Түлшний хомсдол зам засварын ажлыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Түлшний хомсдол зам засварын ажлыг зогсоов

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга буюу Монгол Улсын ерөнхий байцаагч Р.Содхүү өнгөрөгч баасан гаригт зам засварын ажилтай танилцлаа.

Улсын ерөнхий байцаагч нийслэл, улсын төсөв, замын сан болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй зам засварын зургаан ажлын явцтай танилцах байсан боловч шатахуун хомсдлоос болж замын компаниуд ажлаа түр зогсоосон дүр зурагтай угтав.

Өнгөрөгч долоо хоногоос энэ байдал эхэлсэн бөгөөд хоногт 1,5 тонн түлш хэрэглэдэг замын компаниудад өдөрт 300 орчим литр түлш ногдох болсон нь ажил хийхэд хүрэлцэхгүй байна гэв. Улсын ерөнхий байцаагч Р.Содхүү “Зам засварын ажил дулааны улиралд хийгддэг. Гэтэл шатахууны хомсдолоос болж ажил хойшилж байгааг холбогдох албаны хүмүүст нь  уламжлан яаралтай шийдэхийг санал болгоно” гэлээ. Шалгалтын зорилго нь зам барьж буй компаниудад өмнөх жилийнх шиг нэг жилийн настай биш, нэлээд олон жилийн настай, чанартай зам хүлээж авах шаардлага тавьж, үүрэг даалгавар өгөх явдал байлаа. 

Япон Улсын буцалтгүй тусламжаар барьж буй Үндсэн хуулийн гудамжийг Энгельсийн гудамжтай холбож буй 262 метр урттай гүүрэн гарц ирэх оны арванхоёрдугаар сард баригдаж дуусах ёстой, гүүрийн ажил 30 хувьтай байна. Гүүрийг холбох замд дулаан, кабель, цэвэр усны шугам саад болж байгаа гэнэ. Эдгээр шугамыг өнгөрсөн онд зам засварын ажилтай уялдуулан  шилжүүлсэн боловч дутуу шилжүүлсэн байсан нь замын ажилд саад болж байгааг “Нарны гүүр” төслийн удирдагч Б.Мандат хэллээ.  МХЕГ-ын дарга ч өмнө нь замын ажилд саад болж байгаа трассуудыг өмнө нь  ажил гүйцэтгэсэн компаниар өөрөөр нь авахуулж, арга хэмжээ авахаа хэлсэн.

Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй Ажилчны гудамжны 3,5 км замын ажлыг дөрөвдүгээр сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд барьж гүйцэтгэх ёстой ч зураг төсөл 2007 оныхоороо, борооны ус зайлуулах шугам далд байх ёстой байсан ч зураг төсөлд ил хэлбэрээр тусгасан тул гүйцэтгэгч компани зураг төслийн дагуу ажиллахаас өөр аргагүй гэлээ. Мөн энэ зам хүнд даацын машин их зорчдог учир өргөтгөх шаардлагатай, үүнд нь мөн л замын трасст, дулааны шугам саад болж байгаа гэнэ.

ТЭЦ-4-ийн өмнөх 6,4 км замын өргөтгөл шинэчлэлт хийж байна. Энэ зам хотоос гарч, орж буй хүнд даацын машин явдаг ганц зам. Өмнө нь зургаан метр зам байсныг найман метр болгож өргөтгөж байна, мөн л дулааны шугам саад болж байгаа учраас үүнээс илүү өргөтгөх боломжгүй гэдгийг албаныхан ярьж байсан. Замын трассыг нийт 13 аж ахуй нэгж чөлөөлөх байснаас дөрөв нь чөлөөлсөн байна.

Сонсголонгоос Гурвалжингийн гүүр хүртлэх зам 4,6 тэрбум төгрөгийн төсөвтэй. Хүнд даацын машин явдаг учраас чанартай, олон жилийн настай зам хийхийг гүйцэтгэгчид анхаарууллаа. Зураг төсөл нь батлагдаагүй байхад гурван замын ажлыг эхлүүлсэн, замын зураг төсөл буруу хийгдсэн, замын трасст орсон аж ахуй нэгж газраа чөлөөлөөгүй байсан зөрчил шалгалтаар илэрч, шатахууны хомсдолоос болж ажил төлөвлөгдсөн хугацаанаас хойшилж байгаад гүйцэтгэгч компаниуд гомдоллолоо. 

Ш.Чимэг


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж