Ц.Элбэгдорж: Бид урагшаа харж, хийх ажлаа цагт нь шийдээд явах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Бид урагшаа харж, хийх ажлаа цагт нь шийдээд явах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “NEWS” агентлагийн урилгыг хүлээн авч, уншигчдын асуултад хариуллаа.

Морин жилд арван жилийнхээ ойг тэмдэглэсэн мэдээллийн “NEWS” агентлаг 2004-2014 онд шалгарсан “Оны хүмүүс”-тэйгээ цуврал ярилцлага хийж байгаагийн анхны зочин Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  боллоо.

Өмнө нь “Ньюс агентлаг”-аас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй “Блиц-100” гэсэн сонирхолтой ярилцлагыг өрнүүлж, олон түмэндээ хүргэж байсан. Энэ удаа бид хоёр өдрийн турш уншигчдаасаа асуулт авсан бөгөөд уншигчдаас нийт 461 асуулт ирснээс 40 орчмыг багцлан, Ерөнхийлөгчид тавьсан юм.

Ярилцлагыг “Ньюс агентлаг”-ийн ерөнхий редактор Баярмагнайн Тэмүүлэн хөтлөв.

-Улирч байгаа морин жил монголчуудад маань хэр ээлтэй байв, таны бодлоор. Бидний олсон ололт, алдаа юу байв?

-Морин жилүүд монголчуудад ээлтэй байсан. Улирч байгаа морин жил маань монгол түмэнд ээлээ өглөө. Морин жилдээ монголчууд 3 саяулаа боллоо. Амны хишигтэй байж мал сүрэг түүхэнд бичигдээгүй олон тоонд хүрч өслөө. Тариа ногоо арвин ургалаа, газар тариалангийн салбарынхан маань сайн ажиллалаа. Нөгөө талаас гадаад бодлогын салбарт бүс, нутаг олон улсын тавцанд, хоёр хөрштэйгээ харилцах харилцаан дээр маш их ахиц дэвшил гарсан сайхан жил байлаа.

-Алдаа гэвэл?

-Амьдрал сайнтай, муутай л байдаг. Бидний хувьд анхаарах шаардлагатай асуудлууд гарсан. Морин жилийн сүүлээр Засгийн газар өөрчлөгдөж, шинэ Засгийн газар байгуулагдлаа. Олон жил хуримтлагдсан асуудлуудыг хамтарч шийдье гэсэн шийдэлд хүрч ,шинэ Засгийн газар байгуулж, асуудлуудаа хэлэлцэж байна.

-Тавантолгой тойрсон талцлыг яах вэ? Уншигчдаас ирсэн асуултуудын 60-70 хувь нь Тавантолгойн төсөлтэй холбогдож байна. Сүүлийн үед Тавантолгой төсөлтэй холбоотой олон асуудал өрнөж байгаа нь нөлөөлсөн болов уу. Үзэгчдэдээ дахин сануулахад энэ бол олон нийтээс ирүүлсэн, уншигчдын асуулт. Уншигчдын тавьсан хэлбэрээр асуулт тавигдах болно. Эхний асуулт, Тамын тогооны үлгэрээр Тавантолгой төсөл дахин гацаанд орлоо. Энэ төслийг УИХ -аар заавал хэлэлцэх шаардлагатай юу? 

-УИХ-аас Тавантолгой төсөлтөй холбоотойгоор маш олон шийдвэр, тогтоолууд гарсан. Харамсалтай нь, хэрэгжээгүй нь олон. УИХ-аар хэлэлцэн баталсан шийдвэрүүд хэрэгждэг байсан бол Монголд өнөөдөр 3000 гаруй км төмөр зам тавигдаж, нэлээн хэдэн цахилгаан станц, мөн олон зуун үйлдвэрүүд баригдахаар байлаа. Төрд баримтлах шаардлага бол асуудлыг төвлөрүүлж шийдэх биш, аль болох анхан шатандаа аж ахуйн нэгжүүдийн төвшинд орон нутагтаа шийдэж байх хэрэгтэй гэсэн үг. УИХ-аар шийдэх шаардлагатай асуудлыг хуулиар, Үндсэн хуулиар заагаад өгчихсөн. Асуудлыг дээш татах тусам хэрүүл, хагарал нь нэмэгддэг, уул өөд хүн өгсөж байхад харагдах бараа нь илүү болдог, УИХ-руу асуудал өгсөх тусам хагарал хэрүүл нь нэмэгдэнэ, ийм үед шийдэл зөв байж чадах уу, үгүй юу. УИХ алдаатай шийдвэр гаргавал яах вэ? Ер нь аливаа улс орон төр лүүгээ асуудлыг татахыг эрмэлздэггүй. Засгийн газар нь шийдэх юм бол УИХ хяналт тавина. Буруу, зөрүү шийдвэл УИХ нь Засгийн газартай хариуцлага ярина. Сайд нь шийдэх юм бол Засгийн газар нь сайдтайгаа хариуцлага ярина, мэргэжилтэн нь шийдсэн бол сайд нь хариуцсан чиглэлээрээ түүнтэй хариуцлага ярина. Хамгийн гол нь төрийг авч явах нэг юм бол хаана шийдвэр гаргах вэ, хаана хариуцлага ярих вэ.

Хэрвээ УИХ алдаатай шийдвэл яах вэ, хэн хариуцлага ярих юм. Аж ахуйн амьдрал өдөр тутам өөрчлөгддөг, буруу шийдвэл яах вэ, дахиад УИХ-аар ярих уу. УИХ гэдэг Монголын нэрийг бүтнээр нь гаргадаг, харин Засгийн газарт нэг албан тушаалтан шийдэж байгаа бол шийдэл байдаг. Тийм учраас Тавантолгойн асуудлыг Засгийн газрын төвшинд шийдчих боломжтой. Уг төслийг М.Энхсайхан сайд хариуцаад ажиллаж байгаа, сайдын түвшинд шийдчих ч боломжтой. Бүр цааш нь аваад үзэх юм бол “Эрдэнэс тавантолгой” компанийн түвшинд шийдчих боломжтой асуудал. “Эрдэнэс тавантолгой”-д  Тавантолгойн ордын лиценз бий, өмчлөл, хариуцлага нь бий. Нүүрсээ хэнээр зөөлгөх вэ, ямар замаар зөөлгөх вэ, хааш нь гаргах вэ, энэ компаниуд ажиллах юм байна гээд гэрээ хэлцэл хийгээд шийдчих асуудал юм.

Манайханд нэг зовлон бий, асуудал шийдээд явуулахаар цөөнх болсон хэсэг нь хойноос нь очиж, маажиж самардсаар байгаад унагана. Олонхи нь “бид шийдүүлсэн” гээд өөр юм нэхээд явна. Тэгэхдээ  хууль эрх зүйн талын бүх боломжууд нь бий. Түүнийгээ л ашиглах хэрэгтэй.

-Хоёр жилийн өмнө УИХ-аас баталсан тогтоол бий. Сүүлийн үед энэ тухай их ярьж байна. УИХ-аар шийдүүлэхгүй бол тогтоол зөрчих ч юм шиг?

-Удахгүй морь жил улирч, хонь жил гарна. Жилээ хойш нь хөөгөөд үзвэл, могой, туулай, бар, үхэр. Бар жилийн тогтоолын тухай ярьж байна. Бар жил гэхээр 2010 он, 2012 оны луу жилд бас УИХ тогтоол баталж байсан. Тухайн үед төмөр замыг барь гэсэн тогтоол баталсан юм шүү дээ, Тавантолгойг шийд гэсэн шийдээгүй. Одоо хонь жилийн юм яриад яах вэ дээ. Хуулиараа шийдэх ёстой цаг хугацаандаа л шийдчих ёстой байсан юм.

-Тавантолгойн асуудалд УИХ, Засгийн газар яагаад нэгдмэл байр суурьтай ажиллахгүй байна вэ. Эдийн засагт хохирол учруулж байгаа эрхмүүдэд хариуцлага тооцох боломж бий юу?

-Ер нь Тавантолгой гэдэг сэдвийг бид 7 дахь жилдээ ярьж байна. Би хувьдаа 2006 оны арванхоёрдугаар сарын 12-нд “Эрдэнийн хувь” нэртэй нийтлэл бичиж “Өдрийн сонин”-д гаргаж байсан. 2006 он гэхээр есөн жилийн өмнө. Эрдэнийн хувь гэдэг санаа нь Тавантолгойн ордыг хурдан ашиглая. Сайхан боломж байна.  Тодорхой хэсгийг ард түмэндээ хувь болгож өгвөл яасан юм бэ гэсэн.  Эрдэнийн хувь явсаар байгаад 1072 ширхэг хувьцаа гэж яригддаг болсон. Есөн жилийн өмнө ярьж байсан асуудал шүү дээ. Одоо дахиад л яриад сууж байна. Есөн жилээр энэ төсөл, есөн жилээр бидний зорилго хөгширсөн байна. Одоо болно, есөн жилээр бидний зам уягдсан байна. Цаашаа бид явах ёстой гэж бодож байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр төслийн талаар яриад маш тодорхой удирдамж өгсөн юм. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газарт жилийн өмнө зөвлөмж өгсөн. Түүнээс өмнө буюу С.Батболдын Засгийн газрын үед,Тавантолгой төсөл рүү зургаан консерциум орно гээд ярьж байсан, С.Баярын Засгийн газрын үед ч ярьж л байсан асуудал. Үргэлжлээд л байсан асуудал.

-Нэгдүгээр анги нь гэж хэлж болох нь ээ дээ?

-Уралдаанд шалгаруулалт манайд мөн ч хэцүү шүү. Нөхцөлийг нь тодорхойлно, УИХ тогтоол гаргана гээд тэр ажил бүтээгүй. Би Ардчилсан намын дарга байхдаа 2006 онд бил үү, 2007 оны хавар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийг хуралдуулж  “Улстөрчид энэ Тавантолгой руу давхиж ордогоо болъё оо” гээд тодорхой шийдвэр гаргаж байсан юм.

-Батж.Батбаяр гишүүн татгалзаж байсан бил үү?

-Тийм, Батж.Батбаяр/молекул/ гишүүн татгалзаж байсан. Тухайн үед би “Хэн нь ч орох хэрэггүй, Ардчилсан намаас орсон гишүүд татгалз, хувиа сонирхож байгаа улсуудад нь худалд” гээд шийдвэр гаргаж байлаа. Дараа нь зургаан талаасаа консерциум орлоо, ярилаа тэр нь бүтээгүй. Явсаар байгаад Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан. Одоо л энэ нэг уралдаант шалгаруулалтаа дүгнэе, цааш нь явуулъя гээд дүгнэх гэтэл бас л явж өгөөгүй. Дахиад 2-3 жил алдлаа.Монголд орж ирэх ёстой орлого, боломжууд алдагдсан. Энэ хэрээр Монголын ард түмэн хохирсон. Гэтэл одоо зарим иргэдийн амьдрал хэцүүдэж зээл авч цагаан сараа тэмдэглэх гэж байгаа хүмүүс байна. Уг нь би тэр үед “Энэ асуудлыг одоо шийдээд явъя. Одоо шийдэхгүй бол гурав дөрвөн жилийн дараа бид хүнд байдалд орно. Иргэд маань “Тэтгэвэр хүрэхгүй байна, зээлээ төлж чадахгүй байна, бүгдийнх нь амьдрал муудлаа” гэж асуудал тавихад “Сайдынх нь хувьд чамтай хариуцлага ярих уу. Чи энэ ажлыг урагшлуул” гээд холбогдох сайдад нь би хэлээд гаргаж байсан юм.

2008 онд Засгийн газар байгуулагдахад “Төмөр замаа нарийнаар тавих уу, өргөнөөр тавих уу” гээд бөөн маргаан болсон. Аль, алиныг нь сонсох шаардлагатай болсон. Би хэлж байсан, “2100 км төмөр замын асуудал яригдаж байна. 2012 оны хавар гэхэд л Дорнод руу хүрсэн замаа тавьчих, Тавантолгойгоос Сайншанд руу явсан замаа тавьчих, Тавантолгойгоос Гашуун сухайт руу явж байгаа нүүрс зөөх замаа тавьчих.  Хүн хүч хүрэхгүй бол ажил төрөлд орж чадахгүй байгаа залуусаа ажиллуул. Трактор барихад нь трактороо, хүрз барихад нь хүрзээ бариул. Наад зах нь далангаа монголчууд барьж чадна шүү дээ, инженерүүд нь технологи, стандартыг нь хангуулаг, 2012 оны хавар ашиглалтад оруул” гэж байсан. Тэгтэл юун төмөр зам барих, 2012 онд дахиад сонгууль болж, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан.

Уг нь С.Батболдын Засгийн газрын үед л одоо яригдаад байгаа Тавантолгойн төмөр замыг тавьчих байсан юм. Хувийн хөрөнгөөр төмөр замаа тавиулчих, эрсдэлээ тооцсон бол төр түүнд санаа зовж яах юм бэ. Төмөр замаа тавиулаад түүгээр нь нүүрсээ гарга. Миний баримталдаг бодлого энэ. Монголд нүүрснээс их юм алга, Тавантолгойн нүүрс сайн чанарынх. Хажууд нь ч сайн чанарын нүүрс байна. Хэдэн зуун жил, наад тал нь 100 жил зөөх нүүр байна. 50 жилийн дараа, 100 жилийн дараа ямар технологи гарч ирэхийг бид одоо хэлж мэдэхгүй. 50 жилийн дараа монголчууд нүүрс тойроод хэрэлдэж байна гэж би л лав бодохгүй байна.

-Гэхдээ энэ маягаар бол нүүрсний маргаан үргэлжилж магадгүй нь?

-Магадгүй, ийм маягаар. 50 жилийн дараа нэг эмээ хүүхэддээ “50 жилийн өмнө Тавантолгойн ордын төлөө өлсөж явлаа” гээд яривал хүүхэд нь хэзээ ч итгэхгүй л болов уу. Та ямар сонин юмны төлөө өлсөж байсан юм бэ гэх байлгүй.

Миний мөрөөдөл бол 2040 он гэхэд Монголын гол үйлдвэрлэл програм хангамж ч юм уу, өндөр технологи болчихсон, орчин үеийн залуус шинэ эринд өөр юм хийгээд явна. Дэлхий нийт тийшээ тэмүүлнэ, Монгол дагаад л орох болно. Тэгэхээр өнөөдрийн асуудлаа бид одоо шийдэх хэрэгтэй. Тавантолгойн тендерээ дүгнээд явуулах хэрэгтэй. Муу ч, сайн ч өөрийн нохой идэг гэж ярьдаг шүү дээ. Үндэсний компаниуд ороод яваг л дээ. Оръё гэсэн хүмүүс нь ороод яваг.

-Төслийг зогсоогоод байгаа улс төр, энэ эрхмүүдтэй ямар хариуцлага тооцох вэ гэж их олон хүн асууж байна. Та харин “Алдагдсан боломж бол хамгийн харамсалтай” гэж хэлж байгаа шүү дээ?

-Байхгүй юмны төлөө хариуцлага тооцох их зовлонтой.. Хэвлийдээ байгаа хүүхдийг” Миний хүүхэд муухай гарах нь, охин хүүхэд муухай байж болохгүй” гээд зогсоодоггүйтэй л адил. Хүүхдээ бид царай муутай ч гэсэн “Хөөрхий том болохоороо царайлаг болно оо” гээд өсгөдөг. Хүүхдээ маш сайн хүн болгож өсгөхийг хичээдэг. Бүтээн байгуулалт ч яг адилхан.

Оюутолгойн гэрээг байгуулсны хүчинд өнөөдөр ажил нь явж байна, цааш нь сайжруулаад л явах ёстой. Даанч манайхан сайжруулах гэж байна гээд муутгаад зогсоодог. “Эрдэнэт” үйлдвэр ашгийн татварыг 25 жилийн дараа л төлж эхэлсэн байдаг юм шүү дээ.

-Дараагийн асуулт, Тавантолгойн ордыг төмөр замтай нь хамт ММС-корпорацид 30 жилээр өгөх нь, энэ хэр зөв шийдвэр юм бэ. Тавантолгой төсөл, төмөр замыг салгавал яасан юм бэ гэдэг асуултыг Жаргалсайхан гэдэг уншигч тавьжээ?

-Анх төмөр замыг хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр барихаар болж, ажлаа эхлүүлтэл  “Төр барина” гээд зогсоосон. Хэрэв энэ ажлыг зогсоогоогүй бол төмөр зам ашиглалтад орох байсан. Гэтэл төр төмөр зам барих нэрээр ард түмний 250 сая ам.долларыг газар луу хийгээд… Дараа нь дахиад 500 сая ам.доллар нэхсэн. Тэр үед би салбар хариуцсан сайдыг нь загнаж байсан. Чамайг хэн төмөр зам зогсоо гэсэн юм, хэн чамайг улсын 250 сая ам.долларыг оруул гэсэн юм, Дахиад 500 сая ам.долларт Засгийн газар баталгаа гарга гээд оруулж ирж байна. Наад шийдвэр чинь буруу. Хувийн компани хөрөнгөө оруулъя гэж байна. Оруулаг л дээ” гэж хэлж байсан.

Хувийн хөрөнгө оруулалт ч Монголын л юм. Тэр төмөр зам Монголын газар дээр л баригдана. Төр түүнийг 20, 30 жилийн дараа авна л биз дээ. Манай хууль дүрмэнд “Өгөх нөхцөл”гээд тодорхой заасан байгаа. Энэ бодлогоор л яв. Муу юм олъё гэвэл солонгийн өнгөнөөс ч хар өнгө олж болно. Сайн юм олъё гэвэл хөө дотроос ч цагаан өнгө олж болно. Ухаад л бие биенээ унагаад байдгаа болих хэрэгтэй. Сая тэр зургаан консерциумыг ч оруул л гэсэн шүү дээ.

Яг үнэндээ Тавантолгой төсөлд тавьсан нөхцөл хүнд. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьж тавьсан нөхцөл. Төмөр зам руу хийгээд шатаачихсан 250 сая ам.долларыг төл л гэнэ, Чалькод төлөх ёстой өрийн үлдэгдлийг төл л гэнэ, мөнгөжүүлж чадахгүй байгаа 1 сая хүнд олгосон 1072 ширхэг хувьцааг мөнгөжүүл л гэнэ,  урьдчилгаа болгож бэлэн мөнгө өг л гэнэ, өмнөөс нь бүх төрлийн татвар төл л гэнэ, дээрээс нь зарим татварыг нэмээд тэрнийг мөнгөжүүл, дээр нь төмөр замаа тавь. Том консерциумууд, төслийг сонирхож, хэл ам хийж байсан хүмүүс нөхцөлийг хараад “Наадахыг чинь хийхгүй ээ” гээд больсон, явсан. Үлдсэн нь энэ улсууд, ачаа үүрье л гэж орж ирж байгаа. М.Энхсайхан сайд үзүүлж байсан, тэрхүү тооцоогоор 2019 оноос гэгээ үзэж, анхных нь төгрөг ашиг болж тэр компанидаа орж ирэх юм уу, үгүй юм уу, 2025 оноос оруулсан хөрөнгөө нөхөх тухай ярина гэж байгаа. Монгол руу орж ирээд Монголын юм яваг л дээ. өрөнд орчихсон аж ахуйн нэгжүүдийн залуус орлоготой болог,  ажилгүй сууж байгаа залуус ажилтай болог. Монгол нүүрсээ гарга л даа, Гаргаж л чаддаг юм бол энэ нүүрсийг зөөгөөд гарга, Манай зарим дарга нар УИХ-ын дарга З.Энхболд төмөр замыг краусель маягийн болговол яасн юм бэ гэж санал гаргаж л байсан.

-Краусель гэдэг нь юу билээ?

-Хоёр давхар төмөр зам бариад, очоод тойрдог гогцоотой. Тэр вагон зогсдоггүй. Одоо нэг төмөр зам тавина, түүнийгээ тавих гэж хэчнээн будилах бол. Ганцхан замтай төмөр зам тавихаар машин зам шиг тойрч болохгүй. Ганц замаараа л явна, Нэг талаасаа нүүрс ачсан вагон очино, буцаж ирэхдээ хоосон ирнэ. 30 сая тонн нүүрс жилдээ гаргана гэвэл ямар их ачаа байгааг би хэлье. Өдөртөө 1000 вагон нүүрс экспортод гарах болно.

-1000 вагон нүүрс төсөөлөхөд ч бэрх байна шүү?

-Улаанбаатар хотын цахилгаан станцад өдөртөө 30-40 вагон нүүрс орж ирдэг, тэгэхэд Тавантолгойд өдөртөө 1000 вагон явж байж гаргана. Тавантолгойд хамгийн том өрсөлдөгч монголчууд баймгүй байгаа юм. Цаг хугацаатай шүү дээ. Манай хойд хөрш нүүрсээр хахсан газар. Манай урд хөрш ч гэсэн маш их нүүрстэй. Ялангуяа наад талын бүс, асар их нүүрстэй. Авах л боломж байгаа бол хурдан өг. Хаа байсан Африк, Мозамбик, Австрали. Тэр чигээрээ дэлхийн нүүрсний хэрэгцээний ихэнхийг хангаж байна. Нүүрсээ усаар хөөсрүүлээд л явуулчихдаг. Юунаас харамлаад байгаа юм бэ?.

Гаргаж байгаа зэсээ боловсруулаад зэс гулдмай болгож, хоёр дахь бүтээгдэхүүн болгоё гэж ярьж болно. Гаргаж байгаа алтыг Монголбанкинд хадгалъя гэж ярьж болно, харин нүүрсийг яах юм.

-Хэрэглэж л таарна даа?

-Хэрэгцээтэй байгаа үед нь хэрэглээд, улсууд маань ажилтай болоод өөр үйлдвэрүүд нээгдээд, уул уурхайгаас 70-80 хувь хамааралтай байгааг багасгаад Монгол өөдөө татагдаад яваг л дээ. Түрүүн цогцоор нь хөрөнгө оруулагч нарт өгч байснаас салгаж болдоггүй юм уу гэж асуусан даа.  Салгаад өгч үзсэн. Төмөр замын тэр хэсгийг танай компани барь, энэ хэсгийг тэдний комани барь гээд. Салгах тусам л манайхан хэрэлдээд нийлдэггүй. Аягүй бол төмөр зам дээрээ очоод тэгнээд хэвтчихнэ. Тэгээд явуулахгүй. Тэгэхээр цогцоор нь л явуулж төмөр замаа ч бариулж, нүүрсээ ч гаргах, үнээ тохирох  шаардлага байна.  Үүний төлөө сайд М.Энхсайхан хариуцлага хүлээе гэж байна. Үүнийг үнэлэх л хэрэгтэй.

 -Тендэрт ялсан консерциумыг нэлээд хэмжээний өртэй, Тавантолгой төслийг хэрэгжүүлэхээр хувьцааных нь үнэ өсч түүгээр өөрийнхөө өрийг төлөх гээд байна гэсэн санааг уншигч асуужээ?

-ММС /Монголын уул уурхайн корпораци/ Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарна. Түүнийг дандаа хятадууд авна гэсэн үг биш, монголчууд ч аваг. Олон улсын хөрөнгийн бирж дээр гарна гэдэг чинь Монголын нэр хүндийг өсгөнө. Би хувьдаа боддог юм, Монголын нэг ч гэсэн аж ахуйн нэгж хөрөнгийн бирж дээр гараасай. Манайд хэд, хэдэн аж ахуйн нэгж өрсөлдөөд бүс нутагтаа, наад зах нь хөрштэйгээ өрсөлдөөд, цаашаа Япон, БНСУ-тай бизнес ярьдаг энэ хэмжээнд очоосой. Бизнес ярьдаг 10, 20-н аж ахуйн нэгж бий болоосой. Ийм аж ахуйн нэгж гараад ирвэл араас нь 10, 20 мянган аж ахуйн нэгж дагаад босно. Тэр хэрээр 10, 20 мянган монгол залуус ажилтай болно, амьдрал нь сайжирна. Нэг аж ахуйн нэгж ч гэсэн өрөө дарна гэдэг чинь цаана нь хэдэн аж ахуйн нэгж өрөө дарж, хэсэг хүмүүс л ажилтай болно. Манай аж ахуйн нэгжүүд бие биендээ өр тавьчихсан байдаг. Бензин нийлүүлсэн нь цахилгааны өртэй, хувцас нийлүүлсэн нь цахилгааны өртэй гэх мэтчлэн бүгд гинжин өртэй.  Багш нь ч, тэтгэврийн хүмүүс нь ч өртэй. Нэг талаас өр нь төлөгдөөд эхлэх юм бол бүгдийнх нь амьдрал сэв хийгээд л босно. Хувьцааг нь зөвхөн Хонконгийн хүмүүс авчихна гэж ойлгоод байх юм. Монгол иргэд ч хувьцааг нь худалдаж авч болно шүү дээ.  Ер нь Монголд тэрбум орчим ам.доллар орж ирээд эргэлдэхэд л Монголын аж ахуйн нэгжүүд өнөөдрийн энэ маш олон хүндрэлээс сэвхийтэл босох боломжтой. Бороо ороогүй хагсарчихсан газарт хоёр өдөр шиврээ бороо орчиход л бүх ургамал сэргээд ургадаг. Үүнтэй л адилхан байхгүй юу.

-Тавантолгой төсөл хөдөлбөл таны хэлээд байгаа бороо орох уу?

-Хэнээс, юунаас харамлаад байгаа юм бэ?. Төслийг хөдөлгөөд хэсэг хүн ажилтай болог л дээ. Төр очоод ажиллалаа л гэнэ, 400 сая ам.доллар, 100 сая ам.долларын өртэй боллоо л гэнэ. Тэр өрийг хэн төлөх вэ, монголчууд л төлнө. Асуудлаа шийдээд урагшаа хөдөлбөл Монголд л хэрэгтэй. Хүмүүсийн яриад байгаа бухимдал бол үнэндээ хайран санагдаж байна.

-Танд Тавантолгой төслийн талаар сүүлийн үеийн мэдээлэл байна уу. Ямар шатандаа яваа бол. М.Энхсайхан сайд Засгийн газар дээр танилцуулах хэмжээнд хүрч байгаа болов уу?

-Монголчууд өөрсдийгөө чөдөрлөөд байх юм. Монголчууд ардчилалтай, гэтэл зарим нь үүнийгээ буруугаар ойлгоод, хувийнхаа эрх ашгийн төлөө хэрэлдээд байх юм. Үүний ард хувийн өчүүхэн санаа нуугдаж байдаг. Засгийн газар дээрээ хэлэлцээрээ танилцуулаад шийдэг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тодорхой удирдамж, зарчим өгчихсөн. Тэрнийгээ сонсоод Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд шийдээд, цаашаа явах хэрэгтэй. Шийдсэн юмны төлөө хараалгах, хэлүүлэхэд сайхан байдаг. Муу ажилласан бол хариуцлага хүлээлгэ. Сайн ажил хийчих юм бол өнөөдрийн энэ ядарч яваа хүмүүст буян болно, тэр хэдэн аж ахуйн нэгж, энэ хэдэн улсууд ажилтай амьдралтай болоод өөдөө гарна. Дараагийн үе нь сайжруулаад явна.

Өрнөөс айж суух уу?

Өрсөлдөөд ажиллах ёстой юу?

– Монголчуудын санаа бодлыг зовоож байгаа асуудал байна, тэр нь өр. Олон иргэн “Их өртэй болчихлоо яах вэ” гэж их асууж байна. Өрийн тааз гэдэг нь юу вэ, та ямар бодолтой байна?

-Өрийн дээд хэмжээгээ тавъя гэж байгаа нь нэг сонсоход зөв ч юм шиг. Одоо бодоход бид үнэндээ худлаа амьдралаар амьдарч байна. Өрийн тааз ДНБ-ийн 40 хувиас хэтэрч болохгүй,  40 хувиас хэтэрчих юм бол энэ УИХ ч, энэ Засгийн газар ч байх ёсгүй л байх. Одоо тэгтэл өр хэд билээ?

-Улсын өр ДНБ-ий 58.3 хувьтай байгаа…

-Би хэлсэн юм, наадхаа 80 хувь болго гэж. Мөнгө гэдэг бол эдийн засгийг сэлбэх цус шүү дээ. Мөнгөгүй айл яадаг билээ?

-Бүх амьдрал зогсоно?

-Бүх амьдрал зогсоод өлбөрч унах гэж байгаа биз дээ. Өлбөрч унах гэж байснаас хоолоо залгуулаад амьдралаа залгуулаад явж байх ёстой. Тэр мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг л байгаа юм. Цугласан мөнгөөрөө хоёр өдөр цадтал хоол авч идээд 28 хоног өлсгөлөн явах уу, аль эсвэл зөв зарцуулах уу. Улс  яг адилхан. Засгийн газар янз бүрийн зээл авах гэж хөөцөлдөх хэрэггүй.  Жилийн хоёр хувийн хүүгээс дээш зээл  бол Засгийн газар түүний хойноос битгий хөөцөлд. Жилийн хоёр хувийн хүүгээс бага зээл нь 30-40 жилийн хугацаатай, хөгжлийн зээлийг Засгийн газар авч болно. Арилжааны зээлийн төлөө аж ахуйн нэгжүүд явах хэрэгтэй. Гадаадаас импортоор авдаг зүйлийг Монголдоо хийж байгаа бол тийм үйлдвэрийг дэмжчих. Монголдоо юм хийгээд гадагшаа зарах бол түүнийг дуугүй дэмжих хэрэгтэй. Ийм үйлдвэр барих гэж байна, ингэж бид үйлдвэрээ өргөжүүлэх гэж байна, намайг дэмжээд өгөөч гэвэл тэр нь олон улсын стандартад нийцсэн банкны зээл өгөх нь баталгаатай байгаа бол Засгийн газар шууд баталгаа гаргах хэрэгтэй. Энэ бодлогыг хуульд оруулах хэрэгтэй. Өрийн тааз гэж худлаа хэрэлдэж, улс төр хийж “Би өр тавиулдаггүй хүн” гэж суух ямар ч шаардлага байхгүй. Мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг л асуудал байгаа. Одоо бидний тавьсан өр, төлөх гэж байгаа өр хангалттай.

Одоо амьдралд хүрэлцэж ядаж байгаа мөнгө, маргааш, нөгөөдөр, хоёр жилийн дараагаас 500 сая ам.доллар, 1 тэрбум ам.доллар нэхэгдээд ирэхээр юунаасаа гаргах вэ. Өнөөдөр энэ том төслүүд хөдлөхгүй бол юунаасаа гаргах уу, бүгд л төлнө. Танай редакцийн ажилтнууд хүртэл төлнө. Найман хувийн зээл авсан залууд тэнгэр хол, газар хатуу явж байгаа шүү дээ.

-Ипотекийн найман хувийн зээлд манайхны тал нь хамрагдсан байгаа?

-Тал нь байгаа гэж ярьж байна. Ийм л байгаа байхгүй юу. Тэдний амьдралыг зөөллөхийн тулд мөнгө оруулж ирж, хэрэгтэй юм руугаа зараад эдийн засгаа өөд нь татая. Эдийн засгаа өөд нь татна гэдэг хүн бүрийн амьдралд л тусдаг байхгүй юу.

-Монгол хүн Монголдоо сайхан амьдрах арга алга. Эдийн засгийг хэдэн олигархи атгачихсан байна, байгалийн баялгаас олдож байгаа ашгийг цөөхөн хүн хүртэж байна. Ер нь олон нийтийн гэх юм Монголд алга, бид яах вэ гэж асуужээ.

-Монголын энэ зовлон зөвхөн Монголд тохиолдоод байгаа зовлон ч биш байх. Зах зээлд орсон бусад улс орнуудад ч тохиолдож байсан зовлон. Олон нийтийн гэдэг үг хамгийн чухал сонсогдож байгаа. Өнөөдөр Монголд үнэхээр олон нийтийн юм алга. Эмнэлэг, сургуульд яваад очиход улсынх нэртэй ч, томилогдсон захирал бүх зүйлийг мэддэг. Улсын юмаа л гэдэг даргынх нь хувийн юм шиг л хандаж байгаа. Аж ахуйн нэгжид яваад очихоор хэдэн гэр бүлийн компани л яригддаг. Төр рүү яваад оч, тэр нь албан тушаалтнуудынх юм шиг байгаа. Тэрийг хэдийд олон нийтийнх болгодог вэ гэхээр би аж ахуйн нэгжүүдэд таван жил уриалж байна. Хуулиа гаргаад, дээрээс нь Засгийн газрын баталгаа гаргах зээлээ өгөх аж ахуйн нэгж нь олон нийтийнх байх ёстой. Хонконгийн бирж дээр гарлаа гэж байна шүү дээ, дэлхийн баялгаас хуваалцах гээд Монгол руу оруулж ирэх гээд нэг хэсэг аж ахуйн нэгж босгох гээд явж байна. Яг үүнтэй адилхан одоо тэр компанийн эзэн бол нэг гэр бүл биш, тэр компанийн хувьцааг худалдаж авсан хүмүүс тэр эзэмшигч нь байхгүй юу. Өнөөдөр Монголд нэг гайгүй компани явж байя гэж бодъё, дэлхийд зарсан ч гэсэн манайхан тэр биржээр нь ороод хувьцааг нь худалдаад авах эрх нь нээлттэй. Монголын хөрөнгийн биржээр заръя, монголчууд нь тэр хувьцааг худалдаж аваг. Заавал тэр компанийн 90 хувийг барьж байх хэрэггүй. Байдаг ч үгүй, 10, 5 хувь л байдаг. 90 хувийг худалдаад авчихсан, 200 мянган хүн манай хувьцааг худалдаж авсан, мөнгөө архинд өгч, эсвэл банкинд хадгалуулж унагаж байснаас тэр аж ахуйн нэгжтэйгээ хамтдаа баялгаа бүтээж байгаа байхгүй юу. Ингэхээр энэ баялаг олон нийтийн баялаг болж байгаа биз. Энэ рүүгээ бид орох хэрэгтэй.

Харин энэ аж ахуйн нэгжүүдээс юу шаардах вэ гэхээр та нар хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр гарга, монголын ард түмэн худалдаж авах боломжийг олго. Түүнийг шаардах эрхтэй. Эмнэлэг нь олон нийтийн болмоор байна, төр нь, сургууль нь олон нийтийн болмоор байна. Төр нь, нам нь олон нийтийн болмоор байна. Нам гээд ороод ирэхээр хэдэн фракцийн хүлээсэнд баригдчихсан байгаа биз дээ. Тэр намын гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө үйлчилдэг л болох л ёстой байхгүй юу.

-Ер нь манайд хөрөнгийн зах зээл яагаад хөгжихгүй байна вэ?

-Наадах чинь гурав, дөрвөн Засгийн газар яриад, хууль баталсан. Дээрээс нь хөрөнгийн зах зээл хөгждөггүй дотоодын хоёр, гурван шалтгаан бий. Хүн хувьцаа худалдаж авдаг шигээ эргүүлээд хурдан зардаг боломжтой байх ёстой. Хоёрдугаарт, хөрөнгийн зах зээл рүү яваад орохоор үйл ажиллагаа нь ил тод нээлттэй байх ёстой. ААН-үүдийн сонирхлыг оруулчих. Гуравдугаарт, хариуцлагын тогтолцоо нь ойлгомжтой ил тод байх ёстой, төлдөг шимтгэл нь бага байх ёстой. Хөрөнгийн биржийг тэжээх гэж байдаг биш,  маш хурдан хувьчлаад олон улсын стандарт руу нь оруулаад Монголын Засгийн газар 5-10 хувьтай байх нь уу тэрийгээ шийдээд, энэ хөрөнгөө оруулж олон нийтийн болгох гээд байгаа аж ахуйн нэгжүүдийг тэр хувьчлал тэр сонирхлыг нь оруулчих. Тэд нь ТУЗ, удирдлагаа байгуулаад түүгээрээ дамжуулаад ард түмнийхээ мөнгийг авч, түүгээр аж ахуйн нэгжээ томруулаад явах ёстой.

-Таны энэ санааг хэвлэл мэдээллийн байгууллагад хамгийн түрүүнд хэрэгжүүлмээр санагдлаа. Яагаад гэвэл олон нийтийн байна гэдэг нь хэн нэгнээс хараат бус байна гэсэн санаа л даа?

-Чи санаж байна уу, 20-иод жилийн өмнө хийх гэж оролдож байсан. Баабар “Өнөөдөр” сонин гаргана гээд явж байсан. Төмөр замын вокзал дээр “Өнөөдөр сонин зарж байгаа, хийсэж байгаа” реклам тэр үед явдаг. Олон нийтийн болгож, хувьцаа зарах гэж оролдож байгаа юм. 20 жилийн өмнө хийх гэж оролдож байсан зүйлийг өнөөдөр яриад сууж байгаа нь залхуутай байгаа биз.

Залхуутайгаас гадна эмгэнэлтэй байна?

-Бүр эмгэнэлтэй. Эндээс хэн хожоод байгаа юм, хэрэлдээд зогсоогоод байгаа тэр хэсэг бүлэг хүмүүс л хождог байж магадгүй юм. Нэгнийгээ уяад ер нь хэн юу хожсон юм бэ?. Өнөөдөр танай студи байгуулах, хувьцаа зарах гэдэг юм уу, олон телевиз байгуулах, хоолны гуанз байгуулах юмыг УИХ дээр ярина гэвэл яах вэ.

-Нийгмийн салбартай холбоотой асуулт байна, Их дээд сургууль замбараа алга, хүүхдийн эмнэлэг, эрүүл мэндийн асуудал чухал байна. Одоо бүр эмнэлэггүй болох нь хувьчлах сураг гарч байна. Энэ юу гэсэн үг вэ?

-Хувьчлах тухай асуудлыг хэн ч яриагүй байгаа. Би хэлсэн, сонгууль болдог, нэг Засгийн газар байгуулагддаг, сайд томилогддог,  тэр сайдын таньдаг мэддэг хүн эмнэлэг дээр очдог. Мэргэжлийн биш болдог, суудаг эсэргүүцдэг, нөгөө хэдэн эмч, сувилагч нар ажиллаж чаддаггүй. Тэр эмч, сувилагч нарын цалин нэмэгдээд эмнэлгийн үйл ажиллагаа сайжраад иргэд илүү хандаад, тоног төхөөрөмж нь сайжраад ирвэл Монголын эмнэлэг л босно. Хувьчлах тухай асуудал огт байхгүй, нөгөө л олон нийтийн болгох гээд, Удирдах зөвлөл гэж байгуулаад тэндээс эмнэлгийн удирдлагаа томилдог, мэргэжлийн хүмүүсээ томилдог, эмнэлгээ өргөтгөх боломжтой. Наад зах нь эмнэлэг бүхэн байртай, байрыг нь үнэлээд үзвэл аягүй бол таван тэрбум, 10 тэрбум төгрөгийн байр байж байгаа. Энэ байрныхаа 20 хувьд хувьцаа гаргаад ч юм уу, 20 хувьд зээл аваад эргүүлээд эмнэлгээ шинэчилье л дээ. Хувийнхан цөөхөн хэдэн төгрөг олоод, арай гэж эмнэлэг байгуулаад мөнгөө эргүүлж хийгээд эмнэлэг байгуулж байгаа. Яг түүнтэй адил боломжийг улсын эмнэлэгт л олго.

20 хувиараа тоног төхөөрөмжөө сайжруулаад сайн эмч, сайн сувилагч , сайн асрагч аваад, ингээд ирвэл монголчууд дотроо л үйлчлүүлдэг болно. УИХ-ын нэг гишүүн уйлах гэж байгааг би харсан. “Энэ эмнэлэг, сургууль хувьчлалд орох гэж байна.  Ядуу ард түмэн гол нь тасрах гэж байгаа ард түмэнд эмнэлгийг нь үлдээ, ямар шуналтай улс вэ” гээд л. Аягүй бол тэр уйлах гэж байгаа УИХ-ын гишүүн тэр эмнэлэгт очиж үзүүлэхгүй л байгаа даа.

Тэр эмнэлгийн чанарыг сайжруулахын тулд тэр УИХ-ын гишүүний таньдаг тэр хүнийг захирлыг тавьж, түүний өмчлөлд нь шилжүүлэх гээд байгаа юм биш ээ. Харин тэр улс төр, тэдний шийддэг юмнаас холдуулж, өөрийн гэсэн Удирдах зөвлөлтэй,  тэндээ ордог хүмүүс нь УЗ-дөө хяналтаа тавиад, өөрийн гэсэн өмч хөрөнгөө бүртгээд тодорхой хувьд нь хувьцаа гаргадаг ч юм уу. За яах вэ, хувьцаа зэргийг мартая, зээл аваад түүгээр эмнэлгээ өөд нь тат л даа. Төрийн өгдөг төсөв нь хэвээр байж байг. Аль ч оронд байдаг юм амьдрал нь хүрэхгүй байгаа хүмүүсээ ингэж даатгана гээд. Харин тэр даатгалын тогтолцоогоо төр зөв болгочих. Төр нь хэнийгээ даатгах юм. Ямар өвчнийг даах юм. миний бодлоор бол хүүхэд, өндөр настнаа, эх нялхсаа, хавдар гээд янз бүрийн асуудлыг шууд дааж байх хэрэгтэй ч байдаг юм уу . Энэ бодлогоо тодорхой болгоод, нөгөө талд нь эрх чөлөөг нь өг л дөө.

-Та Ноён уулыг ухуулахгүй гэж амлаж байсан, одоо ашиглахаар боллоо. Таны амлалт худал байсан юм уу. Төр Гацууртын ордын 20 хувийг авах гэж байгааг юу гэж бодож байна вэ гэж Эрдэнэбуян гэдэг уншигч асуужээ?

-Зүүнхараад очиж нэг айлд буугаад хүмүүстэй ярьж байсан юм. Миний байр суурь хэвээрээ. Орон нутгийнхнаас асуух хэрэгтэй, энэ Ноён уул ямар учиртай, тэнд байдаг тэр зүйлийг яаж хамгаалах ёстойг орон нутгийн улсууд л шийднэ. Хэрвээ шийдэх шаардлагатай бол орон нутгийн иргэдийн санаа бодлыг нь тусгах хэрэгтэй.

Тэнд чинь манай өвөг дээдсийн, хүннүгийг үеийн булш бунхан байна гэж ярьдаг, түүнийг ухна, ухахгүй гэж ярьдаг. Олон нийтийн хүртээл болгоод хяналт тавиул. Хөндөхгүй гэвэл хил хязгаарыг нь тогтоох л байхгүй юу. Тэр орон нутагт байгаа 17 мянган иргэнийг зарим хүмүүс төлөөлж байна уу үгүй юу. Ямар бодолтой байгаа юм. Хоёр талаасаа л ярь л даа. Нямсүрэн гуай гээд УИХ-ын гишүүн байсан, тэнд амьдардаг багш хүн сэтгэгдлээ бичсэн байна лээ, энэ ийм учиртай гээд өөр өнцгөөр ярьж байгаа хүмүүс ч зөндөө байна.

Тэр хүмүүс бүгдээрээ сууж байгаад төвийн удирдлага нь очиж байгаад миний УИХ руу Нийтийн сонсголын тухай хууль гээд оруулсан даа. Тэнд УИХ-ын нэг байнгын хороо нь очоод асуудлыг сонсож байгаад шийдчихэж болно. Дахиад үүнийг дэлхийн асуудал болгоод, дахиад Монголын асуудал болгоод, дахиад шийдүүлэхгүй асуудал болгоод байвал Монгол л хохирно. Өөр хэн ч хохирохгүй.

-Бас нэг сонирхолтой асуудал олон дахин давтагдаж байна. Хархориныг хөгжүүлэх таны саналыг олон хүн мартаагүй юм шиг байна. Тэр бол миний санаж байгаагаар 2004 онд яригдаж байсан санаа. Энэ санааг төлөөлүүлээд Итгэл гэж хүний асуултыг тавъя. Та олон жилийн өмнө санаачилсан, нийслэлийг Орхоны хөндий рүү нүүлгэх саналаа мартсан уу. Энэ санаагаа орхисон уу, би бол дэмжиж байсан юм гэж асуусан байна?

-Нийслэлийг Орхоны хөндий рүү нүүлгэх ч биш юм л даа. “Хархорум босвол Монгол босно” гэж би үг хэлж, нийтлэл бичиж байсан. Өнөөдрийн Хархорин сумын иргэдийг цуглуулаад тэрнийгээ ярьж байсан. Үнэхээр Хархориныг Монголын бүтээн байгуулалтын нэг шинэ төв болгоё гэсэн бодол надад байсан.

2004 онд Ерөнхий сайд болоод манай Засгийн газар Хархорхиныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулсан. Тэр үед Баабар энэ асуудлыг хариуцсан миний зөвлөх байлаа,. Хажууд нь маш том асуудал оруулсан, сумдыг цөөлөөд хангайтай, говьтой нь оруулаад бага хаадын үед гаргаж ирж байсан тогтолцоог бий болгоё гэсэн. Таван аймагтай 70 сумтай болгоод Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөө хийчихье, Хархорумыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрөө баталъя. Хархорум  нисэх онгоцны том буудалтай, төмөр замтай болно гэж байсан.

Хархорум чинь Их монголын гүрний үед ч Монголын төв цэг байсан, одоо ч төв цэг байдаг. Хархоринд хангай, говийн бүх ачаа ирдэг, салбарлуулаад аж ахуйн нэгжүүдэд газрыг нь өгчихнө. Жаахан жаахан төмөр зам тавиад том том агуулах барьчихна. Лас Вегас зэрэг Америкт хөгжсөн хот бий, түүнийг их өөрөөр тайлбарладаг. Лос-Анжелес, Сан-Францискогоос тэнд том том агуулах байгуулаад төмөр зам бариад, дэд бүтэц татаад хөгжүүлсөн гэж ярьдаг. Түүнээс казино байгуулаад ч хөгжсөн юм биш. Тийм бүтцийг Хархоринд бий болгоё гэсэн. Тэр үед хөтөлбөрийг УИХ-руу оруулаад баталж өгөөгүй. Тэр бол 2005 оны УИХ.

-Бид бол их найдаж байсан, анхны хамтарсан Засгийн газар байсан биз дээ?

-Дахиад бод, би есөн жилийн дараа тэр тухай яриад сууж байна. Тэр үед УИХ-руу оруулахад тэр ургийг авчихсан байхгүй юу. Тэр хүүхэд мэндэлчихсэн бол Монголын Улаанбаатарын утаа, маш олон асуудал шийдэгдэнэ. Хархорин өөрөө хөгжлийн асуудал байсан. Тэр үед Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай хамт очиж, Соёмбын хөшөө босгож байлаа. Энэ бол Монголын төв байна гэж.

Засаг захиргааны шинэ нэгж олон нийтийн дэмжлэг аваад батлагдчих болов уу гэж найдаж байсан, талаар болсон байна?

-Зураг болоод л үлдсэн. Б.Чимэд гуай гээд маш олон хүн дэмжиж байсан юм даа.

-Хархорины Засаг дарга болох гээд явж байсан гээд таныг сүүлд телевизийн мэдээнд дурдагдаад цацагдсан шүү?

-Засаг даргыг яагаад муу албан тушаал гэж бодоод байгаа юм бэ. Хархориныг хөгжлийн төв болгоё, тэнд нь хариуцаад зүтгэе гэсэн бодол төрж л байсан. Сонгууль болоод, би хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайд болоод тэр бодлоо хэрэгжүүлэхийн тулд үндэсний хөтөлбөр боловсруулж УИХ руу оруулж байсан. М.Энхсайхан том хөтөлбөр хариуцаад явж байгаа гэдэг шиг яг ийм маягаар ажлын хэсэг байгуулаад тусад нь Шадар сайдын хэмжээнд албан тушаал бий болгоод явъя гэсэн саналтайгаар оруулж байсан боловч УИХ дээр унасан. Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт ч унасан. Одоо би унасан юм яриад суух уу. Есөн жилийн өмнөх юм шүү дээ.

-Тавантолгойд таныг өөрийн ашиг сонирхолтой, хувьцаатай гэж сүүлийн үед ганц нэг нэвтрүүлгээр гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Ганц нэг ч юу байх вэ дээ, тодорхой зохион байгуулалттайгаар өнөөдрийн Тавантолгойг явуулахгүй гэж л тэгж байгаа шүү дээ. Надад Тавантолгойд хүрз нүүрсний ч сонирхол байхгүй. Ах дүүгээ аваачиж тавиад нүүрс ухуулаад газар өгүүлээд хашаа бариулаад юм хийлгэдэг хүн би биш. Өөрсдийгөө тэгж бодоод байх юм. Яг үнэндээ Тавантолгойн асуудлыг хуйвалдааны аргаар шийдэх гэж байхад нь Ардчилсан намын дарга байхдаа бид гаднаас нь таслан зогсоож байсан. Эрдэнийн хувь гэж бий болго, хэдэн улстөрч нийлүүлээд шийдэх гэж байгаагаа оролдлогоо тасал гэж.. .Зарим хүн зүүдээ ярих гэж хулгайгаа ярив гэгч л болж байгаа байхгүй юу.

2008 онд Ерөнхий сайдаар С.Баяр болоод Тавантолгойн дөрвөн хувийг лиценз эзэмшигчид нь өгье гээд шийдсэн. Тэд харин зөөсөөр байгаад өнөөдөр нүүрс зөөдөг дэд бүтэц бий болголоо шүү дээ. Нэг ч биш хэдэн аж ахуйн нэгж байх шиг байгаа юм. тэнд миний ямар ч сонирхол байхгүй. Тэгж таслаад, түүнийг тас цохисон байхгүй юу. Тэгээд нөгөө талд нь төрийн гэж аж ахуйн нэгж байгуулаад тэр нь өрөнд ороод.. олон улсын тендэр зарлах гээд явсан. Оюутолгойг 2003 онд өгсөн, өр төллөө гээд баахан шоу явсан даа. Тэр үед Оюутолгойн ашиглалтын лицензийг л өгчихсөн. 50 сая ам.доллар Фрийдланд гэдэг хүнээс зээлж авлаа гээд. Тэгээд л Оюутолгой хүнийх болсон. Тэгэхэд Ашиглалтын лицензийг өгөөгүй бол өнөөдрийн уйлалдаж байгаа асуудлыг өөрөөр шийдэж болно. Тэр үед уг нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болох боломжтой байсан. Тэр үед гэрээ хийгээд өгчихснөөс болж өнөөдөр 51 хувь дээрээ байгаа. Тэр үед гэрээ хийгээд л 51 хувь дээр нь зогсоочихсон байхгүй юу. Газрын төлбөр, усны төлбөр, ашигт малтмал ашигласны төлбөр гээд уг нь Монголын хувь 70 гаруй хувьтай болсон байсан юм шүү дээ. Түүнээс хойш өсгөхөд 100 хувь Монголынх болох боломж байсан.

Ийм л зүйл байдаг юм. Тэгэхээр бид урагшаа харж хийх ёстой асуудлаа үе үедээ шийдээд явчихвал зүгээр. Арван жилийн өмнө, есөн жилийн өмнө шийдэгдээгүй том бүтээн байгуулалтын өнөөдөр яриад сууна гэдэг үнэхээр байж боломгүй асуудал байгаа юм.

Шүүхийн шинэтгэл: Урагшлах уу, ухрах уу?

-Дараагийн багц асуудал бол хууль шүүхийн байгууллагуудтай холбоотой асуултууд байна. Шүүгч нарыг өндөр цалинтай болгосон гэдэг шүүмжлэл маш их байна. яагаад энэ их улайрсан эсэргүүцэлтэй тулж байгаа юм бол. Магадгүй энэ бол зөв шийдвэр биш байсан юм болов уу?

-Шударга ёсыг хэрэгжүүлье, төр нь шударга байя, хууль шүүхийн байгууллага сайн ажилладаг болъё гээд бид ярьж байгаа. Төгс болно гэж хэзээ ч байхгүй. Хүн л байгаа цагт,  төр л байгаа цагт, муу сайн улсууд очих нөхцөл байгаа л бол хүний үйл ажиллагаа, нөлөө оролцох зүйл байдаг. Түүнийг хуулиар өөрчилье. Нөгөө нэг зүйл бол шүүгч нь баталгаатай, хуулиа бариад асуудлыг шийдчих боломжтой. Эдийн засгийн баталгааг нь төрөөс хангаж өгнө гээд бүх хуульд байдаг юм шүү дээ. Өнөөдөр хүний аяга руу, айлын тогоо руу өнгийгөөд явж байгаа шүүгч асуудлыг хуулийн дагуу шударга шийдэж чадах уу. Хүнээс утасны нэгж гуйгаад явж байгаа шүүгч шударга шийдэж чадах уу. Өмсөж яваа хувцаснаасаа санаа нь зовоод хуралдаа орохдоо ямар хувцастай орох вэ гээд бодоод явж байгаа шүүгч шударга шийдэж чадах уу. Шүүгч нарын цалинг арай өндөр тавиад өгье. Шүүгч нарт өгч байгаа цалин нэмэгдэх юм бол нийгмийн хариуцлага ирдэг. Чи яагаад асуудлыг буруу шийдээд байна, чиний цалин өнөөдөр ийм байхад  ямар учраас хахуульд орооцолдож байна гэж асуудаг болно.

Зарим нь их цалин өгөхөөр хахууль зогсож байгаа юу гэж асууж мэднэ. Ийм асуулт гарч байгаагаараа шүүгчийг хариуцлагатай болгож байгаа. Тэгээд энэ ажлыг шүүгч нараасаа эхэлье л гэсэн юм.

-Цэцийн сүүлийн шийдвэрээс болж ойлгомжгүй байдал үүслээ. Шүүхүүд буцаад байр байр руугаа нүүх үү. Та энэ шинэтгэлийг эхлүүлсэн хүний хувьд асууя?

-Шууд хариулъя, хугацааны хувьд Цэц 2015 оны долдугаар сарын 1 гэж тавьсан байна билээ. Би л бол хэрэгжүүлэх хугацаагаа хойш нь тавьж өгөөч ээ, 2021 оны долдугаар сарын 1-нээс эхэлье гэвэл яасан юм бэ гэж бодож байгаа. Одоогийн тогтолцоогоор нь явуулаад үзье. Одоо буцаах гэхээр газар бүрт шүүх байгуулна гэвэл дахиад 100-гаад шүүгч томилно. Дахиад л цалин мөнгө, дахиад л ажлын байр. Баахан зардал байгаа. Эцсийн шийдвэр гарсан, хэрэгжүүлэх хугацаагаа дахиад жаахан хойш нь татчих. Дараагийн Ерөнхийлөгч гараад, 2021 оноос, ардын хувьсгалын 100 жилийн ойгоос хэрэгжүүлж болно.

Ер нь бол тойргийн шүүх гэхээр байршилтайгаа андуурч байгаа. Засаг захиргааны нэгжтэйгээ. Сум бүхэнд шүүх байдаггүй шүү дээ, тэгэхээр дүүрэг бүрт шүүх байна гэсэн ойлголт байхгүй. Хүмүүс нь хаана их төвлөрч байна, түүнийгээ дагаж асуудлаа шийддэг. Тэрнээс биш зурсан зураг, цэс дагаж амьдрал явдаггүй. Хаа сайгүй л сүлжиж явж байна.

Нэгэнтээ Цэцийн шийдвэр гарсан учраас хугацаан дээр нь ярилцая л гэсэн ийм бодолтой байгаа.

-Иймэрхүү том асуудал дээр Монголын төр яагаад нэгдмэл байр суурьтай байж чаддаггүй юм бэ. УИХ-аас гаргасан баримт бичгүүд дээр буцаагаад тээг тавиад байх юм аа гэж Цэцэд хандсан асуулт бололтой?

-Монголд нэг л хүн амьдардаг байсан бол нэгдмэл байр суурьтай л байх байсан.

“Саус Гоби Сэндс” монголчуудад сайн нэр авчрах уу?

-Баялаг үйлдвэрлэгч бизнесмэнүүдээ дарамталдаг, хорьж цагддаг гээд шүүмжлэл сүүлийн үед их гарч байгаа. Хэвлэл мэдээллээр ч их бичиж байгаа. “Саус гоби сэндс”-тэй холбоотой 20-30 асуулт ирсэн. Энд төвлөрөөд хэд хэдэн асуулт тавъя, гол нь татварын хэргээр ял авсан гадаадын гурван иргэн уучлал хүссэн. Эхний хүн та уучлахгүй биз дээ, уучлах ёсгүй шүү. Монголын хууль гадаад, дотоодын иргэнд ижил тэгш үйлчлэх ёстой гэж асуусан байна?

-Хууль шүүхийн байгууллага ийм байна, ийм дутагдалтай байна, цагдаж хорьж байна гээд янз бүрийн асуудал байгаа. Дутагдлаа засахын төлөө явах ёстой. Байгаа боломж ард түмний итгэл, үнэхээр биднийг ажил хийгээсэй гэж хүсч байгаа үед бүх боломжоо дайчлан бид ажиллах ёстой. Одоо Эрүүгийн хуульд орж байгаа өөрчлөлтөөр том өөрчлөлт болно. Эрүүгийн хууль, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хуучин өмнө явж байсан системийн үргэлжлэл. Жаахан засвар хийгдээд явж байсан. Одоо үүнийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй болсон. Эрүүгийн хуулийн өгүүлбэр бүрийн дараа хүний эрх гэж байгаа. Тэр хуульд нар, сар, хийсвэр юмны тухай яриагүй. Нараа, Сараа гээд бодит хүний тухай ярьж байгаа, тийм учраас өгүүлбэр бүрийн ард, заалт бүрийн ард хүний эрхийн асуудал байгаа.

Яригдаж байгаа шүүмжлэлийг багасгахын төлөө, засахын төлөө явна. Мэдээж төгс төгөлдөр юм болохгүй байх, гэхдээ бид энэ суурийг тавьж өгөх хэрэгтэй. Аль нэг албан тушаалтан яваад өгөхөд сайн юм нь явдаг биш, харин сайн юм нь хуулиндаа ороод, тогтолцоондоо ороод, тэр нь төрийн соёл болоод үлдсэн байх ёстой байхгүй юу. Үүний төлөө явах хэрэгтэй.

“Өмнийн говийн элс” гээд тэр компанийн улсуудтай холбоотой асуудал гараад байгаа. Монголын өнгөрсөн 25 жилд гарсан хүндрэлтэй асуудлыг шийдэхэд хэцүү байсан асуудлаа бодоод, түүнээсээ сургамж аваад, хуулиа яаж сайжруулах вэ гээд л оруулах ёстой. Аж ахуй эрхлээд ажил хийгээд татварын тодорхой зөрчилд орлоо гэж бодъё л доо, татвар төлөөгүй ч байдаг юм уу, ямар нэг шалтгаанаар. Тэгэхэд заавал шоронд бариад хийдэг биш, гадна дотно хамаагүй. Татварын газар нь, төлөх ёстой улсууд нь суугаад шүүхийн хажууд ирээд баталгаажуулж өгдөг. Танайх гурван тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой юм байна, одоо төлөх гэхээр төлж чадахгүй юм байна, таныг бид шоронд барьж хийхгүй, хоёр жилийн хугацаанд багтаж төл гэдэг. Үнэхээр төлөхгүй зугатаад яваад байгаа бол дараагийн арга хэмжээ, хариуцлагыг авах л ёстой байхгүй юу.

Одоо 30 тэрбум гэнэ үү, 40 тэрбум гэнэ үү. тэр бүхнийг ингэж гаргаж шийддэг юм руу орох хэрэгтэй. Зөвхөн тэр “Өмнийн говийн элс” ч биш, УИХ саяхан судалгаа гаргуулж авсан байна лээ.

Аж ахуйн нэгжүүд татварын асуудлаар хууль шүүхийн байгууллага дээр асуудалтай байна вэ гэтэл 780 гаруй байсан. Та нар хэдхэн гэж бодож байж магадгүй, гэтэл тэрний 60-70 хувь нь хоёрхон том шүүхийн тойргийн төвшинд асуудалтай байна гэж байгаа. Ийм байгаа нөхцөлд хууль дүрэм, одоогийн шийддэг аргаа л өөрчлөх хэрэгтэй. Аж ахуйн нэгж татвараа төлөөгүй байгаа бол тэр аж ахуйн нэгж нь хариуцлагаа хүлээдэг. Танай агентлаг татвараа төлөөгүй байгаа бол хүнийг нь барьж хорих биш, дөрвөн сая төгрөгийн татвараа дөрвөн сарын дотор ингэж төлнө шүү гэж тогтоол гаргадаг. Хэрвээ төлөхгүй зугатаах юм бол дараагийн арга хэмжээг нь авдаг байх ёстой.

-Энэ бол цоо шинэ хандлага юм биш үү. Одоо бол татвар дээр хэрэг үүсгээд шүүх дээр очвол ямар нэг байдлаар ял юм уу, гэм буруутай болж гардаг болсон байна?

-Цоо шинэ нийгэм рүү, цоо шинэ харилцаа руу орж байгаа цоо шинэ хандлага. Үүнийг бид хэрэгжүүлэх ёстой.  Амьдралд гарч байгаа хандлага. Хүнийг шоронд хийлээ гээд мөнгө  төлөгддөггүй. Зарим нь одоо бүр “5 жил, 10 жилийг аваад оръё, 50 тэрбум, 100 тэрбумыг төлөхөө больё” гээд орхичихож байгаа.

Тэгвэл хохирлыг л төлүүлчих, тэр хохирлыг төлүүлэх нөхцөлөөр төр нь хангаад өг. Аль ч оронд тийм шаардлага тавьдаг, манайд ирээд хөрөнгө оруулчихсан ажиллаж байгаа бол манай улсын хуулийг л дага. Хэрвээ та манай улсын хуулийг дагаж чадахгүй, зөрчих юм бол яв, тэгээд л гаргадаг шүү дээ.

Манайхан хүртэл хар тамхи зөөсөн гэсэн цаазын ялтай хүнийг гуйсаар байгаад буцаагаад аваад ирж байгаа болж л байгаа биз дээ. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гээд улс хооронд байдаг юм. Зарим оронд татвар гааль гээд авлигад автах юм бол иргэнээ ингэж шийтгэнэ гээд хуультай улс орон дэлхийгээр нэг байна. хууль зөрчсөн юмыг нь тухайн орон руу мэдэгдчихдэг, танай энэ хүн ийм ийм хууль зөрчлөө, тэр хуулийнхаа дагуу арга хэмжээ аваарай гэдэг.

Нэг хүн суулгаад гаргахгүй байна, хоёр жил хорьж байна, эх, эцэг нь муу байна гээд баахан юм бичигдээд байдаг шүү дээ. Үүн дээр миний байр суурь маш тодорхой, барьцаа аваад л гаргаад явуулаг. Ирэхгүй гэж бодож байгаа бол ахиухан шиг барьцаа аваад гарга. Хүн нь ирэхгүй бол барьцаа нь улсын орлого болно. Эргээд ирвэл барьцааг нь эргүүлж өгөөд хүн дээрээ мөрдөн шалгалтаа үргэлжлүүлээд л хийдэг байя.

“Өмнийн говь элс” гээд дээр гурван хүн шийтгэгдлээ гэж байна,  Тэнд байж боломгүй л юм харагдаад байгаа. Эхлээд 200 гаруй тэрбум төгрөг, тэгснээ д 80 тэрбум, тэгж байгаад 30 хэдэн тэрбум боллоо л гэнэ. Жирийн хүн бодож байгаа шүү дээ. Татвар гэдэг маш тодорхой томъёотой. Танайх ийм хэмжээний бараа зарсан байна, ийм хэмжээний  үйлчилгээ үзүүлсэн юм байна, ийм орлого олсон байна, ийм ашиг гарч байна, ийм хэмжээний татвар ногдох юм байна гээд томъёогоор тооцоод гаргаад л ирнэ. 10 хувийн НӨАТ, 10 хувийн аж ахуй нэгжийн татвар ногдох юм байна гээд тооцоод гаргаад ирдэг тусгай аргатай шүү дээ.

Тэгвэл тэгж хэдэн зуун саяаар дээш доош үсэрч явдаг татварын тооцоо гэж юу байна аа. Хэрэв татварын байцаагч хэдэн зуун сая дотор үсэргэж, хувь хүний үзэмжээр асуудлыг шийддэг хууль байгаа бол хуулиа бид маш хурдан өөрчлөх ёстой. Ингэж өөрсдийн аж ахуйн нэгжийг ч, гадаадын аж ахуйн нэгжийг ч зовоож болохгүй.

Энэ их хурдтай мэдээллийн эрин зуунд Монгол Улсад юу болж байгааг дэлхийгээрээ нэг мэддэг болсон. Өмнө нь нэг зуун жилийн өмнө, Иерусалимд бөмбөг дэлбэрэхэд миний хөгшин аав мэддэггүй байсан байх. Одоо бол, юуг ч дэлхийгээрээ нэг ярьдаг болсон. Наад зах нь тэр улсыг сонирхож байгаа хүмүүс хэн, хаана, ямар хууль дүрэм зөрчсөн гэдгийг мэддэг болсон. Ийм хурдтай орчинд  улс үндэстэн бүр энэ байдалд нийцүүлэн хууль дүрэм, журмаа өөрчилж нийцүүлж явах хэрэгтэй. Хүмүүс асуусан байсан. Өмнө нь прокурор хэдхэн цагийн өмнө торгох ял төлөвлөж орж ирсэн бол хэдэн цагийн дараа хорих ял болгон өөрчилж байсан тухай. Тэр хүнд нөлөө орсон бол тэр нөлөөллөө хэлээд,нөлөөлсөн хүнд нь хариуцлага хүлээлгэх ёстой. Эсвэл өөрөө өөрийн итгэл үнэмшлээрээ өөрчилсөн бол өөрөө хариуцлага хүлээх ёстой. Монгол Улс гаднын гэлтгүй, гадна, дотногүй бүх хүнд ижил хариуцлага хүлээлгээд шийдээд л явах ёстой. Ийм зүйл гардаггүй нөхцөлийг шинэ хуулиараа шийдэж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн байгаа хуулиар ч гэсэн энэ асуудлыг шийдээд явах боломжтой.

Хэрвээ энэ асуудал дээр чи яаж хандах гэж байна гэж асуувал би Монголын нэрийг л бодож хандана. Монголын нэр надад хайран байна. Жишээлбэл, Монгол төгрөгийг маш ихээр хэвлээд байвал ханш нь унаад сонины цаас шиг л болно шүү дээ. Монголыг тийм хэлбэррүү бид оруулж болохгүй. Ингэхгүйн тулд бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Зээл тусламж гэхээр нөгөө авсан өр нь нэмэгдээд байна. Харин гадаадын хөрөнгө оруулалт гэхээр тухайн хүн өөрөө хариуцлагаа хүлээгээд өөрсдөө орж ирж байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулалт их бага нь хамаагүй яагаад чухал вэ гэхээр Монголд орж ирээд ахиухан мөнгө л зарцуулаг. Зарим нь зардал их гаргаад байна гэж байгаа Монголын нутаг дээр зардал их гаргах хэрэгтэй. Түүгээр дамжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хоол унд, зам барилга, хэрэгтэй зүйлсийг нь нийлүүлж,үр дүнд нь монгол хүнд мөнгө болж орж ирнэ. Энэ хэмжээгээр Монголын эдийн засаг нэмэгдэж, өмч хөрөнгө нэмэгдэнэ. Тэгэхээр асуудалд бид нар Монголоо бодож хандах хэрэгтэй.

-Иргэн Бямбасүрэн гэдэг хүнд та өршөөл үзүүллээ, их баярлаж байна. Одоо Монголынхоо газар шороны төлөө явсан Иргэний хөдөлгөөний Мөнхбаярт өршөөл үзүүлэх боломж байна уу гэж асуусан байна?

-Хүн хүнийхээ төлөө явж байна гэдэг бол маш сайн хэрэг. Мөнхбаярын төлөө санаа зовоод явж байгаа тэр хүмүүсээс магадгүй би дутуугүй санаа зовж байж мэднэ. Хувь хүний зан авирын хувьд бид нар ойролцоо ч байж магадгүй. Тэгэхээр би маш товчхон байгаа байдлыг хэлчихье. Анх Мөнхбаяр болон тэр хүмүүс Сэлэнгэ аймагт нэг байгууллагын хашаа руу буудаад мод руу зугтаж орсон тухай асуудал гарч, Монгол Улсын хууль зөрчсөн. Тэр зөрчил нь ял авах байтал түүнийг шүүх хэлэлцээд, сануулаад,  хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Баахан өр төлбөр гарсныг хэрэгсэхгүй болгож байсан. Монгол Улсын шүүх шийдвэр гаргахдаа Монгол Улсын нэрийн өмнөөс гэж шийдвэр гаргадаг.  Яг үнэндээ тэр шүүгч өөрөө шийдвэр гаргаж байгаа хэрэг биш, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа шийдвэр. Монголын ард түмний нэрийн өмнөөс хууль барьж шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын шүүхийн шийдвэр гэдэг бол ямар нэг хэмжээгээр Монгол Улсын нийтлэг эрх ашигтай  холбогдсон гэсэн үг.

Шүүхийн шийдвэрт хэн ч нөлөөлөх эрх байхгүй. Түүний дараа гол мөрөн, ашигт малтмалын асуудлаар шаардлага тавьж надтай уулзаж байсан. Тэр үед нь би хэлж л байсан. Ардчилсан холбооны гишүүн, партизан гээд бид сайн мэднэ л дээ. Тэгээд уулзаж байхдаа хэлсэн юм. “Мөнхбаяр аа, бид нийгмийг өөрчилж явахдаа,тэр хүнд хэцүү цагт хэн нэгэн рүүгээ чулуу шидэж яваагүй шүү дээ. Тэгвэл энэ үед хэний ч өмч рүү буу шийдэм барьж дайрч давшилж болохгүй. Иргэний хөдөлгөөн, иргэний нийгэм гэдэг бол аливаа асуудалд иргэнлэг аргаар асуудалд хандаж шийдэх хэрэгтэй. Хэдүүлээ ярилцаж суугаад хууль дүрмээ барьж асуудлаа шийдье” гэж хэлж байсан юм. Энэ бол миний хэлсэн хоёр дахь үг. Нэг нь тэр шүүхийн шийдвэр, нөгөө нь энэ. Буу шийдэм, гранат, тэсрэх бөмбөг гээд манай нийслэлд ч юм уу, манай нэг газар иймэрхүү зүйл болбол Монголын нэр хүнд юу болж харагдах вэ. Өнөөдрийн байгаа байдал муу байна гэж байна. тэгвэл ийм хэрэг гарсан бол ямар улстай ижил болж, ямар түвшинд очих вэ. Тэгээд үнэхээр санаа зовж байсан. Яагаад ийм хэрэг хийх болов, яагаад ийм үйлдэл гаргав гээд асуухад мундаг тайлбар хэлэх л байх. Гэхдээ бид хуультай дүрэмтэй улс. Тэгээд тэр хэрэг нь өөрөө маш хүнд зүйл ангитай. Зандалчлах гээд 21 жилийн ялтай. Тэр хэрэг нь давж заалдаад долоон жилийн хорих ял болсон. Гурав дахин багассан байгаа. Би үүнийг л хэлье. Үнэхээр тэр хууль, шүүхийн байгууллага тэр зүйл ангид байж болох хамгийн бага ял өгсөн гэсэн үг. Би үүн дээр нэг зүйл нэмж хэлье. Ямар ч ариун зорилго байсан Монголд хүмүүс бие биеийнхээ өөдөөс галт сумтай буу зэвсэг, тэсэрч дэлбэрэх аливаа зүйлийг ашиглаж болохгүй.

-Тэгэхээр та өршөөл үзүүлэхгүй гэсэн үг үү?

-Өршөөлийг УИХ шийднэ. Хүмүүс зарим нь ташаа ойлгоод байдаг юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч бүх асуудлыг шийддэг гэж ойлгодог. Зарим нь Монгол Улсын аав, эцэг гээд л бүх зүйлийг шийддэг гэдэг. Яг шийддэг зүйлийг аваад үзвэл хэцүү. Эдийн засаг дээр гэхэд тэнд нэг сайд буруу шийдвэр гаргаад, ажлаа хийхгүй байна. Та дуудаад загнаж өгнө үү. Та энэ асуудлыг өөрчлүүл гээд л маш олон зүйл хэлдэг. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд бие даагаад хийчихдэг засаг, УИХ-тай хамааралгүй гуравхан зүйл байдаг. Энэ нь буруу гарсан хуульд хориг тавих. Дээрээс нь дээр асуусан уучлал үзүүлэх. Тэр нь өөрийн дэг журамтай. Наад зах нь л гэхэд өөрөө хүсэлт гаргаж өргөдөл бичих ёстой. Хүнээр бичүүлж хэлүүлээд байх шаардлагагүй. Бичиг үсэгтэй бол өөрөө л өргөдлөө гаргана. Уучилна гэдгийн цаана нэг зүйл байгаа. Ялтан нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэсэн үг. Зарлигт ялтан түүнийг уучилсугай гэж гардаг, түүнээс цагаатгана гэж байхгүй. Ялтан чиний эдэлж байгаа тэр хугацааг энэ өдрөөс эхлэж уучилж, чи ялаа эдлэхгүй болж чөлөөлөгдөнө гэсэн үг. Дээр нь чи хуулийг хэлбэрэлтгүй дагах хэрэгтэй. Мөн төрийн хайр энэрлийг дааж яваарай гэсэг үг. Дараагийн гурав дахь бол шагнах асуудал. Энэ гурав дотор асуудал байгаа бол надаас шаардаж болно. Яг миний дангаараа шийдэх боломжтой гурван зүйл бол ердөө энэ.

-Улс төрийн тогтолцооны талаар нэлээдгүй асуулт ирж. Парламентын тогтолцооны хүрээнд Ерөнхийлөгчөө УИХ –аас сонгодог болвол ямар вэ гэсэн байна?

-Саяхан би хамгийн сүүлд Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Түүний өмнө олон жилийн өмнөөс уриад байсан Чехэд богино хэмжээний айлчлал хийсэн. Чехийн Ерөнхийлөгч гээд өндөр настай сайхан өвгөн байна лээ. Тэр хүн Чехийн хувьсгал, тэмцэлд оролцож явсан гэж байсан. Надтай уулзаад ингэж хэлж байна лээ. “Манай Чех парламентын засаглалтай улс. Парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог байсан юм. 1990 оноос хойш 20 гаруй жил сонголоо. Тэгтэл тэр Ерөнхийлөгчөө сонгох сонголт зүгээр л сайдын томилгоо шиг болж, хэдэн фракцын хоорондын улс төр болсон. Ерөнхийлөгч сонгох гэдэг нь яамны дэд сайдын хэмжээтэй л асуудал болсон” гэж байна лээ. Одоо манайд сайд, дэд сайд томилоход гардаг хэрүүл маргаан шиг болсон юм байна л даа. Тэгээд Чехийн ард түмэн улсаа төлөөлж байгаа Ерөнхийлөгчөө ийм нэр хүндгүй болголоо гээд хуулиа өөрчилж, сая миний  уулзсан Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч болсон юм байна. Бид юуг яаж өөрчлөх гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй юм.

-Засгийн газрын бүтцийг хатуу хуульчилмаар байна. Гарч ирсэн Ерөнхий сайдууд өөрсдийн дураар бужигнуулаад байна гэнэ. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?

-Хуулийг хатуу бүтцээр хуульчлах хэрэгтэй. Одоогийн энэ УИХ-ын үлдэж байгаа хугацаанд тэнд энд яваа янз бүрийн асуудлыг татаж ярих биш. 2 өдөр нь чуулган, 2 өдөр нь байнгын хороод, нэг өдөр нь намын бүлгийн хурал гээд харахад зөвхөн Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа хуулиудыг хэлэлцэхэд хугацаа багтахгүй дутмаг санагдаж байгаа. Ийм их ажил энэ УИХ-д байна.

– Украины асуудлаар таны байр суурийг сонсоё. Давост энэ тухай ярьсан гэж сонссон гэж асуусан байна?

-Давост ч би энэ талаар ярьж байсан.Нэгдүгээрт, энэ дайныг маш хурдан зогсоох шаардлагатай. Европт энх тайван тогтоод 50 жил болоход бүх зүйл амгалан болж ямар нэг асуудал гараагүй энэ газар дайн гараад явж байгаа бол маш муу зүйл. Хамгийн сүүлд дөрвөн орны Ерөнхийлөгч суугаад гал зогсоох хэлэлцээр хийж байна. Энэ дайнаа маш хурдан зогсоох хэрэгтэй. Миний гаргаж тавьсан шийдэл бол Крымтэй холбоотой шийдвэрүүд, шийдлүүдийг маш хурдан зогсоогоод царцаачих хэрэгтэй. Аль аль тал нь үүнийг сөхөх шаардлагагүй. Мөн Украинтай холбоотой Европын холбоонд элсэнэ энэ тэр гэсэн шийдвэр, шийдлүүдийг царцаах хэрэгтэй. Нэг хэсэгтээ үүнийг ярихаа больё. Тэгээд Украин өөрөө өөрсдийгөө өөд нь татах ажлаа хийг. Яг үнэндээ тэд юуг хийгээгүй гэхээр хувьсгалаар гарч ирээд авилгатайгаа тэмцээгүй. Наад зах нь хууль санаачлаад яваагүй, асуудлаа шийдэхийн төлөө яваагүй.  Нөгөө Шүүхийн тухай хууль, авилгатай тэмцэх гээд маш олон асуудлаас болоод дотоодын дайн байлдаанд хүрч байгаа юм шүү дээ.

-2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Монголд хийхээр болсон. Тэр олон улсын удирдлагыг Монголд уриад нүүр улайлгахгүй зохион байгуулж чадах уу?

-Шийдвэр нэгэнт гарсан. Монголын нэрийг муугаар гаргахгүй байхын төлөө зүтгэх хэрэгтэй. Өнөөдөр төсөв мөнгө хүндрэлтэй байна. 50 тэрбум төгрөг төсөвлөөд шийдүүлэхээр УИХ-д оруулсан, хэлэлцээд таван тэрбум болгож баталсан. Яагаад хасч байна гэхээр эдийн засаг явахгүй байна. Мөнгө алга байна гэсэн. Тэгэхээр эдийн засгийн энэ том том яриа хэлэлцээг Засгийн газарт нь өгөөд бушуухан шийдүүлэх хэрэгтэй. Юун АСЕМ манатай. Талх таллаж авч байгаа хүмүүс байна. Тэр хүмүүс юунаас болж ийм болсон бэ. Өнөөдөр Тавантолгой явахгүй байна. Оюутолгой явахгүй байна. Өнөөдөр тэр олон том төсөл, нөгөө төмөр зам, тэр бүхнээс л болж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн төлөө нөгөө хүмүүс орилж байна уу.Тэр хүмүүсийн төлөө хашгирч байна уу. Миний нэг хэлээд байгаа зүйл бол ард түмний нэрийг барихдаа хүрвэл юм хийе, юм бүтээе гэж ард түмний нэрийг барья л даа.

-Ард түмэнтэйгээ ойр байна гэсэн таны амлалт яасан бэ. Уулзах хүсэлт гаргасан боловч чадахгүй байна гэж Дамдинсүрэн гэдэг хүн ярьсан байна.

-Хүмүүсийн амьдрал ямар байгааг би мэднэ. Би өөрөө мундаг дипломатын ч юм уу, төв хорооны гишүүн, намын гишүүн хүний хүүхэд биш шүү дээ. Зүгээр л хонь мал хариулдаг баруун аймгийн малчин айлын, дээрээ 7 ахтай хүүхэд. Нэг гэрт найман эрэгтэй хүүхэдтэйгээ амьдардаг айл. Тэр үед тэр наймыг тохой бүтэн, гэдэс өлсгөлгүй өсгөөд явахад аав, ээжийн үүрэг ямар их байх вэ. Ахынхаа урагдсан формыг хасуулж өмсөөд сургуульд гүйдэг л хүүхэд байлаа шүү дээ, би. Тэр амьдралыг би сайн мэднэ.

Манай нутагт асар их хүчтэй шуурга болдог. Баатар хайрхан, Бумбат хайрхан гэж хоёр уулын дундуур яндангаар үлээж байгаа юм шиг шуурга болдог.

-Дээвэргүй юм байна лээ шүү дээ, танай сумын байшингууд. Би нэг явж байсан…

-Дээвэр байлгүй яах вэ. Дээврийг нь шавардчихдаг юм. Бусад хангай газарт модоор хашаа барьчихсан байдаг. Манай суманд өөрсдөө тоосго цохиод тоосго, шавраар хашаа барьдаг. Дотор нь гэр бариад, гэр нь тогтохгүй болохоор шавар гэрүүд барьчихсан байдаг юм.

Гэтэл малчин айл тийм шавар гэртэй байж болохгүй. Тэгэхэд тэр их шуурганд таван ханатай жижиг гэрээ аваад л гардаг байсан. Шуурга болох гэж байхад 70-80 кг-ын шуудайнд элс чихэж тоононоосоо зүүгээд л, гэрийнээ хаяаг тойруулж тавиад л, гэрийнхээ ханан дээр тавиад л авч гардаг байсан. Аав хэдэн хоньтойгоо хөөцөлдөөд явчихна. Ээж хэдэн хүүхэдтэйгээ үлдэнэ. Хамгийн бага нь би байсан. Миний дурсамжид байдаг юм. Шуурга гэр авч шидчих гээд л. Жижиг гэр байтугай өвс ачаад явж байгаа чиргүүлтэй машиныг аваад хаячихдаг тийм шуурга шүү дээ. Тэгэхэд манай ээж гэрийнхээ дотроос зуураад л, тэнгэр агаартаа залбираад л, хүүхдүүд нь хана, энэ тэрээсээ зуураад л гэрээ аваад л үлддэг байсан.

Одоо энэ Монгол гэдэг гэрээ аваад л үлдье л дээ. Үнэндээ Монголыг монгол хүмүүс л өөд нь татна. Хэдүүлээ ямар ч шуурга болсон, ямар ч аюул болсон энэ гэрээ авч үлдээд л өөд нь татъя.

Өнөөдөр хүмүүсийн амьдрал хэцүү байгаа. Заримдаа хэцүү байгаа юмыг боломж болгож ашиглах хэрэгтэй. Аав ээжүүд үр хүүхэд, залуучууд, охидоо ажилд сургах хэрэгтэй. Үнэхээр нэг талх авах гэж очоод мөнгө нь хүрэхгүй тал талх аваад ирж байгаа жижигхэн охин өнөөдөр амьдралыг мэдэрч байгаа. Өнөөдөр Улаанбаатарын гэр хороолол дотор байгаа, өнөөдөр амьдрал нь хүрч ядаж байгаа тэр айлын хүүхдүүд магадгүй 30-40 жилийн дараа Монголын Их Хурлын гишүүдийн ихэнхийг бүрдүүлээд Монголын төр, засгийг аваад явах байх гэж би боддог. Тэд эрмэлзэлтэй хүмүүс байхгүй юү.

Түүнээс биш өнөөдөр бэлэн мөнгөн дээр, нэг их гоё ганган машин унасан, нэг их гоё ганган фирмийн юм барьсан хүүхдүүд эрмэлзэлгүй өсч байж магадгүй. Өнөөдрийн хэцүү амьдралтай байгаа хүүхдүүд бол амьдралын зовлонгийн үнэ цэнийг мэдэрч байгаа. Сүхбаатарын зурагтай төгрөгний үнэ цэнийг мэдэрч байгаа. Тэдэн дундаас сайн хүүхэд төрөх байх. Ингэж энэ нийгэм цааш явна.

Монгол бол хэцүү орчинтой. Байрлал хэцүү. Бидний сонгож авсан зам хэцүү. Өөрсдийнхөө эрх чөлөөг бодож Хүний эрхэнд жаргаснаас өөрийнхөө эрхээр зовъё гэж сонгож авсан. Хүмүүс өөр өөртөө эзэн болдог энэ замыг л бид сонгож авсан. Энэ маш хэцүү зам. Энэ хэцүү замыг сонгож аваад ардчиллыг амжилттай хөгжүүлж, амжилттай нийгэм байгуулсан ямар улс байна вэ. Энэ бол 10-20-хон жилийн түүх.

Өнөөдөр дэлхий ямар байснаа хэдэн зуун жилийн өмнөх түүхээс мэддэг. Цаашаа ямар болох вэ гэдгээ мэддэг. Ийм их мэдээлэлтэй, ийм үед ийм нийгэм байгуулна гээд бод. Хажууд нь улс төр нь, нөлөөлдөг нөлөөлөл нь байна. Ямар хүнд орчинд бид гарах гэж зүтгэж байна вэ. Хийх ёстой юмыг тухайн цаг үед нь ачаагаа үүрээд хийх л ёстой. Тэр шийдвэрийг тухайн цаг үед нь гаргах л хэрэгтэй.

-Энд нэг сонин асуулт байна. Та өөрийгөө популист гэж боддог уу? Популизм хийж байсан гэж боддог уу? Оюутны мөнгө, нэг сая төгрөг гэх зэрэг асуудлаар иргэн Энхболд асуусан байна.

-Тэдгээр асуудлыг гаргаж байсан тэр үеийн цаг агаарыг л хүмүүс мэдрэх хэрэгтэй байгаа юм. Монголд яагаад оюутанд цалин, тэтгэлэг олгодог болсон бэ гэхээр их, дээд сургуульд манай төрөөс зарцуулж байгаа мөнгө дэндүү бага байдаг. Ерөөсөө 9 хувь байдаг юм шүү дээ. Их, дээд сургуулийн нийт зардлын 9 хувийг л төр гаргадаг. Хувийн сургууль хамгийн өндөр хөгжсөн орнууд байна. Тийм газар 40 хувийг нь гаргаж байна. Европын холбоо бол бүр 80 хувийг нь гаргадаг. Гэтэл манайд есхөн хувь. Төрөөс мөнгө гаргалаа гээд төрийн сургууль юм уу, улсын сургуулийн удирдлага, байшинд нь өгөөд байх хэрэггүй. Хэрэглэгчээр нь, оюутнаар нь дамжуулж өгье. 70 мянган төгрөгөөр эхэлье гэж эхэлсэн юм. Одоо өөдөөс “Наадуул чинь архидаад байгаа. Тэр мөнгө өгдөг буруу” гэж ярьж сууна. Уг нь тэр мөнгийг карт болгож хэрэглээд, карт нь ваучерын шугамаар байгаад, би нэг сургууль дээр сайн багшид очоод хичээл авахад тэр багшийн хичээлийн үнэлгээнд ашигладаг, ном сурах бичгийнхээ үнэд төлдөг, өөр зүйлд, архи дарсанд тэр карт нь ажилладаггүй болгоод, тавьдаг шаардлагаа улам чангаруулаад явах хэрэгтэй.

Оюутнуудтайгаа хамт суугаад аль дээр нь болмоор, аль дээр нь болмооргүй байна, эсвэл дүн харгалздаг бол түүгээрээ явах хэрэгтэй. Хэрэв шалгуур тавьж 70 мянгыг өгдөг байвал танил талгүй, ядарсан зүдэрсэн хүний хүүхэд ширвэгдээд байх вий гэж л нийтээр нь энэ асуудлыг шийдсэн юм. Цаашид сайжруулаад явах дараа дараагийн залгаас нь л хийгдээгүй байхгүй юү.

Нэг сая төгрөгийн хувьд Тавантолгой дээр анх би гаргаж ирж ярьж байсан. Хувьцаа гэж ярьж байсан. Нөгөө талд мөнгө болгоод амлагдсан учраас мөнгө болоод амлагдсан. Өнөөдөр хувьцаагаараа явж байгаа.

Улс төр дотор нэг зовлон байдаг. Өмнөөс нь урьдчилаад энэ болохгүй байна шүү. Энэ асуудлыг шийдэхгүй бол эдийн засаг унах нь байна шүү. Хүмүүсийн амьдрал муудах нь байна шүү. Монгол Улс төлбөрийн чадваргүй болох нь байна шүү.Үүнийг хийе гээд яриад байхад хүлээж авдаггүй. Яг болох ёстой шуурган дундуур, туулах ёстой намган дундуур туулж байж эргэж сургамжаа авдаг. Ихэнх нь тэгж л сургамж авч байгаа. Уг нь урьдчилж хэлээд байж болно. Урьдчилж харах боломжтой. Хорин хэдэн жилийн энэ дундуур явсан бид бол асуудлыг аль замаар нь шийдээд явах вэ гэсэн хуулиа ч мэднэ. Нөхцөл байдлаа ч мэднэ. Яаж шийдэх вэ гэдгээ ч мэднэ.

-Таныг шүүмжлэх хэвлэл цөөрсөн гэж яригдаж байгаа гэсэн нэг асуулт байна. Та өөрийнхөө тухай таагүй мэдээллийг хэзээ хамгийн сүүлд уншсан бэ?

-Яг үнэндээ бол таагүй мэдээлэл гарах тусам, түүнийг унших тусам би баярлаж байдаг. Би нүдүүлээд сурчихсан хүн. Би бол зодуур даадаг хүн шүү дээ. 1989 онд анх цуглаан хөтлөөд гарч ирж байхад л маргааш нь эхлээд дарга дээрээ дуудагдаж байлаа. Яг тийм л амьдрал дундуур би явсан юм байгаа юм. Таагүй мэдээнээс болж би нэг хэвлэл, нэг сэтгүүлчийг цагдаад өгч хойноос нь гомдол тавьж яваагүй. Тийм эрхийг иргэддээ хангаж өгөх хэрэгтэй. Энэ эрхийг улам нээлттэй байлгах хэрэгтэй. Муу юмны мууг ярьдаг байх хэрэгтэй. Тэр хүнд ярих муу юм байхгүй болтол нь ярих хэрэгтэй. Хамгийн муу юмыг нь гаргаж яриулах гээд л хүмүүс зохион байгуулалттай яваад яриулаад ирэхээр инээд хүрмээр юм яриулчихаад л орж ирдэг шүү дээ. Тийм ээ? Тэгэхдээ энэ төр, ард түмний төлөө явж байгаа хүмүүсээ хүмүүс мэддэг л байх хэрэгтэй.

-Та өөрийгөө Монголын Цахиагийн Элбэгдорж гэж овоглосон байсан. Улсаараа та овоглоод байгаа юм уу, таны өвөөгийн нэр юм уу гэж асуусан байна.

-Би хамгийн сүүлд “Сэтгэлгээний хувьсгал” гэж нийтлэл бичсэн. Тэнд Монголын Цахиагийн Элбэгдорж гэж байгаа. Миний нэр Элбэгдорж. Миний аавыг Цахиа гэдэг. Цахиа гэдэг хүний аав нь Монгол гэдэг нэртэй. Миний хөгшин аавын нэр. Манай нутагт хөгшин аав гэдэг. Өөрөө бол өвөө гэж ярьж байна. Намайг цаашдаа хүмүүс Элбэгдорж гэж дуудвал за нэг 30 хувьтай дуудаж байна гэж бодно. Цахиагийн Элбэгдорж гэвэл 70 хувь боллоо. Монголын Цахиагийн Элбэгдорж гэвэл 100 хувь боллоо. Ихэнх газар ихэнх хүн 3 нэр хэрэглээд явж байдаг шүү дээ. Тэгэхээр Монголын Цахиагийн Элбэгдорж. Би хөгшин аавынхаа нэрээр дуудуулъя л даа. Миний хөгшин аавыг Их Монгол гэдэг байсан. Их гэдэг хочтой хүн байсан. Манай нутагт гурван Монгол байсан юм гэнэ лээ. Их Монгол гэдэг нь миний хөгшин аав байгаа юм. Миний хөгшин аавын нэр улсынхаа нэртэй адилхан байгаа нь сайхан байна.

-Хамгийн сүүлийн асуултыг тавья. Та энэ жил хаана шинэлэх вэ. Манай Архангайгаар ирэхгүй юм уу гэсэн асуулт байна.

-Ээж маань өнгөрөөд ноднин жил би цагаан сар хийгээгүй. Ер нь гурван жил хийхгүй гэсэн бодолтой байгаа юм. Энэ жил зүгээр хөдөө явна. Нэг ч гэсэн айлаар оръё гэж бодож байгаа. Нэг сайхан малчин айлаар орно гэж бодож байгаа. Олон урилга бий.

-Баярлалаа. Манай үзэгчдийн урилгыг хүлээн авч цаг харамгүйгээр бидний асуултад хариулсан танд баярлалаа. Нийт 460 гаруй асуулт ирсэн. Үүнийг та цаг заваараа хараарай. Нэлээд олон талын асуудал хөндөгдсөн юм билээ. Баярлалаа.

-Ард түмэндээ их баярлалаа. Цагаан сар болох гэж байна. Цагаан сар гэдэг гайхамшигтай баяр. Ямар ч хэцүү байсан монголчууд цагаан сараа тэмдэглээд л, өвгөд хөгшдөө баярлуулаад, хүүхэд залуусаа баярлуулаад, гэр орноороо сайхан цугладаг. Хөдөө цагаан сараа морио унаж тэмдэглэе. Морьтойгоо очиж золгоё гэдэг болсон. Би монголчууд морио уная гэсэн уриалга гаргаж байсан. Архигүй байх бас нэг уриалга гаргаж байсан. Гэмт хэрэг, болохгүй бүтэхгүй зүйлийн тал илүү хувь нь архинаас болсон байдаг. Хэцүү нэртэй газар сууж байгаа улсуудын тал хувь нь архи ууж согтуурснаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Архинаас хол байлгах арга бол миний хувьд миний очсон газар ширээн дээр архи байж болохгүй гэж хэлдэг. Зарим айл хэлж байгаа. Нэг шил арх гаргаж тавьдаг байсан, сүүлийн үед хүн архи уухаа болиод тал шил болсон гэж байгаа. Айлын ширээн дээр заавал архи байх шаардлагагүй. Гаргаад тавихаар л болохгүй болдог.

Сайхан цайгаа уугаад, идээгээ тавиад, золгоод, бие биедээ үнэхээр бэлэг өгөх бол тийм зүйлээ өгдөг байя. Нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэл сэргэж байгаа. Маш олон үндэсний үйлдвэрлэл бий болж байна. Гаднаас оруулж ирдэг зүйлээ монголчууд хийдэг болж байна. Шинээр эмнэлгүүд бий болж байна. Оюутан залуучууд сайн сайн юм хийж бүтээж байна. Үнэхээр сайхан мэдээ асар их байгаа.

Тодорхой бүлэглэл, янз бүрийн юмнаас болоод л хараар бүх юмыг будаад, нэг юм уу хоёр гурван сэдэв тойруулаад бухимдаад байгаа болохоос биш эргэн тойрноосоо сайхныг харах юм бол сайхан зүйл зөндөө олныг харж болохоор боломж байна. Заавал муу юм бодож, муу энерги хуримтлуулж, түүндээ эргэж унах шаардлагагүй. Хүний бодлоос болдог. Тэгэхээр сайн юмыг харж, сайн юмаа дэмжиж явцгаая. Тэгээд бүгдээрээ аливаа юмыг болж бүтэх талаас нь л бодъё. Болох бүтэх талаас нь хийх гэж оролдъё.

Яг миний үүрэг бол болж бүтэж байгаа тэр юмыг л урагшлуулахын төлөө байдаг. Ингээд цагаан сардаа ард иргэд маань сайхан шинэлж, болохгүй, бүтэхгүй байсан юмнуудаа ардаа, хуучин жилдээ орхиж, хонин жилдээ бүгд сайхан баясалтайгаар, сайн амжилттайгаар бүгдээрээ урагшаа зүтгэе. Амжилт гарна аа.

Монголын ирээдүй өнөөдрөөс маргааш нь сайн байна гэдэгт би итгэдэг. Өнөөдрийн үеэс дараагийн үе нь илүү бүтээлч, илүү сайн асуудал шийддэг хүмүүс ирж яваа гэдэгт итгэдэг. Бидний үе ч асуудлаа тухайн цаг үед нь шийдээд явах ёстой. Ингэхийн төлөө зүтгэх болно. Их баярлалаа.

-За таны сайхан үгээр нэвтрүүлгээ жаргаая.

-За баярлалаа.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж