Шатахуунгүй зогсов уу, санаачлагагүйнх үү?

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Шатахуунгүй зогсов уу, санаачлагагүйнх үү?

Урт удаан настай Шадивлангаас Дарь эх хүртэлх 12.7 км замын ажил ахиад л гацаанд оржээ. Өнгөрсөн оны намар хугацаа хожимдож эхэлсэн зам засварын ажил энэ удаад түлш шатахууны хомсдлоос шалтгаалан зогсоход хүрээд байна. Замын ажлыг зам засварын аварга техникүүдийн хувьд түлш шатахуун бол үндсэндээ хоол тэжээл л гэсэн үг. Хоол хүнсгүй тэд зогсохоос өөр яалтай ч билээ. Харин замын ажил зогссон нь ажилчдын хувьд сохорсон биш завшив гэгч болж. Тэд Дамбадаржаа дахь Дондогдуламын рашааны ойролцоох уулыг эксковатороор нурааж, гарсан шороо, чулууг өөр бусдад худалдаалах маягаар хөөрхөн “халтуур” хийж байна.

Замын ажил эхэлсэнтэй холбоотойгоор замын бөглөрөл, түүнээс үүдсэн бухимдал хаа сайгүй тэнүүчилнэ. Замын ажлыг автомашины хөдөлгөөний идэвхжил буурсан шөнийн цагаар хийж яагаад болохгүй гэж гэсэн шийдлүүд холбогдох салбарын удирдлагуудын төвшинд яригдаж. Компаниуд ч шөнийн цагаар дийлэнх ажлаа ажлуулж байна гэсэн хариултаар ам таглаж байгаа. Начир дээр үнэхээр шөнийн цагаар ажиллаж байгаа эсэхийг сонирхохоор Шадивлан-Дарь эх, Шар хадны зам засвар хийгдэж буй газруудаар 02:00-04:00 цагийн үед очиж үзлээ. 

Сансрын ШТС-ын уулзвараар хойш эргэж Дарь эх, Шадивлан тийш зүглэв. Энэ зам хоёрхон машин зөрж өнгөрөх хэмжээний нарийн, эвдрэл ихтэй гээд тоочих зовлон их. Замыг өргөсгөх ажлыг “НВО” компани гүйцэтгэж буй. Дарь эхийн эцсийн буудал хавьд хүнд даацын автомашин зөрж өнгөрлөө. Удалгүй ахиад мөн тийм машин. Замын туршид зам засвар хийж буй гэх техник огт алга. Дамбадаржаа дахь Дондогдуламын рашаан хэмээн нэрийддэг газрын ойролцоох замын зүүн талд машин техникийн чимээ нүргэлнэ. Өнөөх замынхны ажил энд л өрнөж байгаа юм байна гэсэн горьдлогоор бушуухан бууж очлоо. Гэтэл 30 гаруй насны залуу өөдөөс тосч ирснээ асуухын завдалгүй “Хайрга чулуу авах нь уу, хямдхан хүргэж өгнө шүү” гэх юм. Бидэнтэй зөрсөн автомашинууд нь эндээс шороо чулуу зөөж байсан бололтой. 10 тонн нь 120 мянган төгрөг байдаг гэнэ. Хотын төвөөр өдрийн цагаар хүнд даацын автомашин явуулдаггүй учир шөнийн цагаар албан байгууллагуудын барилгын ажлын голыг эд амжуулдаг гэнэ. Замын ажил хаана хийгдэж байгаа талаар тодруулахад “Манайх түлшгүй болоод ажил зогссон, харин би хувиараа энд халтуур хийж байна” гэснээр би хоёрын дундах яриа өндөрлөв. Энэ замын ажил хийж буй ажилчдын дийлэнх нь хятадууд бөгөөд Шадивлан явах замд байрладаг гэж нөгөө залуугаас сонссон тул тийш зүглэв. Дарь эх, Шадивлан хүртэлх 12.7 км замд шөнийн цагаар уул нураагчдаас өөр хэнтэй ч таарсангүй. Ажил зогсоход түлшний хязгаарлалт нөлөөлсөн л биз. Гэхдээ уулыг нурааж халтуур хийгчид литр түлшийг 2400 төгрөгөөр ч атугай авч байгаа нь замынхны хувьд өөрсдөө арга саам хайхгүй байна уу даа гэж бодмоор.

Дарь эхээс Шархадыг чиглэлээ. Шархадны чиглэлд зам засварын ажил эхэлж буй “Газарчин” дээд сургууль руу өгсдөг уулзварыг хаасан харагдана. 04.00 цаг. Үүр хаяарах дөхөж байхад хаасан уулзвараас цааш 20-иод метр яваад машин техникүүдээ шалгаж буй бололтой дөрөв, таван хүн сүүтгэнэхтэй таарав. Ойртон очвол хаанаас хэн гараад ирэв гэх аядснаа учир байдлаа хэлбэл, “Бидний зарим нь шөнийн ээлжнээсээ буугаад унтаж байгаа. Харин бид өглөөнийхөө ажилд гарах гэж байна” гэв. Тэдний хувьд бусдын адил шатахууны хомсдол ажилд багагүй чөдөр тушаа болж байгаа ч гэсэн компанийн дарга яаж ийгээд ажил таг зогсохоос өмнө шатахууны амь тариаг цаг тухайд нь хийж байгаа талаар хуучилсан юм. Эрдэнэтолгойгоос энэ уулзвар хүртэлх замыг сарын хугацаанд заслаа, гол ажлаа нугалсан болохоор дараагийн ажил юухан байхав гэцгээнэ. “Газарчин” дээд сургуулийн уулзвараас “Цайз” зах хүртэлх замыг ирэх сардаа багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэсээр техникүүдээ асааж, ажилдаа гарцгаав. Энэ замыг “Ялгуусан” ХХК шинэ технологиор хийж гүйцэтгэж байгаа аж. Хуучин замын хучилтыг хуулж, дахин цементэн хучилт хийж, дээрээс нь өнгөлдөг. Нийслэлд ганцхан тус компани л энэ технологиор зам тавьж байгаа бөгөөд уг технологи чанартай гэдэг нь батлагдвал цаашид бусад компанид энэ технологийг нэвтрүүлнэ гэдгээ хотын дарга замын ажилтай танилцах үеэрээ хэлсэн. Энэ үг хийсэн ажлаараа бахархах, түүндээ урамших том шалтгаан болсон нь тэдний хэлж буй үгнээс илт байв. Биднийг буцах үест үүр хаяарч эхэллээ. Замынхан өглөөнийхөө ажлыг эхэлж, харин хот дуг нойрон дундаа…

Хотын хоёр талд хийж буй зам засварын ажлын явц энэ шөнийн хувьд харилцан адилгүй байна. “НВО” ХХК нь өнгөрсөн намар замын хажуу талаар өргөсгөх ажлыг эхлүүлж байна гээд баахан газар ухаж, төнхсөн байсныг эргэн санав. Намар ухаж, төнхөөд таглалгүй орхисон суваг шуудуу руу орсон жолооч нар машин техникээ бишгүй л эвдсэн. Дараа нь эргүүлээд л булж орхисон. Энэ хавар эргүүлээд л замын дагуу ухаж байна. Нэг нь боломжуудыг хайн арга сүвэгчилж байхад нөгөөх нь ахин нэг шалтгаан тоочин ажлаа зогсоогоод байгаа нь хэн нэгний ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй байгаагийн том илрэл. Нөгөө талаар өчигдөр Баянзүрх дүүрэг дэх Магнай трейд”-ийн ШТС ямар ч талон, картгүйгээр түлш олгож байсныг бас санав. Энэ мэт боломжуудыг ашиглах бус, бусдын ам харж суудаг хөшүүн зангаас манайхан салах цаг болсон байлтай. Хотын удирдлагууд ч энэ байдалд хяналт тавьж, хариуцлагагүй замын компаниудыг эрхлүүлэх хэрэггүй бус уу. Энэ байдлаараа лав ирэх наймдугаар сард Дарь эхийн замыг ашиглалтад оруулна гэдэг юу л бол.

Д.ДОЛГОР


Зохиогчийн эрх:
"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж