Путин Украины армийг буулт хийхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Путин Украины армийг буулт хийхийг шаарджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины армийг түрүүлж буулт хийхийг шаарджээ. Владимир Путин Донецкийн Дебальцево хотод бүслэгдсэн Украины армийн цэргүүдийг бууж өгөхийг шаардсан байна. Мөн Дебальцево хотыг бүсэлсэн Оросыг дэмжигч босогчид хандан Украины цэргүүдийг аюулгүй Киев рүү буцаах хэрэгтэй гэж мэдэгджээ.

 

Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээний нөхцлийн дагуу мягмар /II.16/ сөргөлдөгч талууд хүнд зэвсэг, техникээ тулааны бүсээс татах байсан ч Дебальцево хотод тулаан үргэлжилсээр байна. “Минск 2” гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлсэн хоёр дахь өдрөөс талууд хүнд зэвсэг, техникээ тулааны бүсээс  татаж, 50-140 км өргөн зэвсэггүй бүс тогтоох ёстой байв. Гэвч Украины Засгийн газрын зүгээс бүслэлтэнд орсон Дебальцево хотод тулаан зогсохоос нааш зүүн хязгаараас хүнд зэвсэг, техникээ эргүүлэн татахгүй гэж мэдэгдсэн юм. Харин Оросыг дэмжигчид эхлээд Украины арми хүнд зэвсэг, техникээ татах ёстой хэмээжээ. Дебальцево хотод Киевийн Засгийн газрын армийн 8000 цэрэг салан тусгаарлагчдын бүслэлтэнд байгаа аж. Оросыг дэмжигч салан тусгаарлагчид тусгайлан Дебальцево хотод гал зогсоох гэрээ үйлчлэхгүй хэмээн зөржээ. Олон улсын ажигчлагчид салан тусгаарлагчдын бүслэлтэнд буй Дебальцево хот руу нэвтрэхийг оролдож байгаа юм. Үүний зэрэгцээ Дебальцево хотын бүслэлтээс Украины 300 цэрэг бууж өгсөн ба салан тусгаарлагчид 72 цэргийг олзолсон тухай “Russian TV” мэдээлжээ.

 

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины арми болон зүүн хязгаарын салан тусгаарлагчдад хандан зөрчил, сөргөлдөөнөө зогсоохыг шаардаж байна. Аюулгүйн зөвлөл өчигдөр орой /II.17/ бүх талууд өнгөрсөн долоо хоногт Беларусын Минск хотод байгуулсан гал зогсоох гэрээг сахин биелүүлэхийг шаардсан тогтоолыг баталжээ. “Нормандын дөрвөл” өнгөрсөн пүрэв гаригт / II.12/ Беларусын Минск хотод уулзан Украинд гал зогсоох хэлэлцээрийг байгуулсан юм. Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Киевийн ерөнхийлөгч Пётр Порошенко нар Беларуст уулзан, Украины зүүн хязгаарт гал зогсоох хэлэлцээрийг дахин байгуулсан юм. Өмнө нь өнгөрсөн есдүгээр сард Украины зүүн хязгаарт гал зогсоох гэрээг байгуулж байсан ч хэрэгжээгүй билээ.

 

Эх сурвалж:ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж