Энэ жил 1377 км зам барина

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Энэ жил 1377 км зам барина

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаан үдээс хойш Засгийн газрын  цагаар үргэлжилж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайд С.Батболдод тавьсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх асуулгад хариулт авлаа.

Асуулгын хариуг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга УИХ-ын гишүүдэд тайлагнав. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц барих ёстой. Орон сууцуудыг  Дэнжийн мянга болон Яармаг, МҮОНРТ-ийн хэсэг, Буянт ухаа, Баянголын ам зэрэг газруудад төвлөрүүлэн барих юм. Өнөөгийн байдлаар орон сууц барих ажил эхлээгүй байгаа ч газар чөлөөлөх ажлын хэсгийг Нийслэлийн захирагчийн ажлын алба 21 хоногийн өмнө байгуулжээ.

Хуулийн дагуу тавдугаар сарын 21-ээс эхлэн иргэдийн оршин сууж байгаа газрыг чөлөөлөх заалттай аж. Энэ ажил ирэх зургадугаар сард эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд хэллээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг  “төвийн цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон гэр хорооллын айлуудад төрөөс олон давхар барилга барьж өгөх нь буруу. Тэдгээр өрхүүд моргэйжийн зээлд хамрагдаж хувийн орон сууцны хороолол байгуулах нь хэн хэндээ тустай. Үүний тулд дэд бүтэц болон зохион байгуулалтын ажлыг төрөөс шийдэж өгөх хэрэгтэй” гэх санал дэвшүүлэв. Гэр хороололд орон сууцны шинэ хороолол байгуулах дэд бүтцийн ажил эхлүүлэхэд эхний ээлжинд Засгийн газар 350 тэрбум төгрөг төлөвлөсөн бөгөөд зарим ажлыг ч хийж эхэлсэн байна.

Хөтөлбөрт тусгаснаар бас нэг зүйл нь бүх аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай замаар холбох ёстой. Өнөөгийн байдлаар уг ажлын хүрээнд 1377 км авто зам барих зураг төслийг ЗТБХБЯ-наас хийжээ. Дээрх замын ажлыг энэ жил эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол үлдсэн 4500 км замын барилгын зураг төслийг энэ ондоо багтаан хийж дуусгахаар төлөвлөжээ. Замын барилгад чухал түүхий эд болох цементийн үйлдвэрлэл Монгол Улсад дутагдаж байгаа тухай ч Х.Баттулга сайд хэллээ. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Зарим хөтөлбөртай харьцуулбал хэрэгжилт сайн байна. Гэвч Засгийн газар энэ талаар орон нутагт анхаарал хандуулах шаардлагатай” гэлээ.

Асуулгад хариулт авч дууссаны дараа үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 92.5 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлгээр батлав. Ингэснээр төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцжуулах зорилгоор гаргах 72 тэрбум төгрөгийн бонд, Монгол Улсын төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах 55.5 тэрбум төгрөгийн бонд гаргахыг УИХ дэмжиж, Засгийн газарт эрх олголоо. 

Б.АЛТАНСҮХ


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж