Аливаа улсын хөгжлийг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр нь дүгнэдэг бөгөөд ирэх онд манай улсын нэг хүнд 4.87 сая төгрөг ногдох бололтой. Энэ нь 2010 онд нэг хүнд ногдох ДНБ 2.9 сая төгрөг байсантай харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдэх юм. Мөн ирэх онд гадаад худалдааны тэнцэл 436.2 сая ам.доллараар ашигтай гарах төлөв ажиглагджээ. Нийт экпортын 49 хувийг нүүрс эзлэх төлөв ажиглагдаж байгаа нь ийнхүү төсөөлөхөд хүргэсэн байна. Ам.долларын ханш суларсаар байгаа шалтгаанаар Сангийн яамныхан ирэх жил нэг ам.доллар 1142.7 төгрөгтэй тэнцэнэ гэж үзжээ. ДНБ-д уул уурхайн эзлэх жин огцом өссөнөөр 2012 онд ДНБ-ий хэмжээ 14 их наяд гаруй төгрөг болох юм байна. Өнгөрсөн онд манай улсын ДНБ-ний хэмжээ найман их наяд 255 тэрбум төгрөг байсан, энэ жил 10 их наяд хүрнэ гэж төсөөлж байгаа. Тэгэхээр 2012 онд манай эдийн засаг 40 хувиар тэлэх дүр зураг харагдсан гэсэн үг. Түүнчлэн 2012 оны төсвийн алдагдал 6.7 хувь байх тооцоо ч гарсан аж.
Бүтээн байгуулалтуудаа өрнүүлэхийн тулд манай Засгийн газар төсвөө алдагдалтай баталж, өр тавихаас өөр аргагүй гэж сангийн яамныхан үзжээ. Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн одоогийн байдлаар Төсвийн тогтворжуулалтын санд 40 тэрбум төгрөг хийгээд байгааг дуулгасныхаа дараа “Уул уурхайн бүтээгдэхүүнээс олох ашиг төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн эрдэс түүхий эдийн үнэ огцом унахыг тааварлах аргагүй. Тиймээс төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан” тухайгаа танилцуулав. Уг хуулийн хүрээнд Төсвийн тогтворжуулалтын санг бүрдүүлсэн ба уг санд ирэх онд 202.4 тэрбум төгрөг хадгалахаар болоод байгааг ч дуулгалаа.
Эдийн засаг, санхүүгийн салбарын өнөөгийн байдлыг тус яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр танилцуулж энэ оны эхний улирлын байдлаар, бодит ДНБ-ий хэмжээ 840.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өссөнийг мэдэгдэв. Энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар, нүүрсний үйлдвэрлэл нийт уул уурхай, олборлох аж үйлдвэрлэлийн 56 орчим хувийг эзэлж байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 51.8 хувиар өсч, найман сая тоннд хүрсэн үзүүлэлт юм байна. Харин төмрийн хүдрийн олборлолт өмнөх үеийнхээс 5.3 дахин нэмэгджээ. Эдийн засаг тэлж, эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 69.2 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Гадаадын хөрөнгө оруулалт оны эхний улирлын байдлаар 624.8 сая ам.долларт хүрч, нэмэгдэж байгаатай холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш дөрөвдүгээр сард 1219,9 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.8 хувиар чангарсан байна. Арилжааны банкуудын нийт активын хэмжээ оны эхний улирлын байдлаар 6.7 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 6.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс нийт зээлийн хэмжээ харьцангуй хурдтай буюу 14.3 хувиар өссөн байна. Арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн зээл өнгөрсөн оны эцэст 90 тэрбум төгрөг байснаа энэ оны эхний улирлын байдлаар 81 тэрбум төгрөг болж буурчээ. Гэвч чанаргүй зээл болон хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлийн багцад эзлэх дүн 13 хувь буюу харьцангуй өндөр хэвээр байгааг Сангийн яамныхан анхаарал хандуулах асуудлын нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.
Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин