шийднэ” гэдгээ Японы эрх баригчид амлав.
Гэхдээ шинжээчдийн G8-ын мэдэгдэлд илтгэх итгэл сул байна. АНУ, Япон болон евро бүсийн 17 орны төрийн өрийн нийлбэр нь Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийн босгыг даваад байна. Өрийн ийм хэмжээ нь өсөлтийн урт хугацааны ирээдүйд том ачаа болж байна гэж эдийн засагчид Кеннет Рогофф, Кармен Рейнхарт нар хэлснийг Bloomberg дамжуулжээ.
Олон улсын чансааны Fitch агентлаг өнгөрсөн баасан гаригт Японы байдлыг “тогтвортой” гэдгээс “сөрөг” гэсэн ангилалд бууруулсан байна. “Японы зээлийн чадвар нь Засгийн газрын өрийн ачааллын дарамтанд байна. Улсын санхүүг хамгаалахын тулд хүн амын хөгшрөлтийн бүтцийн хандлагыг тооцсон санхүүгийн уялдааны хүчтэй стратеги шаардлагатай” гэж “Fitch” мэдэгдэлдээ тэмдэглэжээ. Өнгөрсөн жилийн эцсийн дүнгээр Японы улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 210 хувьтай тэнцэхээр болсон байна.
Энэ жил улсын өр нь ДНБ-ний 150 хувьтай тэнцэхээр байгаа Грекийг хэрхэн аврах талаараа Европын холбооны орнууд тохиролцож чадахгүй байгаа билээ. “Би Грекийн байдалд өөдрөг бусаар хандаж байгаа. Тус орон төлбөрийн чадваргүй болсон” гэж хэлсэн Европын Төв банкны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан Отмар Иссингийн хэлснийг The New York Times сонин онцлон бичсэн байна.
Грекийн өрийн үнэлгээг өөрчлөх нь тус улсын дампуурлыг зарласантай адил болох юм. Валютын эвслийн нэг улс нь дампуурлаа зарлах нөхцөлд хэрхэн хөдлөх туршлага ЕХ-нд байхгүй гэж Германы Сангийн сайд Вольфганг Шойбле хэлсэн байна. Энэ бүгдээс үүдэн Олон улсын валютын сан Грект үзүүлэх тусламжаасаа татгалзаж магадгүй юм. Ирэх зургадугаар сард Грект ОУВС, Европын холбоо болон бусад сангийн 12 тэрбум еврогийн тусламжийн 3,3 тэрбум олгох ёстой юм.
“Нөхөн санхүүжилтийн баталгаа 12 сараас хэтрээгүй нөхцөлд сангаас хөрөнгө олгоно гэсэн журмыг барих ОУВС-гийн онцгой эрх бий. ЕХ, ОУВС, ЕТБ гурав Грек тийм баталгааг өгнө гэсэн шийдвэрт хүрнэ гэж би бодохгүй байна” хэмээн Люксембургийн ерөнхий сайд Жан-Клод Юнкерийн хэлснийг Bloomberg агентлаг ишлэжээ.
Дэлхийн эдийн засагт нүүрлэж байгаа бас нэг аюул нь үнэт түүхий эд. “Goldman Sachs”-ийн эдийн засагчдын урьдчилсан дүгнэлтээр 2012 оны эцэст баррель нефтийн үнэ 140 ам.долларт хүрнэ. Тэд өмнө баррель нефть 120 орчим ам.доллар хүрнэ гэж үзэж байсан. Долдугаар сарын фьючерс /урьдчилсан гэнээий үнэ/-ийн үнээр нэг баррель Америкийн WTI нефть 100,9 ам.доллар, Хойд тэнгисийн Brent-ийн үнэ 115,4 ам.доллар байна. Хойд тэнгисийн нефтийн үнийн босгоор Оросын нефть үнэлэгддэг.
Одоо гаргаад байгаа статистик мэдээгээр дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байна. Евро бүсэд ажил хэргийн болон хэрэглээний итгэлийн индекс тавдугаар сарын байдлаар гурван сар дараалан бууралттай гарчээ.
“Евро бүсийн ДНБ-ний өсөлтийн хурд өмнөхийн адил эдийн засгийн сэргэлттэй зохицож байгаа ч удаан байгааг бид харж байна” гэж Royal Bank of Scotland Plc банкны эдийн засагч Сильвио Перуццо онцлон хэлжээ. “Америкийн эдийн засгийн гуравны хоёрыг бүтээдэг америкчуудын зарлага хүсэн хүлээж байснаас удаан байна. Хүн амын орлогоор өсч буй инфляцийг хөөнө гэдэг нь хүнд байгаа” хэмээн Moody’s Analytics Inc.-ийн ахлах эдийн засагч Эрон Смит тэмдэглэжээ.
Засгийн газрууд зардлаа тогтворжуулж, төсвийн алдагдлаа бууруулж чадсан нөхцөлд л эдийн засгийн өсөлтийг хангалттай гэж хэлэх ёстой гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа. “Бидний одоо харж байгаагаар харин ч эсрэгээр төсвийн хэмжээг хөрөнгөжүүлэн дэмжсэн зарим орнуудад өсөлт гарч, төсвийн хэмнэлтэд орсон орнуудад эдийн засгийн өсөлт асуудал үүсгэж байна” хэмээн шинжээчид танилцуулав. Америкийн эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд дөнгөж 1,8 хувьтай байгаа бол бол Японых хоёр улирал дараалан унасан, Европын эдийн засаг Германыг оролцуулахгүй бол тун тааруу, Орост хүн амын орлого буурч, хөрөнгө нь гадагш урсч байна. Энэ удаа лидер улстөрчид муухан тоглоомоор ээлжит сайн дүрийг харууллаа хэмээн эдийн засагчид G-8-ын саммитийг үнэлжээ.
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин