Хуучирсан мэдээ: 2015.02.20-нд нийтлэгдсэн

Статистик юу өгүүлэв

-Хямрал нүүрлэсэн энэ үед манай улсын ажилгүйдлийн хувь 7.7 хувьтай гарсанд нь олзуурхууштай-

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн баасан гаригт /II.13/ уламжлал ёсоор нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулав.

Эдийн засаг хямарч, айл өрх, албан газар даяараа хэмнэлт, танал­тын горимд шилсэн нэгдүгээр сард нэг өрхийн дундаж мөнгөн орлого 972.2 мянган төгрөг болж, өмнөх үеийнхээс өсчээ. Харин зарлага нь 988.6 мянган төгрөгт хүрсэн байна. Гэхдээ энэ бол монгол өрх болгоны орлого нэмэгдсэн гэсэн үг биш. Учир нь баян ядуу гэлтгүй бүгдийг нэмж, дундажлан гаргадаг тоо.

Эдийн засгийн хямрал, инф­ляцийн өсөлтөд хамгийн их нэр­вэгд­дэг хүмүүс бол эмзэг бүл­гийн­хэн. Харин баячуудын хувьд инфляцийн өсөлт тэдний орлогыг нэмэгдүүлэхэд тусладаг санхүүгийн нэг хөшүүрэг.

Энэ онд Засгийн газар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээ амласан ч УИХ дахь намын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тул­гарс­наар нийгмийн халамжийг танахгүйгээр болсон. Өөрөөр хэлбэл, одонтой ээжүүд болон бүх давхаргын хүүхдүүдэд өгдөг мөн­гийг үргэлжлүүлэн олгохоор парла­мент шийдвэрлэсэн. Дүн мэдээллээс харахад нэгдү­гээр сард нийгмийн халамжийн сангаас 116.7 мянган хүнд найман тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмжийг олгосон байна. Харин 18 нас хүртэлх 996 мянган хүүхдэд 20.2 тэрбум төгрөг олгожээ.

Гурван сая иргэнээ хүлээж ав­сан нэгдүгээр сард 118 нялхас энд­сэн талаар статистикийн дүг­нэл­тэд дурджээ. Нялхсын эндэг­дэл өнгөрсөн оноос 37.2 хувиар өссөн байна.

Төсвийн тодотголыг баталсан нэгдүгээр сард инфляци 9.8 хувьтай гарав. Харин үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр /оны үнээр/ 21.8 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 15.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 14.3 хувиар өсчээ.Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 732.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 18 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин мөнгөний нийлүүлэлт өмнөх сараасаа буурсан бол өнгөрсөн жилээс өсчээ. Статистикийн судалгаанд мөнгөний нийлүүлэлтийг нэгдүгээр сарын эцсээр 10.3 их наяд байгааг тооцон гаргасан байна.

Сүүлийн саруудын статисти­кийн мэдээг харахад банкны систем дэх чанаргүй зээлийн хэмжээ байнгын өсөлттэй гарах болсон. Нэгдүгээр сард гэхэд чанаргүй зээлийн хэмжээ 31.7 тэрбум буюу 5.1 хувиар, харин өмнөх оныхоос 75.6 хувиар өссөн нь хямралын нэгэн тод жишээ юм.

Нэгдүгээр сард татварын орлого нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан нь бизнесийнхнийг татварынхан “сайн дарамталсны” үр дүн бололтой. Татварын нийт орлого 17.3 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн нь эдийн засаг сайжирч, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдсэн гэсэн үг биш. Ингэж ойлговол ихээхэн эндүүрсэн хэрэг болно. Хаа сайгүй дэлгүүр, хоршооны худалдаа буурч, аж ахуйн нэгжүүд хамаг зарлагаа танаж байхад татварын орлого нэмэгдсэн гэдэг төрийн дарамт ихэссэн гэсэн үг.

Гадаад худалдааны тэнцэл 2014 онд 16.1 сая ам.долларын алдагдалтай гарсан бол энэ оны нэгдүгээр сард 225.4 сая долларын ашигтай гарсан нь үндэсний үйлдвэрүүдэд боломж гарч байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ нь импортоор орж ирдэг барааны тоо, хэмжээ буурч, гадагшаа урсдаг валютын хэмжээ дотооддоо шингэн үлдэж буйг илэрхийлсэн тоо болж байна. Монгол Улс дэлхийн 92 оронтой худалдаа хийдэг. Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалын үеэр тус улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийх гэрээнд гарын үсэг зурсан нь манай эдийн засагт багагүй ач холбогдолтой үйл явдал болохыг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм.

Эцэст нь хямрал нүүрлэсэн энэ үед манай улсын ажилгүйдлийн хувь 7.7 хувьтай гарсанд нь олзуурх­маар. Учир нь манай ажил олгогчид хямрал боллоо гээд ажилчдаа цомхотгох, халах аргыг сонгоогүй байна гэсэн үг. Мөн дээрх үзүүлэлт нь өнгөрсөн хоёр жил ажлын байрыг хадгалж үл­дэх гэсэн Монголбанк, Засгийн газ­рын бодлогын нэг үр дүн юм. Статис­тикийн нэгдүгээр сарын судалгаа нэг иймэрхүү.

Ж.ЭРХЭС

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж