Эрхээ эдлээгүйн төлөө хүлээх хариуцлага байх учиргүй

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Эрхээ эдлээгүйн төлөө хүлээх хариуцлага байх учиргүй

Бид улс төрийн шийдвэр гаргаж буй эрх баригч намуудаас, тэр тусмаа иргэний эрхэд суурилсан бодлоготой Ардчилсан намаас нэг зүйлийг нэхэх болж байна. Энэ бол эрхээ эдлээгүйн төлөө хариуцлага хүлээлгэх буюу та бидний саналын эрхтэй холбоотой. Өнгөрөгч долоо хоногт тус намын бүлгээс иргэд сонгуульд оролцохгүй бол “эх орны хишиг” олгохгүй байх тухай  саналыг бүлгээр дэмжиж, Сонгуулийн хуулийн төсөлд оруулах болсон тухайгаа З.Энхболд, Г.Батхүү нарын гишүүд хэвлэлээр мэдээлсэн. Интернетэд буй тухайн мэдээллийнх нь араас уншигчдийн уурлаж бухимдсан саналууд ч нилээдгүй хөвөрсөн.

Уг нь энэ зохицуулалтын санаа иргэн бүрийг сонгуульд оролцуулах, сонгуулийн ирцийг хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд байлгах зорилготой. Гэвч зорилго нь зөв ч, арга зам нь энэ удаад буруудав бололтой. Өөрөөр хэлбэл сонгуулийн ирцийг хангалттай хэмжээнд байлгахын тулд сонгогчид руу сумаа чиглүүлсэн нь оновчтой биш байна.

Яах вэ, Австрали, Тайланд зэрэг оронд сонгуульд оролцоогүйнх нь төлөө хариуцлага хүлээдэг зохицуулалт байж болох юм. Гэвч энэ нь Монголд ийм хууль байна гэсэн үг биш. Монголд үйлчлэх ямар ч хууль Үндсэн хуультай нийцэж байх шаардлагатай болохоос биш, гаднын улсын сайхан санаачлага, жишиг бүртэй тохирно гэх зүйл байхгүй.

Хамгийн чухал зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулинд сонгуульд саналаа өгөхийг үүрэг биш, эрх хэмээн хуульчилсанд байгаа юм. Үндсэн хуулийн гуравдугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд  оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Арван зургадугаар зүйл “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” хэмээж. Мөн Ерөнхийлөгчийг сонгох талаар зохицуулалтад “Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана” гэж. Тэр ч бүү хэл иргэний үндсэн болоод журамт үүргийг заасан хэсэгт ч сонгуульд оролцох тухай заалт байхгүй аж.

Үүнээс нь бодсон ч эрхээ эдлээгүйнх нь төлөө хариуцлага хүлээлгэх ямар ч боломж байхгүй болж таарлаа.
Хууль санаачлагчид үүнийгээ “сонгууль өгөх эрхийг хуульчилснаас биш сонгуульд оролцох эрхийг хуульчлаагүй. Хэнийг ч сонгохгүй байх сонголтыг нь саналын хуудасны төгсгөлд оруулна” хэмээн тайлбарлаж цааш нь явуулахыг оролдох биз. Гэвч энэ санал ийнхүү дэмжээд дэмжээд “явахааргүй” бололтой.

Үргэлжлүүлбэл, үндэслэлгүй зохицуулалтын “хариуцлагад” нь дахиад л үндэслэл алга. “Аливаа хууль бус үйлдэлд оноох хариуцлага нь гэм буруутайгаа тохирсон байх ёстой”  гэх зарчим энэ удаад алдагдах нь. “Сонгуульд оролцохгүй бол эх орны хишгийг ирэх сонгууль хүртэл олгохгүй” гэдгээс хариуцлагын хэсгийг нь салгаж үзье. Хамгийн багаар бодоход өнгөрөгч сонгуулиар амласан нэг сая таван зуун мянган төгрөгийн хэмжээнд хариуцлага ногдуулах бололтой.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц /ирэх жилүүдэд үү­нээс хэд дахин их болох боломж­той/ хэмжээний халамжийн санхүү­жилтийг дөрвөн жилийн хугацаатай хязгаарлах хариуцлагыг “сонгуульд оролцоогүй” гэх эс үйлдэхүйд то­хир­­сон гэж хэлэх боломж бий гэж үү.

Үүнээс цааш “Өмнөх удаагийн саналаа луйвардуулсан хүмүүс энэ удаад ирэхгүй байх гэж болгоомжлоо юу, өөр хүний нэрээр өгсөн саналыг луйвардаж чадаж байгаа үед хэнийг ч дэмжихгүй гэсэн саналыг минь яаж ч ашиглах юм билээ” гэх зэргээр үргэлжлүүлээд шүүмжилж болох л байх.

Сонгогчдын ирц жилээс жилд буурч байгаа нь сонгогчидоос, мөн сонгуулийн оролцогчид, зохион байгуулагчдаас өөрсдөөс нь хамаарч байгаа нь хэнд ч тодорхой. Гэвч зохицуулалтын сумыг хааш нь чиглүүлэх нь тодорхой биш байна. Сонгуулийн тогтолцоогоо тодорхой болгоогүй атлаа, өөрсдөөс хамаарах зүйлээ шийдээгүй байж сонгогчид руу хандсан хязгаарлах бодлогоо шийдэж болохгүй. Хамгийн ойрын жишээ авахад, өнгөрөгч орон нутгийн сонгуулийн ирц нь хүрэлгүй дахин дахин сонгууль зарлагдаж  байсан нь сонгогчдын буруугаас илүүтэй сонгуулийн хуультай нь холбогдож байсан. Хуулиар хүчинтэй байх ирцийг “аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрт 50 хувь байна” гээд заачихсан. Гэтэл өмнөх зохицуулалтаар “тухайн тойргийн нийт сонгогчийн 50 хувь” гэж байсан. Хэрэв хуучин заалтаараа байсан бол ирц нь бүрдчихсэн тойргийн асуудал нөгөө тойрогт хамаарч цуцлагдахгүй байх боломж байх л байлаа. Үүнийг энгийнээр тайлбарлавал “буруутныг бусдаас хайх хэрэггүй” гэсэн үг юм. 

Яг энэ талаар Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг удирдаж буй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2008 оны аравдугаар сарын 16 нд “Нийгмийн толь” сонинд өгсөн ярицлагадаа “сонгууль бол чухамхүү нийгмийн толь байдаг юм шүү. Тийм учраас энэ орон нутгийн сонгууль бидэнд нийгмийн асуудлаарх олон зүйлийг харуулж байгаа толь. Харин толинд байгаа дүрсийг олж харахдаа “Миний царай муухай харагдлаа” гэж уурлах хэрэггүй. Харин муухай харагдаж байгаа бол түүнийгээ засах ёстой гэсэн том дохио, сануулга гэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш ирцийг их байлгаснаар сонгууль амжилттай болно гэсэн үг биш. Сонгууль өөрөө нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, шалгуур болдог зүйл юм. Албан хүчээр “Та нар сонгуульд оролцох ёстой” гэж хэлээд, сурталчлаад, яриад, загнаад, үүрэгдээд энэ асуудлыг яаж шийдэх юм бэ. Сонгуульд оролцоно, саналаа өгнө гэдэг бол сайн дурын, хүсэл зоригийн шинжтэй зүйл. Хүн өөрийн чөлөөт хүсэл, зоригтоо үндэслээд саналаа өгдөг” гэжээ.

Нээрээ л бид сонгуульдаа оролцохдоо торгон дээл, цэвэрхэн хувцсаа өмсөөд, хэнээр ч захиргаадуулахгүй ирж болоод л байсан. Харин би сонгуулиас сонгуульд төр барьж байгаа шүү гэх итгэл суларч, өгсөн саналаар минь гарч ирсэн ард түмний төлөөлөгч шүү гэх итгэл багассаар байна. Иймд та хэд хэн бүхэнд ойлгомжтой болоод хариуцлагатай сонгууль явуулах, эрхээ эдлэх боломжийг минь олгоод орхи. Тэр үед бид хариуцлага шийтгэлтэй эсэхээс үл хамааран очиж саналаа өгөх болно. Тэр үед би халамжийн мөнгө авах эрхийн төлөө биш, төр барих эрхээ эдлэх гэж сонгуулийн санал авах байр луу алхах болно.

Б.Мандах


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж