Хакүхогийн дотоод хүч

Хуучирсан мэдээ: 2015.02.18-нд нийтлэгдсэн

Хакүхогийн дотоод хүч

Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Даваажаргал эцгийн алдар сууд хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өчигдөр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Энэ нь аав, хүү Хөдөлмөрийн баатар цолтон төрсөн анхны тохиолдол юм.

Энэ өдөр “ХАКҮХОГИЙН ментал буюу ДОТООД ХҮЧ” хэмээх номын нээлт боллоо.

Энэхүү номын эхний үг буюу мэндчилгээнд Хакүхо М.Даваажаргал хэлэхдээ “Хайрт аав ээж, ах эгч дүү нар болон Монгол ахан дүүсийнхээ ач буянаар хүний зэрэгт хүрч өсч хүмүүжин, Япон улсын үндэсний их соёл сүмогоор барилдан өчүүхэн амжилт гаргаж, та бүхнийхээ тус дэмийн хүчинд болон өөрийн боломжийн хэрээр эх орон, ард түмнийхээ нэрийг өндөрт өргөж яваадаа үргэлж баярлаж явдгаа илэрхийлье. Оозүмо буюу Их сүмо гэж нэрлэгддэг мэргэжлийн сүмогийн ертөнцөд зүтгэсэн 15 жил надтай хамт байж, намайг удирдан дасгалжуулсан Найто Кэнши багш маань олон жилийн ажлынхаа үр дүнд тулгуурлан та бүхэнд өргөн барьж буй номыг бичиж, 2013 оны арванхоёрдугаар сард Японд хэвлүүлсэн юм. Сүмогийн ертөнцөд унан босон, алдаа амжилтаасаа суралцан зүтгэсээр мэргэжлийн сүмогийн хэд хэдэн рекордыг тогтоогоод байгаа маань бага наснаас минь Монгол үндэсний их соёл болсон Монгол бөхөд сургасан хайрт аав болон Японы сүмогийн багш дасгалжуулагч нарын минь ач билээ. Бөх хүн зөвхөн хүчээр барилддаг биш, өөрийн сул болон хүчтэй талыг тэнцвэржүүлэн, өдөр бүр тулгаран ирэх стрессийг даван туулж, өөрт заяасан дотоод хүч буюу ментал ухааныг жолоодон, нийгэм нийтийн дунд биеэ зөв авч явж, хүн зонтой эвтэй найртай харилцаж байж амжилтанд хүрдгийг би мэргэжлийн сүмод зодоглосон 15 жилийн хугацаанд сайн ойлгосон юм. Энэ бүхнийг надад зааж сурган, сэтгэл зүй, дотоод, гадаад хүчийг минь тохируулан удирдан залж ирсэн дасгалжуулагч Найто Кэнши багшийнхаа номыг монголчууддаа өргөн барьж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэн энэ номоос тамирчны сэтгэл зүйн талаар, өөрийгөө зөв удирдаж чадвал ямар ч хүн спортын болон бусад салбарт өндөр амжилт гаргаж болохыг уншиж ойлгох байхаа. Номыг монголоор орчуулан гаргах зөвшөөрлийг олгосон Найтто Кэнши багш, номыг монголоор орчуулсан япон судлаач Д.Төмөрбаатар ах, номыг эрхлэн хэвлүүлсэн “Хакүхо сан”-гийн хамт олон, “Соёмбо принтинг” компанийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу” гэсэн байна.  

“Хакүхогийн ментал буюу дотоод хүч” хэмээх номын нээлтийн үеэр Хакүхо М.Даваажаргалын сэтгэгдлийг сонслоо.

-Өнөөдөр(өчигдөр) таны хувьд их чухал өдөр тохиож байна. Мөн энэ сайхан өдөр номынхоо нээлтийг хийлээ.

-Тиймээ Монгол улсын Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цолыг Ерөнхийлөгчөөсөө гардан авлаа. Энэ сайхан өдөр олон жилийн хөдөлмөрийг үнэлж, ийм том шагналд хүрсэнд баярлаж сууна. Мөн энэ өдөр аав, ээж минь надаас илүү баярлаж сууна. Тэднийхээ хайр энэрэлийг хүү нь алдалгүй өөрийн чадлын хэрээр амжилтын төлөө зүтгэж явна. Энэ сайхан баярт өдөртэй давхцан номын маань нээлт боллоо. Анх сүмод орж ирсэн тэр цагаас эхлэн их аварга болсон тэр олон жилийн амжилтыг минь багтаасан түүхийг минь Найтто Кэнши багш маань бичлээ. Багш маань 2000 оноос өнөөдрийг хүртэл надтай ажиллаж, ирсэн туршлагадаа тулгуурлан бичсэн бөгөөд мэргэжлийн сүмогийн хүндрэлүүд, баяр жаргалыг бүгдийг бичсэн. Найто багш бол өөрөө чөлөөт бөхөөр барилдаж байсан тамирчин хүн бөгөөд миний сэтгэл зүйн бэлтгэлийн багш, зөвлөгч багш юм.

-Энэхүү ном зөвхөн бөх хүний амьдралын түүх биш харин мэргэжлийн тамирчин хүн бүрт байх тэр боломжийг гаргажээ.

-Tамирчин хүний бэлтгэл сургалт, биеийн болон сэтгэлийн бэлтгэл, сүмогийн холбоо, дэвжээ, бөхчүүдийн хоорондын харилцаа, бөхчүүд болон жирийн иргэдийн харилцаа зэргийг хөндөн бичсэн. 2016 оны олимпийн их наадам хаяанд ирлээ. Мөн 2020 оны олимпийн их наадам Токио хотноо болно. Олон олон салбарын хүмүүст хэрэг болох ном болсон гэж үздэг. Тэр дундаа тамирчид, залуучуудад их хэрэгтэй гэж үзсэн. Мэдээж багш нар нь ч бас энэ номноос ихээхэн зүйлийг авна гэдэгт итгэж байна. Тэр дундаа сэтгэлзүйн ментал маш хэцүү байдаг. Аварга хүний хувьд хэлэхэд найман жилийн хугацаанд барилдаж байхад сэтгэл зүйн төвлөрөлийг маш сайн бэлдэж чухал байгааг мэдэрсэн. Ялагдвал зодог тайлах хэмжээнд очино гэсэн үг. Сэтгэл зүйгээ маш сайн зөв авч чадаж байвал тэр хүн амжилт гаргаж чадна. Ийм санааг энэхүү номонд тусгасан юм. Ялангуяа тамирчин хүн өөрийн сул болон хүчтэй талыг яаж тэнцвэржүүлэх, цаг үргэлж л гарч ирэх стрессийг яаж даван туулах гэх зэргийг тодорхой туршлага, жишээн дээр тайлбарлан үзүүлсэн. Тиймээс энэхүү номоо Монгол хэл рүү орчуулж хэвлүүлэх саналыг орчуулагч Д.Төмөрбаатар ахад хандсан. Тэгээд номын зохиогч, дасгалжуулагч багш Найто Кэншигийн зөвшөөрлөөр уншигчдадаа өргөн барьж байна.

-Энэхүү номонд таны багш олон сайхан дурсамжийг багтаасан гэж байсан. Та нэгийг дурдаач.

-Номын хувьд сүмогийн нарийн ширийнийг бичсэн бөгөөд сонирхолтой мэдээллүүд их бий. Анх багштай уулзаж байхад миний хэлж байсан “Аавынхаа амжилтыг эвдэнэ” гэж хэлснийг маань хүртэл оруулсан байна. Ном бол сайхан бэлэг. Морин жилийн төгсгөлд Хонь жилийн эхэнд Монголын ард түмэндээ энэхүү сайхан номыг бэлэг барьж байгаадаа баяртай байна. Үнэхээр сайхан билэгшээсэн сайхан үйл тохиож байна.

-Сар шинийн барилдааны тухай таны сэтгэгдлийг сонсоё? Та хэнийг дэмжиж байна вэ?

-Миний хувьд хэдэн жилийн өмнө битүүний барилдааныг үзээгүй их удсан байна. Хэдэн жилийн өмнө үзэж байхад Ганбат арслан түрүүлж, Г.Өсөхбаяр аварга үзүүрлэж байсан. Энэ жилийн бөхийн хувьд дотно сайхан нөхөрлөж байгаа арслан X.Мөнхбаатар, заан Ч.Санжаадамба мөн Төв аймгийн бөхчүүд болох Б.Батмөнх, Ө.Даваабаатар, Батчулуун гээд олон сайхан бөхчүүдийг дэмжиж байна. Дархан аварга Г.Өсөхбаяр аварга зодоглоно гэж дуулдсан. Сайхан барилдаасай гэж хүсэж байна. Ер нь өөрөө аварга хүний хувьд аварга, арслангууд маань цагаан сарын барилдаанд өнгөтэй байгаасай гэж хүсэж байна. Бөхийн барилдааныг дуустал үзнэ гэж бодож байна. Мөн энэ дашрамд хэлэхэд монголчууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

 


Энэ үеэр “Хакүгийн метал буюу дотоод хүч” номыг Япон хэлнээс орчуулсан, япон судлаач Д.Төмөрбаатарын сэтгэгдлийг сонслоо.

-Номыг орчуулж байхад ямар бэрхшээл байсан бэ? Сүмогийн нарийн жаяг, хэллэг их чухал байдаг байх?

-Найто Кэнши багш энэхүү номыг их сайхан бичсэн. Ном Японд 2013 оны арванхоёрдугаар сард худалдаанд гарсан юм билээ. Тэгээд уг номыг Монгол хэл рүү орчуулах саналыг Хакүхо надад санал тавьсан. Тэгээд зохиогчтой уулзаж, зөвшөөрөл авч өнгөрсөн оны дундуур орчуулах ажилдаа орсон. Номыг орчуулахад эхлүүд хэцүү санагдсан. Учир нь номын зохиогчийн хувьд бейсбол, гольф ч юмуу монголчуудын мэддэггүй спорттой дөхөм бичсэн байдаг. Япон улсад бейсболын спорт өндөр түвшинд хөгжсөн. Тиймээс энэхүү спорттой зүйрлүүлж тайлбарласан байдаг. Мэргэжлийн үг хэллэг маш их байсан. Жирийн уншигч нар уншихад тийм амар биш юм билээ.

-Манай тамирчдын хувьд сэтгэл зүй дутмаг байгаа харагддаг. Гэтэл энэ номонд илүү шинжлэх ухаан талаас тайлбарлажээ.

-Тийм ээ. Энэ номонд бол их олон санаа байдаг. Хүн болгонд давуу талууд байдаг. Тамирчны сэтгэл зүй их чухлыг өгүүлсэн байдаг. Тамирчны сэтгэл зүй сул талтайгаа яаж ажиллах уу? Давуу талтай гээд байдаг. Гэтэл тэр давуу талыг зөв ашиглаагүйгээс хүнд эргээд саад болдог гэх мэт тамирчин хүний эргээд бодох их олон өгүүлэмжийг өгүүлсэн байдаг. Зөвхөн бөх хүн болон мэргэжлийн тамирчин биш энгийн хүнд хүртэл хэрэгтэй зөвлөмж бий. Хүн өөрийнхөө давуу талыг гаргаж болдог. Гагцхүү тэрийг өөрөө өөрийгөө мэдэж байж нийгэмтэйгээ харьцаж байж гаргадаг гээд их сайхан санаа бий. Тэр утгаараа сая их аварга Хакүхо М.Даваажаргал хэллээ. Энэхүү ном хүн бүрт хэрэгтэй юм шүү гэдгийг. Энэ талаас нь манай уншигчид ойлгож уншаасай гэж орчуулагчийн зүгээс бодож байна.

-Японд хүнд зориулагдан бичсэн номыг монгол хөрсөн дээр буулгахад хэр байсан бэ?

-Яг үнэнийг хэлэхэд япон, монгол хүмүүс бол их өөр. Орчуулгын хувьд их адармаатай зүйл их байсан. Энэ ном яг япон хүнд зориулагдсан ном байсан. Жишээ нь монгол хүнд зориулсан ном гэхэд монгол гэр, цагаан идээ гээд бидэнд маш ойр байна. Мөн хөдөө талтай зүйрлэхэд бидэнд бол их амархан санагдана. Гэтэл япон хүнд болохоор өөрсдийнх нь хамгийн дуртай зүйлтэйгээ холбодог юм билээ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн бейсболтойгоо зүйрлэгдсэн. Бейсбол бол Японд хамгийн дээд зэргийн спорт гэдэг. Тэгэхээр япончууд бейсболтойгоо зүйрлэхэд амархан ойлгодог. Тиймээс яах аргаггүй энд хоёр орны ёс заншил, түүх харагдаж байна. Тиймээс орчуулж байгаа надад хүртэл ойлгохгүй адармаатай зүйл гарч байсан болохоор монгол хөрсөн дээр буулгахад бол их амархан байгаагүй. Мөн шинжлэх ухааны талруугаа бичигдсэн. Гэхдээ үүнд их сонирхолтой зүйл маш их байгаа.

-“ХАКҮГИЙН ментал буюу ДОТООД ХҮЧ” гэж номын нэр өөрөө их утгыг харуулж байх шиг байна.

-Ментал гэдэг бол сэтгэл санаа, сэтгэлийн тэнхээ, биеэ барих ухаан. Энэ их стрессттэй байгаа нийгэмд дотоод хүчээ яаж барьж төвлөрөлийг олох вэ гэдэг аргачлал юм. Тиймээс энэ ментал гэдэг маань дотоод хүч юм. Хүн биеийн хүчээр дийлэх, ялах биш дотоод хүчээ дайчилж амжилтад хүрэх хэрэгтэйг илүү тайлбарласан. Тийм учраас Мияагино дэвжээнийхэн эхлээд Найто багшийг урьсан байгаа юм. Яагаад урьсан гэхээр тэд багшид хэлэхдээ “та манайхаас нэг аварга бөх төрүүлээд өгөөч” гэж гуйсан байсан. Гэхдээ стресс болон менежмент талд нь илүү ажиллах санал тавьсан юм билээ. Эндээс нэг зүйл ажиглагдсан. Японы энгийн нэгэн компанийн ажилтан хүртэл стресст нэрвэгддэг энэ нь ажил хийхэд нь нөлөөлдөг юм байна. Тэгээд тэд бясалгагч, сэтгэл зүйч хөлсөлдөг юм билээ. Тэгж Найто багш энэ дэвжээн дээр ирсэн юм билээ. Гэтэл ирсэн өдрөө их сонин зүйл болсон гэсэн.

-Яасан гэж?

-Энэ хүн өөрөө бясалгагч, дасгалжуулагч хүн. Хакүхо тухайн үед сүмоч очоод жил гаруйн хугацаа болсон буюу 17 настай байсан үе. Жаахан биетэй, дээр нь дуу цөөнтэй түүнтэй багш төдийлөн ойр байдаггүй байсан гэсэн. Тэгээд Найто багш нь Мөнхбат аваргын талаар сонссон юм билээ. Олимпийн мөнгөн медаль хүртсэн мөн үндэсний бөхөөр маш сайн барилддаг хүний хүүхэд гэдгийг мэдэж авсан байсан. Тэгээд Хакүхогоос асуусан гэсэн. Тэгсэн Хакүхо “Би Монголоос ирсэн. Сүмоч болно. Би аавынхаа амжилтыг эвдэнэ.” гэж хэлж. Мэдээж Мөнхбат аварга олимпийн мөнгөн медальтай болохоор Хакүхогийн хувьд бол сүмогийн Их аварга болно гэсэн мөрөөдөл байж. Тэгсэн тэр багш гайхсан гэсэн. Энэ жаахан хүүхэд ч овоо юм ярьж байна даа гэж тухайн үед бодогдсон юм билээ. Гэтэл тэр хүсэл нь биелэсэн байгаа юм. Тэгэхээр хүний хүсэл биелэдэг юм байна гэдгийг Найто багш Хакүхогийн 15 жилийн туршлага дээрээс харж энэхүү номыг бичсэн юм билээ. Энд бол амжилт, уналт гээд маш их зүйл бий. 

Үнэхээр сайхан ном санагдлаа. Бас биеийн хүчээр биш ухааны хүчээр ялах гэдэг үг санагдаж байна. 

-Энэ ном бол их сайхан бичигдсэн ном. Мөн Найтто Кэнши багшийг олон жилийн нөр их хөдөлмөрийн харуулсан маш сайн өгүүлэмж, хүчийг өгөх сайхан энергитэй ном. Хакүхотой холбоотой анх барилдаж байсан үеээс эхлээд олон жилийн судалгаа, түүхийг харуулснаараа их онцгой. Хамгийн сүүлд Хакүхо, багш хоёрын тусгай ярилцлага гарсан байдаг. Тэдний яриаг уншихад бол их сайхан санагдана. Надад нэг онцгойлж хэлмээр нэг зүйл байна. Номонд бид хоёрын ажил хэзээ дуусах вэ гэвэл  Хакүхо гэж багш дараагийнхаа ёкозүнаг төрүүлсний дараа дууснаа төгсгөсөн байсан. Тиймээс энэ их учиртай үг бас их юм бодогдуулж байгаа биз.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж