Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

Бидний эрхэм нөхөр Хошууч генерал Михлайн Борбаатар өвчний улмаас таалал төгсөж нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүнтэй хамт Монгол Улсын Батлан хамгаалах яаманд нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдийнхөө нэрийн өмнөөс талийгчийн хань ижил, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд  нь гүн эмгэнэл илэрхийлье.

М.Борбаатар нь Монголын зөвсэгт хүчинд 45 жил өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж байлдагчаас хошууч генерал хүртэлх урт замыг туулахдаа салбарын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх олон олон ажлыг хийж хэрэгжүүлсэн шилдэг офицер байсан юм. Тухайлбал 2008-2012 онуудад зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж зэвсэг техникийн иж бүрэн шинэчлэл хийх, олон улсын жишигт нийцсэн бүтцийг нэвтрүүлэх, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улсын оролцоог өндөрт гаргах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх, энхийг сахиулагчдын нөхөн сэргээлт, амралт сувиллын цогцолбор байгуулах, цэрэг-иргэний харилцааг хөгжүүлж зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх зэрэг нэн чухал ажлуудад тэрбээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын хувиар манлайлан оролцож манай багийн түшиг тулгуур болж байсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

М.Борбаатар нь зарчимч, чанд хатуу цэргийн даргын зэрэгцээ цагаан цайлган сэтгэлтэй, найз нөхдийн дунд эгэл даруу, урлаг, спортын өндөр мэдрэмж, авъяастай, олон түмнээрээ хүрээлүүлсэн сайн найз, сайхан ах байсныг бид бүгд хүндэтгэн дурсаж байна.  Тэрбээр Монгол Улсын төрийн дээд одон Сүхбаатарын одон хүртсэн баярын цайллагадаа хугацаат цэргийн  цоо шинэхэн арван байлдагчийг урьж хүндэтгэлийн ширээндээ суулгаж байсан, эгэл бор цэргүүдээ бүхнээс эрхэмлэдэг генерал байсан юм. Монголын Үндэсний Телевизийн авъяаслаг уран бүтээлчид туурвиж орон даяар үзэгчдэд хүргэсэн эгэл цэргүүд, цэргийн дарга нарын тухай “Тусгай салаа” олон ангит киноны цэргийн зөвлөхөөр ажилласан нь түүний хувьд өөрийнхөө туулсан амьдралыг эргэн дурссан явдал байлаа. 

“Ганган” Михлайн ганц хүү та газар дэлхийдээ амгалан нойрс доо.
Ум сайн амгалан болтугай.

 

Монгол Улсын Батлан Хамгаалахын Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болд

Батлан хамгаалахын сайдын зөвлөх асан, Монгол улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүсүүд Хонгконк, Макаод суугаа Ерөнхий консул Ц.Ганболд

Батлан хамгаалах яаманд хамтран ажиллаж байсан дотны нөхөд: Ш.Сүхбаатар, А.Батпүрэв, Б.Мөнхжаргал, Х.Батсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Цэен-Ойдов, Н.Эрдэнэ-Очир нараас.

2015.2.18

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж