Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 25 дугаар зарлигаар Монгол Улсын шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан дараах нэр бүхий шүүгч, ажилтнуудад Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлага, ажилтан, албан хаагчид оролцсон юм.
Ийнхүү Сар шинийн босгон дээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Янсангийн Бадамсүрэн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа. Алтан гадас одонгоор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Борын Дэнсмаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Бямбаагийн Мөнхтуяа, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Ванчигдоогийн Жавхлан, Сум дундын 22 дугаар шүүхийн шүүгч Бандийн Одонцэцэг нарыг тус тус шагналаа. Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Зундуйн Энхцэцэг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгч Батдоржийн Нармандах, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн архивч Жамъянжамцын Пүрэвням, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны жижүүр Бүдээгийн Энхтайван нар шагнуулсныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд тус тус гардууллаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс